Ж.ЦОГЗОЛМАА

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд олгож эхэлснээс хойш гурван сарын нүүр үзэх гэж байна. Монголбанкны мэдээлснээр, энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээс хойшхи 39 дэх долоо хоногт өмнө олгосон ипотекийн зээлээс 789.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14894 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 422.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг нь найман хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 315.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 4543 иргэнд 245.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон мэдээ байна.

 

ТӨРИЙН БАНКИНД ЗЭЭЛ ОЛГОЛТ УДААШИРЧ БАЙНА

Арилжааны банкууд иргэдийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хүсэлтийг ажлын 3-5 хоногт шийднэ хэмээн мэдэгдэж байв. Өнөөдрийн байдлаар арилжааны бүх банк энэ зээлийг саадгүй олгож буйгаа мэдэгдлээ. Харин иргэдээс Төрийн банкинд энэ зээлийг хөөцөлдөхөд урт дараалал үүсч, хугацаа их алдаж буйг ярьж байлаа. Тиймээс тус банкинд очиж бодит байдлыг сурвалжилсан юм.

Тус банкны эдийн засагчийн хэлж буйгаар иргэдийн хүсэлтийг нэг сар орчмын хугацаанд шийдэж байгаа аж. “Иргэдээс ирсэн хүсэлтийг бид хянаж, судалж байгаа. Мөн өмнө өгсөн зээлээ ч судалж байгаа. Одоо манай эдийн засагчид маш их ачаалалтай байна” хэмээн тус банкны эх сурвалж ярилаа. Олон нийтийн дунд Төрийн банк найман хувийн хүүтэй орон сууцны зээлээ өгөхгүй байгаа талаар яриа гараад байгаа юм. Энэ талаар тус банкны эдийн засагч “Зээлийг судлах ажил удааширч байгаа нь үнэн. Манай банк маш их ачаалалтай байгаа учраас иргэд хүлээх шаардлагатай байгаа юм. Түүнээс биш найман хувийн хүүтэй зээлийг олгож байгаа” гэлээ.

 

НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Төрийн банкны зүгээс найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгохдоо зээл хүсэгчдээс өрхийн орлого нь татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх, сонгосон байр нь 80 ам метрээс хэтрэхгүй, банкинд зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьж байна. Мөн гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Засаг даргын тодорхойлолт, ШШГЕГ-ын тодорхойлолт, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн баримт, нотлох хэрэгтэй гэнэ. Хамгийн гол нь тухайн байр нь улсын комисс хүлээн авсан, ордер нь гарсан байх шаардлагатай аж.