Ж.Цогзолмаа
Үндсэн хууль ба уул уурхай
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулахаас өмнөхөн буюу 1996 оны үед тонн зэсийн үнэ 3000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байв. Энэ бол Монголд уул уурхайн компаниуд тэсрэлт хийсэн 2008 оны улаан металлын 10 мянган “ногоон” шүргэсэн үнээс гурав дахин бага тоо. 1997 онд дэлхий дахинд уул уурхайн хөрөнгө салбарт 5.7 тэрбум ам.доллар эргэлдэж байсан бол одоо энэ тоо 18 тэрбум болтлоо өсчээ. Энэ бол саяхныг хүртэлх тоо. Харин манай улс дэлхий дахинд эргэлдэж буй хөрөнгө оруулалтын урсгалын тойрог замаас гараад, валютын эргэлт нь гацсанаас үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш шалдаа бууж, эдийн засаг хүндхэн байна. Буруутныг хөрөнгө оруулагчдаас хайж байгаа өнөө үед бидэнд ч бас бодох зүйл байна. Үндсэн хуулиар заасан заалтууд яагаад хэрэгжихгүй байгаа тухайд эхний асуултад эрх баригчид хариулах учиртай. Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Мөн хуулийн 5.1-д “Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” хэмээн заажээ. Ард түмэнд баялгийг нь мэдүүлж, төр нь зөвхөн хамгаалах үүрэг хүлээн, хувийн хэвшлийн хүчээр өөдөө явах эдийн засаг уг нь манай улсад хөгжих учиртай байж. Гэтэл өнөөдөр төрийн өмчит компаниуд баялгийн аль ч салбарт хүчээ авч, хөгжлийн түүчээ бус гацаа болоод удаж байна. Тавантолгой дахь төрийн компани нь хувийн хэвшлээсээ хэд дахин хоцорч, авлига хээл хахуульд идэгдэж, Оюутолгойд шургалсан төрийн зохицуулалт нэртэй гацаанууд гэрээг хэд дахин өөрөөр эргүүлчихлээ.
Монголын өрсөлдөгч Бирм
“Мянмар таймс” сонинд дурдсанаар Бирм улс Уул уурхайн хуулиа шинэчилж байна. Эдийн засгаа олон морьтой болгохын тулд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ цэлийлгэх бодлогын шинэтгэл хийнэ хэмээн Засгийн газар нь амлав. Өнгөрсөн хэдэн жилд гадаадын хөрөнгө оруулагчдад 100 хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, активаа чөлөөтэй зарж борлуулахыг ч хязгаарлаагүй билээ. Ийнхүү дотоодын худалдаа, эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдаас далдалж хамгаалсан “гивлүүр”-ийг хуулиар үгүй болгосон нь олон улс оронд гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо эргэн харахад хүргэсэн юм. Эдийн засгийн ирээдүй нь уул уурхай дээр тогтож буйгаараа тэд бидэнтэй адил. Алт, зэс, төмөр, хар тугалга болоод гянт болдын өлгий болсон Мянмарт ашигт малтмалын нөөц ч Монголоос дутахааргүй. Энэ утгаараа тэд бидний томоохон өрсөлдөгч.
Монгол Улс хөрөнгө оруулагчдаа алдаж байна
“Ройтерс”, “Блүүмберг” гээд дэлхийн бусад хэвлэлд “Монгол Улс хөрөнгө оруулагчдаа алдаж байна” хэмээх нийтлэл тасрахгүй байна. Оюутолгой, Тавантолгойгоо улстөрчид нь гацаагаад эцэст нь эдийн засаг нь хүндхэн нөхцөлд орчихсон болохоор тэд биднийг ийн харж байгаа. Зөвхөн хууль эрх зүйн талаас нь харахад 1994, 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиас гадна одоо өөрчлөхөөр зэхэж буй бас нэгэн хууль бидэнд бий. Ийм богино хугацаанд хөрөнгө оруулагчдад дөрвөн ч хуулийн нүүр үзүүлсэн болохоор биднийг хамгийн тогтворгүй эрх зүйн орчинтой улсын нэгээр тооцдогт гайхах зүйл алга.