Ч.ОЛДОХ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Тариалан эрхлэлтийн асуудал өнөөдрийн  сэдэв болж өргөн хүрээнд ярьж байна. Тиймээс ургац  хураалтын явцын мэдээлэл ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

-Өнгөрсөн жилтэй  харьцуулахад улаан буудайн ургац сайн байгаа. Улсын хэмжээнд нийт талбайн 290 орчим мянган га-д үр тариа тарьсан. Үүнээс 276 мянган га-д нь улаан буудай тариалсан. Улаан буудай тариалсан талбайн 80 орчим хувь нь аарцан болцынхоо төгсгөл шатанд явж байна. Одоо долоо хоночих юм бол үр тарианы 80 хувь нь хяруунд цохиулах аюулаас аврагдах боломжтой гэсэн явцын мэдээлэл ирж байгаа.

-Үр тарианы болц хожимдсон, хүндрэл учрах вий гэсэн  болгоомжлол төрүүлж буй ямар  газрууд байгаа вэ?

-Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг, Хөвсгөл аймгийн Тариалан сум, мөн Хэнтий аймгийн зарим нутагт  үр тарианы болц төдийлөн сайн болоогүй байна. Сүүн болцоосоо аарцан болцод шилжих үе шатандаа байгаа гэсэн мэдээллийг  яамны холбогдох газар, хэлтсүүдэд ирүүлсэн. Эдгээр нутагт огцом хүйтрэх юм бол үр тариа хяруунд цохиулах магадлалтай юм. Гэхдээ одоо 5-6 хоног бороо оролгүй нар гарах юм бол үр тариа бүрэн болчихно.

-Ургац хураалтын үед цаг агаарын төлөв байдал анхаарлын төвд байдаг. Урьдчилсан мэдээгээр ямархуу чиг хандлагатай байгаа бол?

-Булган аймгийн Хутаг-Өндөр,Тэшиг, Хөвсгөлийн Тариалан орчим хил залгаа бүс нутаг. Тэнд нэлээд хэмжээний тариалалт хийдэг. Нийтдээ тэндээс 20-иод мянган тонн улаан буудай хурааж авах хэмжээнд газар тариалангийн компаниуд ажиллаж байгаа. Харин үр тарианы болц жаахан удааширсан тал бий. Хоёр өдрийн өмнө болсон Ургацын комиссын хурлаар цаг  агаарын төлөв байдал ямар байхыг холбогдох хүмүүсээс мэдээлсэн. Урьдчилсан төлөв байдлаар цаг агаар гайгүй байна гэж цаг уурын мэргэжилтэн танилцуулсан. Одоо арав хоночиход тэр хавийн будаа ямар байх нь мэдэгдэнэ.

-Ургац хураалтын ажил техникийн бэлэн байдлыг ихээхэн шаарддаг. Энэ шаардлагыг хангаж чадсан уу?

-Комбайн болон  бусад техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан. Тариаланчид маань Сэлэнгийн зарим нутагт маргааш /өнөөдөр/-аас эхлэн ажлаа эхлүүлэх  гэж байна.

-Тариа хураалтын хамгийн эхний хэсэг буюу  анхны дээж нь ойролцоогоор хэдийд үтрэмд ирнэ гэж тооцоолсон бэ?

-Ирэх сарын 5-6 гэхэд  анхны тариа үтрэмд ирнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө бий.

-Хэчнээн тонн  үр тариа хурааж авна гэсэн тооцоо судалгааг гаргасан байх. Ямар хуваарь хийх  бол?

-Энэ жил үтрэмд 404 мянган тонн үр тариа хурааж авна гэсэн  урьдчилсан баланс гарсан. Үүнээс 44 тонныг ирэх жилийн үрэнд үлдээж, тэжээлд тодорхой хэмжээний улаан буудай, гологдлыг шилжүүлдэг. Спиртийн үйлдвэрүүд  бага зэрэг  будаа авах байх. Нийтдээ 318 мянга орчим тонн хүнсний улаан буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх тооцоо гарсан.

-Одоогийн байдлаар Тариалан  эрхлэлтийг дэмжих сан ямар үлдэгдэлтэй байгаа вэ?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан  10 орчим тоннын нөөцтэй. Нийтдээ 328 мянган орчим тонн будааг балансаар хүлээж  авах төлөвтэй байна. Үүнийг 70 хувийн гарцтай гэж тооцвол 242 тонн гурил үйлдвэрлэх бололцоотой. Энэ нь дараагийн ургац болтол  Монгол Улсын жилийн хэрэгцээг бүрэн хангачихна  гэж бид үзэж байгаа.

-Өмнөх жилүүдэд ургац хадгалах агуулах, сав хүрэлцэхгүй гэсэн гомдол, шүүмжлэл цөөнгүй сонсогдсон. “Саалиа хураахаар саваа бэлд”  гэгчээр энэ асуудалд хэр анхаарав?

-Тариалан эрхлэлтийг дэмжих санд өмнөх жилийн  будаанууд  хадгалагддаг байсан. Бид өнгөрсөн онд бүх будаагаа боруулах үйл ажиллагаа явуулсан. Одоо Тариалан эрхлэлтийг дэмжих санд өмнө байсан 110 мянган тоннын будааны савны 100 мянга нь хоосон байгаа. Бид будаа  хүлээж авахад бэлэн  байна. Мөн энэ жил  бид Төв аймгийн Угтаал суманд 36 мянган тоннын шинэ элваторыг ашиглалтыг оруулж байгаа. Зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд 136 мянган тоннын сав сул байгаа. “Алтан тариа” компанийн 130 орчим мянган тоннын сав  сул байгаа гэж  тооцож болно. Бусад гурилын үйлдвэрүүдийн  савнууд ч сул байгаа. Тэгэхээр энэ жил будааны хадгалалтад асуудал үүсэхгүй. 300-гаад тонн будаа хадгалах сав хоосон хүлээж байна.

-Энэ жил төмс, хүнсний ногооны тариалалт ямар байгаа вэ?

-Хавар 15 мянган га-д төмс  тарьсан. Өнгөрсөн жилийнхтэй ойролцоо ургац авна. Ер нь энэ жил хүнсний ногооны ургац нэмэгдэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил дотоодынхоо хэрэгцээг 54 хувьтай хангасан. Энэ онд түүнээс илүү үр дүн гаргана гэсэн бодолтой байна.

-Намрын намарт яригддаг нэг сэдэв бол ченжүүдийн ногоочдын гар дээрээс шинэ ургацын ногоог нь бөөндөж аваад ард иргэдэд нэмэгдсэн өртгөөр худалдаж ашиг олоод байна гэсэн бухимдал гардаг. Энэ талаар ямар ажил зохион байгуулав?

-Засгийн газар, салбарын яамнаас 500 сая төгрөгөөр Улаанбаатар хотын 28 цэгт павильон байгуулсан. Ногоочдын хамгийн гол хүсэл бол шинэ ургацын болон намар авсан ногоогоо нийслэлийн иргэдэд  өөрдсөө шууд худалдах санал тавьж ирсэн. Тиймээс энэ асуудлыг нь шийдэж, ногоочид ногооны цэгүүдэд гаргасан лангуун дээр зогсоод өөрсдийн гар дээрээс шууд худалдаа хийх боломжтой болсон. Тэнд ямар нэгэн түрээс төлөхгүй, зөвхөн орчны хог, хаягдал цэвэрлэгээний зардал төлөөд өөрсдийн тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоо нийслэлийн иргэдэд худалдан борлуулж байгаа. Ногоочдыг ченжүүдтэй бус шууд хэрэглэгчидтэй уулзуулсан болохоор хямд үнээр ногоогоо зарж, борлуулж байгаа байх.

-Танай салбар дахь өвлийн бэлтгэл ямар байгааг сонирхож болох уу?

-Намрын гол ажил ургац хураалт байдаг. Хоёрдугаарт, хадлан тэжээл бэлтгэх асуудал чухал юм. Энэ жил 1.4 сая тонн хадлан бэлтгэх тооцоо гарч салбарын сайдаас аймгууд руу тогтоол явуулсан. Бороо хур их орж байгаагаас хадлангийн ажил эхэлсэн хэдий ч  сайн жигдрээгүй байна. Өнөөдрийн байдлаар авах ёстой  хадлангийнхаа дөнгөж 10 хувийг хадаж эхэлсэн гэсэн мэдээ  ирсэн. Бороо  хур татраад эхлэхээр  хадлангийнхаа ихэнх хэсгийг есөн сарын дундуур хадаж авах төлөв харагдаж байна.