Ж.Цогзолмаа

БАЙРТАЙ Ч ЮМ ШИГ, БАЙРГҮЙ Ч ЮМ ШИГ...

Байр захиалаад бараг жил болж байж орон гэртэй болсон хүмүүс мэднэ дээ. Барилгын компаниуд тэднээс хугацаа товлож урьдчилгаа аваад, гэрээнд заасан өдөртөө байрных нь түлхүүрийг атгуулна хэмээн амлацгаадаг. Хөлс хөдөлмөр шингэсэн жаахан хуримтлалаа барилгын компанийн дансанд аваачиж хийгээд, шинэ гэрийнхээ босго давах өдрийг тэсэн ядан хүлээдэг. Гэвч компанийн эзэд тэр цагаас эхлэн усанд хаясан чулуу шиг оргүй алга болж, эсвэл барилга нэртэй балгас нь босч сүндэрлэх гэсээр хэдэн намрыг үдэх нь ч бий. Засгийн газрын зургаан хувийн зээлийн хөрөнгийг хүлээж байна, Төрийн банк мөнгөө шилжүүлэхгүй байна гэсээр элдэв шалтаг тоочиж захиалагчдынхаа амыг таглаад сурчихсан байдаг бололтой юм. Уг нь тэд Засгийн газрын зургаан хувийг хүүтэй зээлийг амдаж, тэндээс мөнгө урсч орж ирнэ гэж анхнаасаа тааварлан барилгынхаа шавыг тавьж эхлээгүй нь мэдээж. Төр шилжүүлэх ёстой мөнгөө удаашруулахаар дунд нь иргэдээ хавчуулж, цаг хугацаа авдаг тогтсон жишиг энэ зах зээлд бий болчихсон. Байр захиалаад гэрээнд заасан хугацаандаа түлхүүрээ гардана гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Ингээд л байр захиалсан хүмүүс байртай ч юм шиг, байргүй ч юм шиг болоод Хүрлээгийн “Эргэлзээ” шүлгийн гол баатрууд болж хувирдаг.

Энэ тухайгаа салбарын яаманд нь хандаж, шийдвэрлэж өгөөч гэж хүсэхэд амаа алгадуулаад таарах нь олонтаа. Яамнаас өгдөг хариулт бол “Худалдан авч байгаа зүйлээ сайтар судалж аваагүй л бол хариуцлагыг нь бид хэлж мэдэхгүй” гэсэн албаны үг чулуудаад бараг л хохь нь гэсэн ухааны утгыг бас хавчуулчихна. Эцэст нь байртай болно гэж баахан мөрөөдсөн хүмүүс хог дээр үсэрч байгаа юм. Өнөөх орон сууц нь баригдаад эхэлчихсэн хэдий ч хугацаа алдаж, компанийн дотоод асуудлаас болж иргэд хохирчихоод гарц хайн ирэхэд өөдөөс нь салбарын удирдлага нь хохь нь гэх ухааны юм яриад сууж байгаа нь Засгийн газрын хийх ажил мөн үү. Уг нь тэд бидний амьдралыг элбэг хангалуун, эдийн засгийн болоод нийгмийн аюулгүй байдлыг хангахад чиг үүргээ хандуулсан гэж тайлбарлаад байдаг нь үнэнээс зөрөөд байна.

 

БАЙР НЬ АШИГЛАЛТАД ОРСОН Ч НАЙМАН ХУВЬД БАГТАЖ ЧАДСАНГҮЙ...

Арилжааны банкууд 14986 хүний өмнө авсан байсан орон сууцны 427.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, хүүг нь найман хувьд шилжүүлжээ. Харин энэхүү найман хувийн зээлийг авах хүсэлтэй 5395 хүнд 294.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосон байна. Байрандаа ороод удаж байгаа ч тэдний эгнээнд багтаж чадахгүй яваа хүмүүс хаа сайгүй л байна. Ганцхан жишээ дурдъя л даа. ХАС банкнаас ам.долларын зээлээр санхүүжүүлж байгаа “Ургах наран” хорооллынхон ийм бэрхшээлээр “амьсгалж” байна. 2012 оны долдугаар сард ашиглалтад орно гэж иргэдээс урьдчилгаагаа аваад, зээлийг нь гэрээ хийсэн өдрөөсөө эхлэн төлүүлсэн ч одоо хэр нь улсын комисс хүлээж аваагүй болохоор энэ орон сууц найман хувийн зээлд багтаагүй байна. Оршин суугчид нь 2012 оныг дуустал хүлээгээд өнөөх байр нь ашиглалтад ороогүй болохоор тэсч ядаад энэ оны эхээр хагас дутуу байрандаа нүүж ирсэн байна. “Ядахад яр” гэгчээр орон сууцны зээл нь ам.долларынх болохоор валютын ханш хөөрөгдөх бүрт зээлээ төлөхөөр банкийг зорих иргэдийн хэтэвч нимгэрээд ирдэг гэнэ лээ. Бодоод үзье л дээ. Анх гэрээ хийж байх үед нь ам.доллар 1347 төгрөгийн ханштай байсан бол одоо 1600 болчихлоо. Сарын өмнө ам.доллар 1390 төгрөг байхад 320 “ногоон”-ыг зээлдээ төлөхийн тулд 444 мянган төгрөг төлж байсан хүмүүс одоо 512 мянган төгрөг тушаах хэрэг гараад байгааг захаасаа авахуулаад иргэд хэлж байна. Энэ мэтээр орон сууцтай болсныхоо төлөө алдагдал хүлээж байгаа хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах вэ. Иймээс хугацаандаа ашиглалтад ороогүй хэлсэн ярьснаа хийгээгүй барилгын эздээр иргэдийн алдагдлыг төлүүлэх хуультай болбол яасан юм.