Ж.ЦОГЗОЛМАА

Монголын сайд нар бороотой Лондонг довтолгохоор цүнх саваа бэлдээд завгүй байна. “Рио тинто” хэмээх үндэстэн дамнасан групп бүхэл бүтэн улсынх нь эдийн засгийг өмнөө сөхрүүлэх хүртлээ данайсан шалтгаан Оюутолгойтой холбогдож байгаа болохоор тэдэнд сонголт бараг л үлдээгүй юм байх.

 

ДАЛД УУРХАЙГ 1512 САЯ АМ.ДОЛЛАРТ БАГТААНА ГЭСЭН...

Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэ ордын ТЭЗҮ-д 58 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг дагалдах обьектуудын хамт барьж байгуулахад таван тэрбум 124 сая ам.доллар шаардлагатай гэж гэрээнд оролцогч талууд баталгаажуулсан юм билээ. Гэвч бодит байдал дээр өнөөх гэрээний 9.5 дугаар зүйлд дөрөв орчим тэрбум гэж заасан байх юм. Талууд энэ мөнгөн хөрөнгийн дүнг албан ёсоор баталгаажуулжээ. Үүний зэрэгцээ Оюутолгой ордын хайгуулд зарцуулсан мөнгөн хөрөнгийн дүнг талуудын эрх бүхий мэргэжлийн байгууллага, хөндлөнгийн магадлан шалгах байгууллагын оролцоотойгоор нягтлан тооцож баталгаажуулсны дараа жинхэнэ зарцуулсан мөнгөн хөрөнгийг тохиролцохоор гэрээнд бас тусгажээ.

“Оюутолгой ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтыг ТЭЗҮ болон Хөрөнгө оруулалтын гэрээнд бодит байдлаас ихээхэн өндрөөр тооцсон. Энэ нь ямар ч үндэслэлгүйгээр хөрөнгө оруулагчдад ойролцоогоор гурав орчим тэрбум ам.долларыг луйвардуулж, улмаар одоо болон ирээдүйд Монголын ард түмнийг өрийн барьцаанд тавьж, дааж давшгүй зовлонд учруулж байгааг төр, засаг ойлгох цаг болсон баймаар юм” хэмээн Засгийн газарт ойр эх сурвалж ярьж байна.

Гэрээг байгуулж, баталгаажуулсны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрдэс баялгийн зөвлөл засвартайгаар...... гэж хүлээн авсан ТЭЗҮ-д хөрөнгө оруулалтыг хэрхэн тусгасныг тоймлон хүргэе. Үүнд нийт хөрөнгө оруулалтын дүнг 5124 сая ам.доллар гэжээ. Ингэхдээ ил уурхай 278 сая, далд уурхай 1512 сая, дэд бүтэц 646 сая, баяжуулах үйлдвэр 832 сая, хаягдлын аж ахуй 261 сая, цахилгаан станц 460 сая, шууд бус зардлууд 228 сая, эзэмшигчдийн зардал 176 сая,  валютын ханш ба тооцоолоогүй зардал 438 сая ам.доллар, зардлын болзошгүй өсөлт 293 сая ам.доллар гэж тооцсон байгаа юм. Дээрх тоо баримтаас  дүгнэхэд эзэмшигчдийн зардал, валютын ханш ба тооцоолоогүй зардал, зардлын болзошгүй өсөлтийн нийлбэр дүн 907 сая ам.доллар болж буй нь хөрөнгө оруулалтын нийт дүнд 17.7 хувь эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг бараг нэг тэрбум ам.долларын нөөцтэй бодолцсон нь “Нарантуул” захын болон Эрээний ганзагын наймаачин хэнд ч ойлгогдохоор ил тод байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг нэмэх бодит шаардлага харагдахгүй байгааг албаны эх сурвалж онцолж байна. Харин ч бүр хөрөнгө оруулалтыг нь танаж бууруулах боломжтой хэмээн зарим судлаач хэлж байгаа юм.

 

ҮНИЙГ 2006, 2007 ОНЫХООС 96 ХУВЬ ӨСГӨЖ ТОХИРОЛЦЖЭЭ

“Рио тинто” групп Монголын Засгийн газартай Оюутолгой ордыг ашиглах талаар хэлэлцээгээ 2007 онд гурван үе шаттайгаар хийж, гэрээний төслийг УИХ-д танилцуулахаар өргөн барьсан байдаг. Энэ төсөлд 54 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг дагалдах обьектуудын хамт барьж байгуулахад хоёр тэрбум 724 сая ам.долларын мөнгөн хөрөнгө шаардлагатай гэж тусгасан байв. Мөн гэрээнд Оюутолгой ордын хайгуулд зарцуулсан мөнгөн хөрөнгийн дүнг талуудын эрх бүхий мэргэжлийн байгууллага, хөндлөнгийн магадлан шалгах байгууллагын оролцоотойгоор нягтлан тооцож баталгаажуулсны дараа жинхэнэ зарцуулсан мөнгөн хөрөнгийг тохиролцохоор тусгасан байна.

Дэлхийн зах зээлд 2008 оноос эрчим хүчний түүхий эдийн болон металлын үнэ эрс буурсан нөхцөлд  хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан ч хөрөнгө оруулалтын хэмжээг зах зээлд үнэ өндөр байсан 2006, 2007 оныхоос 96 хувь өсгөж тохиролцсон байх юм. “Үүнийг манай Засгийн газар сайтар нягтлан үзэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл Монголын Засгийн газар “Айвенхоу майнз” болон “Рио тинто” компаниудад гурван тэрбум ам.доллараар үндэслэлгүй буулт хийж, панз үсэргэсний үр дүнд  хөрөнгө оруулагчдын талд ихээхэн ашигтай наймаа болжээ гэж үзэх үндэстэй” хэмээн эх сурвалж хэлэв.

 

ЗАСГИЙН ГАЗАР АЛЬ ТООГ НЬ СОНГОХ БОЛ?

Хөрөнгө оруулалтын нийт хэмжээг хөрөнгө оруулалтын гэрээнд дөрвөн тэрбум, харин ТЭЗҮ-д  таван тэрбум 124 сая ам.доллар гэж тусгасан байдаг. Тэгэхээр чухам аль тоог нь Засгийн газар сонгож ажил хэрэг болгохоо олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй байна. Түүнчлэн далд уурхай барих хөрөнгийг хөрөнгө оруулалтын гэрээнд 1512 сая ам.долларт багтаахаар төсөвлөчихөөд одоо хэлснээсээ буцаж нэмэхээр улайрч байгаа хөрөнгө оруулагчдын шалтгааныг Засгийн газар бас нээлттэй зарлах хэрэгтэй байна.