Э.ӨНӨР
Оюутолгойн экспорт гацаж, гадны хөрөнгө оруулалт буурч, ам.долларын ханш өсч байгаа энэ үед эдийн засагт ямар гарц байгаа талаар СЭЗДС-ийн дэд профессор Д.Мөнхдулам, МУИС-ийн доктор, судлаач Б.Эрдэнэбат, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэргэжилтэн Э.Тунгалаг нар байр сууриа илэрхийллээ.
Д.Мөнхдулам: ТӨВБАНКНЫ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
-Ам.долларын үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг гадны хөрөнгө оруулалт буурсан явдал. Манай улсын эдийн засагт эргэлдэх гадны хөрөнгө 40 гаруй хувиар буурсан. Үүний хэрээр валютын зах зээл дэх ам.долларын хэмжээ багасч байгаа. Аливаа бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдохоор үнэ өсдөг шүү дээ. Энэ байдалд Төвбанкны бодлого үгүйлэгдэж байна. Монголбанкны гол ажил үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг барих, валютын зах зээлийг тогтвортой байлгах. Тэгэхээр сүүлийн үед эдийн засагт үүсээд байгаа энэ байдалд Төвбанк бодлогын чанартай зүйл хийвэл бас нэг гарц болно.
Э.Тунгалаг: ОЮУТОЛГОЙН АСУУДЛЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ
-Сүүлийн үед төгрөгийн ханш суларч байгаа нь гадны хөрөнгө оруулалт буурч гаднаас ирэх валютын хэмжээ багассантай холбоотой. Валютын ханшийн огцом хэлбэлзэл хямралын дохио болж эдийн засагт хүнд цохилт болдог. Цаашид манай улсад гадаад худалдаагаа эрчимжүүлж, гадны хөрөнгийг татах орчноо сайжруулах зайлшгүй шаардлага байна. Гадаад худалдаа, гадны хөрөнгийн тухайд Оюутолгой төслийг сөхөхгүй байж болдоггүй. Оюутолгойн далд уурхай зогссон байгаа энэ үед уурхайтай холбоотой асуудлыг яаралтай шийдэх нь чухал. Оюутолгойн асуудлыг шийдэхэд тийм ч урт хугацаа шаардагдахгүй гэж бид харж байна.
Б.Эрдэнэбат: ИМПОРТОО БУУРУУЛАХ АЛХАМ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Оюутолгой төсөлтэй холбоотой гадны хөрөнгийн хэмжээ буурч байна. Энэ төслийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт валютын том эх үүсвэр байсан. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарсан. Үүнээс гадна бидэнтэй холбоотойгоор валютын ханш чангарч байна. Хүмүүсийн тансаг хэрэглээ ханш чангарахад нөлөөлсөн. Тиймээс гадаад валютын нөөц багасахын хэрээр импортоо бууруулах хэрэгтэй. Гэтэл манай импорт буурахгүй байна. Тансаг хэрэглээ эдийн засгийн хөгжилд хамгийн том саад болох тохиолдол ч бий. Хэрэв бид хэт өндөр үнэтэй автомашин зэрэг тансаг хэрэглээний зүйл импортлодоггүй байсан бол төгрөгийн ханш унахгүй байх байлаа.
Мөн тэрээр жилийн өмнө “Ханшийг тогтвортой төвшинд барих боломж байна. Энэ байдлаараа цаашид төгрөгийн ханш улам унана. Тиймээс төрөөс хэрэглээг дэмжихгүй байх бодлого л хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь эдийн засгаа дэмжиж буй илрэл юм” гэж хэлж байв.