Ж.ЦОГЗОЛМАА

Манай улсад одоогийн байдлаар ашигт малтмалын 2253 хайгуулын лиценз, 1255 ашиглалтын лиценз бий. Үүнийг төрийн болон төрийн буй байгууллагуудаас дүгнэхдээ Монгол Улс тэр чигтээ лицензээр дүүрсэн бөгөөд үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн томъёолдог. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, лиценз олголтыг хязгаарлаад байгаа юм. Энэ нь байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, хар эдийн засгийг илрүүлэхэд дөхөмтэй хэмээн олон хүн дэмжиж байгаа. Энэ зуур хувийн хэвшлийнхэн ч өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард “Алтан Дорнод Монгол”-ын захирал М.Болд ”Монгол Улсад олгогдоод байгаа лицензийн тоогоор ярих нь бодит байдал дээр хэдий хэмжээний газрыг эзэлж байгааг дарагдуулж байна. 2005 оны байдлаар нийт 70 сая га газар ашигт малтмалын лиценз байсан. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 40 хувь байв. Харин урт нэртэй хууль болон Ашигт малтмалын хуулийн хүрээнд сүүлийн жилүүдэд лицензийн тоо 3600 орчим болж, 21 сая га газар нутгийг эзэлж байна. Үүнээс ашиглалтын лиценз нь 0.5 сая га талбай. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани 0.2 хувь нь юм. Бас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дийлэнх нь нүүрсний уурхай байна” гэж байв. Өөрөөр хэлбэл, лиценз бүрийн талбайг тодорхойлох ёстой хэмээн тэрээр нэмж хэлсэн юм. Түүнчлэн М.Болд “Монгол Улсын ашиглалтын лиценз тийм их талбайг эзлэхгүй байгаа. Хайгуулын лицензийн хувьд Говь-Алтай, Өмнөговь зэрэг говийн аймгуудад тархсан” гэж байв. 

 

НӨХӨН ТӨЛБӨРТ ӨГӨХ ТАВАН ИХ НАЯД ХААНА БАЙНА?

Манай улсад уул уурхайн лиценз эзэмшиж буй 1000 орчим компани байдаг аж. Тэдгээрээс дөнгөж 30 нь л таван тэрбум төгрөг хүрэхтэй үгүйтэй борлуулалт хийж буйг албаны эх сурвалж хэлж байна.

Татварын ерөнхий газраас өнгөрсөн онд гаргасан ”Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ” судалгааны материалд дурдсанаар “Уул уурхайн хайгуул маш өндөр эрсдэлтэй. Хайгуулын эхний үед гарч байгаа бүхий л зардлууд нь ирээдүйд үр өгөөжтэй байх эсэх нь ихэнхдээ тодорхой бус байдаг” гэжээ. Урт нэртэй хууль гарснаар 890 аж ахуйн нэгжийн 1782 тусгай зөвшөөрлийг цуцлахад хүрсэн. Хуульд хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа төрөөс нөхөн төлбөр олгохоор заасан билээ. Судалгаагаар хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа зөвхөн 210 орчим алтны шороон ордын нөхөн олговорт зориулж төрөөс 512 тэрбум төгрөг шаардлагатай аж. 1200 гаруй тусгай зөвшөөрлийг цуцалсны нөхөн төлбөрт таван их наяд төгрөгийг олгох хэрэг гараад байгаа юм. Эдийн засгийн хямралынхаа учрыг олж ядан байгаа УИХ болоод Засгийн газарт энэ мөнгө байхгүй. Төсөв урдаа байгаа хөрөнгө оруулалтын томоохон төслүүдээ эхнээс нь баллуурдаж, хасаж танахаас аргагүйд хүрээд байгаа. Оюутолгой, Тавантолгой гацсанаас үүдэн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасраад байгаагаас харахад угаасаа урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх зам “түгжрээтэй” байна.

 

ХАЙГУУЛЫН ЗАРДАЛД 17 ТЭРБУМ УРСЧЭЭ 

Уул уурхайг том зургаар нь харахаас өмнө баялаг эрэн хайх замын бартаа саадыг тооцох ёстой хэмээн зарим эх сурвалж үзэж байна. Оюутолгойн ордыг илрүүлэх гэж салбартаа акул гэгддэг “Би эйч пи биллитон” хүртэл чамгүй хөрөнгө хаяад буцсан. Тэгвэл энэ орд илэрч байхад Австрали болоод Чили зэрэг улсад ийм том хэмжээний 4-5 орд олдсон байх юм. Харин дэлхий даяараа эрдэс баялаг хайгчид 18 тэрбум ам.долларыг зөвхөн ашигт малтмалын хайгуулд зарж байна. Манай улсын хувьд хайгуулын талбай эзэмшигчид нийтдээ хайгуулын болон урсгал зардалд 17 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Тухайлбал, “Жин Короно” ХХК  2010 оны гуравдугаар сард тусгай зөвшөөрлөө авч хайгуулын болон бусад зардалд 94.8 сая төгрөг зарцуулжээ. Тэгвэл “Голден Гроуз” ХХК 2009 оны наймдугаар сард хайгуулын зөвшөөрлөө авч хайгуулын зардалд 6.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 

ЛИЦЕНЗЭЭ ӨГӨХ ҮҮ, АВАХ УУ?

Уул уурхай, геологийн сайд асан Ч.Хурц “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл үндэсний аюулгүй байдалд занал учруулж байгаа. Нэмж тусгай зөвшөөрөл олгохгүй болсонд баяртай байна” гэсэн юм. Харин уул уурхайн компаниудын эх сурвалжуудын өгүүлж буйгаар хайгуулд хамгийн их эрсдэл учирдаг учраас ил тод, нээлттэй, тогтвортой хуулийг хүсч буйгаа илэрхийлж байв. Тэгэхээр нэгэнт урт нэртэй хуулиар компаниудын лицензийг хураачихсан юм чинь одоо нөхөн олговрыг нь өгөхөд төр хохирох уу, татвар төлж байгаа иргэд хохирох уу. Төр энэ нөхөн олговрыг олгох хөрөнгө хангалттай бус байгаа энэ тохиолдолд ямар арга хэрэглэх нь ч тодорхойгүй байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр урт нэртэй хуулийг дахин авч хэлэлцэж магадгүй юм байна. Ингэснээр ядаж л төсөвт учрах хүндрэлийг бууруулна хэмээн тэд найдаж байгаа аж. Эцэст нь лицензүүдийг өгөх үү, авах уу гэдэг нь бас асуулт хэвээр үлдэж байна.