Ж.ЦОГЗОЛМАА
Уул уурхайн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүүтэй ярилцлаа.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчиллөө. Гэсэн ч хөрөнгө оруулагчид Монголд ирж хөрөнгө оруулах нь нэмэгдэхгүй байна. Энэ юутай холбоотой юм бэ?
-Манай яамнаас эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газарт өгсөн байгаа. Эрдэс баялгийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт асар их хэмжээтэй байдаг. Хоёрдугаарт, энэ нь урт удаан хугацаанд үргэлжилдэг. Гуравдугаарт, маш эрсдэлтэй салбар. Тиймээс энэ салбарын хөрөнгө оруулалтад чиглэсэн аливаа хууль, шийдвэр гаргахдаа заавал хөрөнгө оруулагч талуудын саналыг авах хэрэгтэй байна. Үүний нэг нь урт нэртэй хууль. Энэ хууль нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлсэн. Гэхдээ бид хөрөнгө оруулагчдыг шууд үргээд явчихлаа гэж хэлж болохгүй. Бид байнга судалж байгаа.
-Ер нь голлон нөлөөлсөн шалтгаан нь юу юм бол?
-Нэгдүгээрт, Оюутолгойн эхний санхүүжилт дууссан. Өмнөх хоёр, гурван жилд Оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилтэд асар их хөрөнгө орж байсан нь зогсчихоор их буурсан юм шиг харагдаж байгаа. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгж болгоомжилсон байдалтай харж байна. Тэд хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын тухай хууль хэрхэн батлагдах нь вэ гэдгийг ажиглаад байж байна. Түүнээс биш бүр гараад явчихсан зүйл байхгүй.
-Ер нь уул уурхайд хөрөнгө оруулагчдаас нөхөн сэргээлтийг нь хэр сайн хийж байна вэ?
-Манай улсад уул уурхай хөгжсөн орнуудынх шиг зохицуулалт хийж хараахан чадахгүй байна. Гадаадын улсуудад он удаан жил уул уурхай хөгжихдөө эхэндээ хууль нь сул байгаад яваандаа чангарсан байдаг. Тиймээс уян хатан зохицуулалт ч хэрэгтэй.
-Валютын ханшийн өсөлтөөс үүдэн шатахууны үнэд нөлөө үзүүлэх вий гэж олон нийт болгоомжлон харж байна. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Ам.долларыг зарж төгрөг болгодог болохоор валютын ханш шатахуун импортлогч компаниудад хүндээр тусч байгаа. Гэхдээ бид компаниудтай байнгын холбоотой байгаа. Тодорхой хэд хэдэн арга хэмжээ авсны үр дүнд шатахууны үнэ өсгөхгүйгээр барьж байна. Энэ бодлогоо ч цаашид үргэлжлүүлнэ. Бид ямартаа ч ханшийн өөрчлөлтийг харж байгаа. Гэхдээ валютын ханш бага зэрэг буурах хандлага байна. Компаниудтай түр зуурын валютын ханшийн өөрчлөлтөөс улбаалан үнээ шууд өсгөхгүй байх дээр тохирсон.