Ө.БАТХҮҮ
Гаднын хөрөнгө оруулалт саарлаа, ам.долларын ханш өслөө, нүүрсний экспорт зогслоо, уул уурхайн салбарынхан ажилгүй боллоо. Иймэрхүү бараан мэдээ манай орны сүүлчийн өдрүүдийн эдийн засгийн байдлыг тодорхойлж байна. Энэ дундаас дэлхийд эхний хэдэд багтах, эх орны маань хөгжлийг түргэтгэх Оюутолгойн зэсийн ордыг ашиглах гэж буй “Рио-Тинто” хажуу өрөөндөө суулгаж байгаа байрны эзэн шиг биднийг байнга дарамтлах болов. Эхлээд тэд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх 5,1 тэрбум ам.долларын хөрөнгөө хойшлуулахаа мэдэгдэж дараа нь далд уурхайн ажлаа зогсоож, сүүлд нь монголчуудыг олноор нь ажлаас халж байгаагаа дуулгалаа. Үүнд нь Монголынхоо өмнөөс бус харийнхны өмнөөс дуугарах хуурамч эх орончдын жиргээ хүч нэмэн үргэлжилнэ.
Мэдээж Оюутолгойн ханган нийлүүлэгчид, гэрээт ажилчид, компаниуд гээд тэдний төлдөг татвар, монголчуудад орж ирэх мөнгөний урсгал татрах нь сайн хэрэг биш. Гэхдээ монголчуудынхаа бус “Рио-Тинто”-гийн өмнөөс ярьж, бичиж байгаа хүмүүсийг зөвтгөх арга алга.
Нэг зүйлийг мартаж болохгүй. Оюутолгойн зэс бол монголчуудын өмч. Тиймээс бид биш тэд монголчуудын тоглоомын дүрмээр явах ёстой. Бид гадныханд молигодуулж хамаг баялагаа алдчихаад харамсан суугаагаараа жишээ болсон зарим орны иргэд шиг биш гэдгийг “Рио-Тинто”-гийн эрхэмүүд ойлгох учиртай юм. Тэгээд ч гэрээ байгуулагдсанаас хойшхи Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэмжээ 4,4 тэрбум ам.доллараас 6,7 тэрбумд хүртлээ өссөний задаргааг “Рио-Тинто” манай Засгийн газарт гаргаж өгсөн үү. Одоог хүртэл гаргаж өгөөгүй суугаа. Оюутолгойн хөрөнгө оруулалт өсөхийн хэрээр уурхайн экспорт эхэлснээс хойш авах бидний ашиг багасна. Оюутолгойд эзэмшиж буй 34 хувийнхаа төлбөрийг монголчууд бид ногдол ашгаасаа төлөх юм. Манай талтай ойлголцохгүй байгаа тухай “Рио-Тинто”-гийнхны хэд, хэдэн удаагийн мэдэгдэлд Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд олон үзүүргүй хариу хэлж, нэгэнт гэрээ хийгдсэн тул бүх ажлыг компанийн дүрмийн дагуу үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн шүү дээ. “Оюутолгойн тухай УИХ-аар дахин хэлэлцэхгүй, компанийн ТУЗ шийдвэрээ гаргаад явна” гэхийг Ерөнхий сайдаас нь сонсохоос өөр ямар зөөлөн хариуг “Рио-Тинто” хүсээд байгаа хэрэг вэ. Үүнтэй залгуулаад салбарын сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “Оюутолгойд бүх юм нээлттэй байгаа. Асуудлыг Монгол Улсын компанийн тухай хуулиар ТУЗ нь шийдвэрлэх бүрэн эрхтэй. ТЭЗҮ-д өөрчлөлт оруулаад далд уурхайнхаа бүтээн байгуулалтыг хурдасгая гэж байгаа бол Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаа” гэж хэвлэлийн бага хурлын үеэр зарласныг хангалттай биш гэж үзвэл “Рио-Тинто” монголчуудыг хэтэрхий их басамжилж байгаа бус уу.
Ер нь тэгээд өөр бусад талаараа ч “Рио-Тинто” Монголд хөрөнгө оруулж Оюутолгойг ашиглах эрхтэй ганц компани гэж хэн хэлсэн юм. Энд тэнд авлигын хэрэгт орооцолдсон хар түүхүүд тэдэнд бий. Үүнээс нь харахад ч тэд яагаад байнга том дуугараад байгааг, монголчуудын санал огт таалагддаггүй нь “Гэрээ байгуулсан хүмүүст авлигыг өгсөн. Одоо хэн, юу ч гээд нэмэргүй” гэж аяглаж буйтай адилтгаж болох байна. Түүнээс биш иргэн Доржийн амьдралд Оюутолгойгоос наалдсан юм хэр их гэдгийг хэн ч мэдэхгүй. Өмнө нь ярьж хэлж байснаараа монгол, гадаад ажилчдын харьцаа, цалин хөлсний үнэлэмжид эргэлзээтэй зүйл өнөөг хүртэл тасраагүй, өнгөрсөн хугацаанд Их Британиас авчирсан асар үнэтэй PR компани нь монголчуудын оюун бодлыг эзэмдэж чадаагүй нь үнэн билээ.
Ийм л байна. “Рио-Тинто”-гийн удаа дараагийн дарамтын чанартай мэдэгдлүүд өдгөө монголчуудыг ажлаас нь хомроглон халах дээрээ туллаа. “Ингээд та нарыг яахыг чинь харъя” хэмээн Лондон дахь оффисынхоо цонхоор том дарга нар нь инээж байгааг ч үгүйсгэхгүй. Манай Засгийн газар иймдээ тулахад хүргэсэн шаардлагыг тэдэнд тавьж, ажлыг нь гацаасан гэж үү. Ердөө л 2 тэрбум ам.доллараар хэтэрсэн гээд байгаа төсөв чинь үнэн юм уу, шалгая л гэсэн.
Тэгэхээр, 30-40 сая тонн зэстэй Оюутолгойг маань хамтран ашиглачих компани дэлхийд “Рио-Тинто”-гоос өөр байхгүй юу. Тэрслүү үг хэлэхэд “Оюутолгойгоо “Рио”-гоос салгаж авъя” яадаг юм.