Хоол хийх гэдгийг урлагийн хэмжээнд харуулж чадаж байгаа тогооч нар өнөөдөр дэлхийн хэмжээнд урлаг соёлын оддоос ч илүү алдаршиж, тэдний ур чадварын төлөө төлж байгаа мөнгөний хэмжээ ч нэмэгдсээр. Алдартай тогооч нар дэлхийн өнцөг булан бүрт сүлжээ ресторануудаа байгуулж, телевизийн шоу нэвтрүүлэг хийж, ном гаргаж байна. www.therichest.com  сайт саяхан дэлхийн хамгийн чинээлэг тогооч нарыг нэрлэжээ.

Жагсаалтыг  Английн тогооч, 40 настай эр Жейми Оливер жилийн 400 сая долларын орлогоороо тэргүүлсэн байна. Хоёрдугаар байрт “зууны тогооч” хэмээн алдаршсан, Францын сүлжээ ресторануудын эзэн, Поль Бокюз оржээ. Франц тогооч жилийн 185 сая доллар олдог аж. “Тамын гал тогоо” телевизийн шоугаараа үзэгчдийн танил болсон Гордон Рамзи 175 сая долларын орлогоороо гуравт жагсчээ.

Дэлхийн хамгийн баян тогооч болох Жейми Оливер телевизийн олон шоугаараа ихээхэн алдартай.  YouTube дэх түүний  “Jamie Oliver's Food Tube”  хуудас нь  хоёр сая дагагчтай. 2008 оноос тэрээр рестораны бизнест хөл тавьж, “Jamie’s Italian” нэртэйгээр нээж байсан бол өдгөө дэлхийн 40 шахам оронд хүрч чадсан хүчирхэг сүлжээ болон өргөжжээ. Хоёр жилийн өмнө тэрээр хөл бөмбөгийн “Манчестер Сити” багтай таван жилийн хугацаатай гэрээ байгуулж, хөлбөмбөгчдийн хоолыг бэлтгэх болсон байна. Дэлхийн хамгийн баян тогооч эр бас хоолны олон тооны номоороо алдартай. Түүний гаргасан ном өдгөө 20 гаруй болоод байгаа бөгөөд мөн л олон хэлээр орчуулагджээ.

Алдартай тогооч  Жейми Оливер урт наслахад тустай 14 хүнсийг нэрлэснийг уншигчдадаа сонирхуулж байна. Тэрээр зөв аргаар бэлтгэж чадвал хамгийн энгийн хүнс хамгийн баялаг агууламж орцтой болж чаддаг гэж үздэг нэгэн. Урт наслалт хоол хүнстэй ямар холбоотой байгааг сонирхон өндөр настнууд олонтой Коста-Рика улс, Японы Окинава арал, Грекийн Икар арлаас шоу нэвтрүүлгээ хийж байжээ.  Тэрээр бас энгийн хоёр зөвлөгөөг өгч байгаа юм. Эхнийх нь махыг долоо хоногт хоёр удаа л идэх. Хоёр дахь нь өдрийн эхний хагаст буюу үдээс өмнө илүү калори шатаах гэсэн байна.

Урт наслахад тустай 14 хүнс

1.    Өндөг  (Протеин, витамин А, D, В2 и В12, фолийн хүчил, йодоор баялаг).

2.   Ямааны сүү (кальци, протеин, витамин D ихтэй)

3.    Загас (Омега-3-ын эх үүсвэр)

4.    Амтат төмс   (витамины А, В5,  В6 ихтэй)

5.    Шинэ ногоо, ургамал  (магни, фолийн хүчин)

6.    Грек самар (магни, зэс,   фолийн хүчлийн эх үүсвэр)

7.    Дүүпүү  (Найман төрлийн чухал амин хүчил, төмөр, кальци)

8. Хар шош  (калий, төмөр, фолийн хүчил .   магни ихтэй)

9.    Шинэхэн жимснүүд (Олон төрлийн витаминаар баялаг)

10.   Далайн замаг  (төмөр , витамин B12)

11. Органик будаа  (магни, фосфор)

12. Сармис (витамины C, В6, марганец, селен болон антиоксидантууд)

13.   Сам хорхой (магний, цинк, селен, витамин B12)

14. Халуун чинжүү (витамины А,  С болон антиоксидантуудаар баялаг)