Ж.ЦОГЗОЛМАА
Энэ долоо хоногт дэлхийн эдийн засаг шуугиант мэдээллээр дүүрэн байлаа. Учир нь Энэтхэгийн рупий түүхэнд анх удаа хамгийн доод ханшдаа хүрсэн бол Тайланд болон Индонезийн санхүүгийн зах зээл эрсдэлтэй тулгарлаа. Энэ бол 2009 оны хямралаас хойшхи хамгийн хүндхэн нөхцөл байдал болоод байна. Энэ зуур Хятадын банкуудын муу зээл өсч, эдийн засгийн өсөлт нь доройтохоор төлөв байдал ажиглагдаж байна.
Харин Малайзад эдийн засгийн өсөлт нь таван хувь хүрч чадах эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. Ази даяараа мөнгөний нийлүүлэлт саарсан нь эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал бий болгожээ. Ялангуяа, Хятадад мөнгөний нийлүүлэлтийг эрс багасгасан ч бараа бүтээгдэхүүний эрэлт эдийн засагчдын таамагласан шиг идэвхтэй бус байна. Учир нь хөрөнгө оруулалт одоо Азид биш харин АНУ болоод Европ тийш жолоогоо залж эхэлжээ. Баруунд эдийн засгийн сэргэлт эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг мөнгөө үүцлэх боломжийг эргүүлэн бий болгосон хэрэг гэж болно. Энэ онд гэхэд Бразилаас Индонез хүртэлх хөгжингүй эдийн засагтай улс орнуудад зээлийн өртөг нэмэгдсэн дүнтэй байна. АНУ-д мөнгөний нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөрүүд буурч байгаагаас хөгжиж буй улс орнуудад ирэх хөрөнгө оруулалт хомсдож байна. “АНУ хүндхэн байдалд орсноос хойш дөрвөн жилийн дараа, харин одоо Европ өрийн сүлжээнд өвдөг шороодсоноос хойш хоёр жилийн дараа хямралын голомт нь өнөөдөр хөгжиж буй улс орнуудад бий болоод байна. Одоо бол энэ хүндхэн үе нь Азид бий болоод байна” гэж Лондон дахь “Morgan Stanley”-гийн гадаад валютын стратегич асан, “Macro Partners LLP” сангийн үүсгэн байгуулагч Стивен Жен хэлжээ. “BlackRock” хөрөнгө оруулалтын хүрээлэнгийн мэдээлж буйгаар энэ оны эхний долоон сарын байдлаар хөрөнгө оруулагчдын хөгжингүй улс орнуудад зарцуулсан нийт 155.6 тэрбум ам.долларын 65.8 хувь буюу 102.4 тэрбум ам.доллар нь Хойд Америкийн сангуудад төвлөрсөн байна. Харин Европ даяараа 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг өөртөө татахаар чармайх зуур Япон 28 тэрбум “ногоон”-ыг татаж чаджээ. Гэвч хөгжиж буй орнуудаас 7.6 тэрбум ам.доллар гадагшилсан мэдээ байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУЦАЖ БАЙНА
“Хөрөнгө оруулалт одоо хөгжингүй, бусдаасаа илүү давуу талыг санал болгож буй улс орнууд руу урсч байна” гэж Сиднейд төвтэй хөрөнгө оруулалтын стратегийн “AMP Capital Investors Ltd” компанийн захирал Шэйн Оливер ярив. Тэрээр гадаад зах зээлээс бараг 130 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож чадсан нэгэн билээ. “Энэ бол болж өрнөж буй одоогийн үйл явцын зөвхөн нэг нь. Тэгэхээр хөрөнгийн урсгал буцаж байна. Өөрөөр хэлбэл, бид илүү хэцүү, бэрх цаг үед тулж ирлээ” гэж тэрээр ярилаа. Өнгөрсөн зургадугаар сард ОУВС-гаас Азийн эдийн засгийн өсөлтийн төлвийг 0.3 хувиар бууруулж 6.9 хувиар тооцсон билээ. Харин өнгөрсөн гурван сарын хугацаанд Ази, Номхон далайн MSCI индекс 7.7 хувиар буурсан байна. Энэ бүхэн нь АНУ-ын Төвбанкнаас бонд худалдан авах үйл ажиллагаа дахин эхлэх тухай хүлээлттэй холбоотой хэмээн тайлбарлах хүмүүс байна. Учир нь бонд худалдан авалт нэмэгдвэл эдийн засаг нь эргээд сэргэхэд нэлээд дөхөм болох билээ. Индонезийн үнэт цаасны индекс өнгөрсөн хоёр өдрийн дотор бараг 10 гаруй хувиар унасан байна. Энэ зуур Энэтхэгийн хувьд энэ үзүүлэлт гурав, харин Тайландад зургаагаас илүү хувиар буурсан байгаа юм.
ЭНЭТХЭГ ХҮНДХЭН БАЙНА
“Хөгжиж буй улсуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна” гэж Мумбай дахь “Espirito Santo Investment Bank” банкны шинжээч Нитин Матур хэллээ. “Энэтхэгийн хувьд тулгараад байгаа хямрал нь түр зуурынх биш. Яагаад гэвэл цаашдаа энэ нь улам хэцүү нөхцлийг бий болгохоор байна” гэж тэрээр хэллээ. Тиймээс цаашид Энэтхэг улс санхүүгийн хувьд шинэ арга замаар хямралаас гарах учиртайг тэрээр санал болгож байгаа юм. Харин Тайландын хувьд өнгөрсөн улиралд эдийн засгийн өсөлт нь ухралтад орчихлоо. Энэ бол тус улсын хувьд дэлхийн эдийн засгийн хямралаас хойш сонсч буй анхны хар мэдээ. “Тоёота мотор” корпорацийн мэдээлж буйгаар энэ жил тэдний Тайландад борлуулсан автомашины тоо 9.5 хувиар буурсан юм байна. Тус улсын Засгийн газраас энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвөө бууруулж тооцоо мэдэгдсэн байна. Учир нь экспортын өсөлт харьцангуй бага байгаа тул ийм шийдвэр гаргахаар зэхэж байгаа юм.
МӨНГӨНИЙ НӨӨЦ
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 3.9 их наяд ам.доллар хөгжиж буй улс орнууд руу урсчээ. Ингэхдээ АНУ-ын Төвбанкны дарга Б.Бернанке мөнгөний бодлогыг зөөллөснөөс хойш энэ мөнгийг үүцлэх тухай арга хэмжээ ч яригдаж байна. Төвбанкнаас бонд худалдан авах ажиллагаа ирэх сараас эхлэх магадлалтай байгааг “Блүүмберг”-ээс явуулсан эдийн засагчдын санал асуулгад оролцсон эдийн засагчдын 65 хувь нь хэлж байна. “Хөгжингүй Азийн түүх одоо нимгэрч байна. Ам.доллар дахиад хаан суудалд залрах нь” хэмээн Мумбай дахь “Kotak Mahindra Bank” банкны ахлах эдийн засагч Индранил Пэн хэллээ.
ЯПОН СЭРГЭЖ БАЙНА
Энэ зуур Японд сэргэлт ажиглагдаж байна. Ерөнхий сайд Шинзо Абэ санхүүгийн болоод мөнгөний шинэ бодлого хэрэгжүүлж буй нь эдийн засгийн өсөлтийг тэтгэж буй юм. Зөвхөн хөрөнгийн биржийн индекс гэхэд 32 хувиар өссөн байна. Одоогоор Ерөнхий сайд Шинзо Абэ эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хуулийг сайжруулахаар зэхэж байна.