Ж.ЦОГЗОЛМАА

Өнгөрсөн баасан гаригт Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ оны эхний улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оны зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөнийг тэрээр мэдээллээ. Энэ нь 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойш хамгийн сул үзүүлэлт аж. Өнгөрсөн оны мөн үед ДНБ 14.6 хувиар өссөн билээ.

Эдийн засгийн өсөлт саарахад нүүрсний үнийн уналт болон БНХАУ-ын эрэлт буурсан нь нөлөөлсөн хэмээн сайд хэллээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар холбогдох хуулийн талаар асуумаар байна. Энэ юу болж байгаа вэ?

-Нөхөн сэргээлт бол Ашигт малтмалын тухай хуулийн дагуу явна. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газраар хэлэлцүүлж байгаа. Ингэхдээ уурхайн хаалттай холбоотой зохицуулалтыг оруулж байгаа. Уурхайг ашиглаж эхэлснээс дуусах хүртэл дэс дараатай, жил бүр нөхөн сэргээж, хаалтаа хийдэг байхаар болох юм.

-“Коже говь” компанийн асуудал юу болсон бэ. Урантай холбоотой олон асуудалд иргэд хариулт хүлээж байна?

-Монгол Улсад хүчинтэй байгаа цөмийн энерги, цацраг идэвхт бодистой холбоотой хоёр эрх зүйн бичиг баримт бий. Нэг нь цөмийн энергийн салбарт төрөөс баримтлах бодлого, нөгөө нь Цөмийн энергийн тухай хууль. Энэ хүрээнд бид цахилгаан станц ч барьж болохоор боломжтой. Гэхдээ энэ хуульдаа өөрчлөлт оруулж байж дараагийн асуудлаа ярих ёстой. 2007-2008 онд энэ хууль батлагдсан. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд би очсон. Тэнд одоогийн байдлаар хайгуул хийж байгаа. Энэ нь хуулийн хүрээнд хийгдэж байгаа гэж ойлгосон. Шинэчлэлийн Засгийн газар зөвхөн атомын цахилгаан станцын түлшний өмнөх шар нунтаг бэлдье гэж байгаа. Түүнээс цааш үйл ажиллагаа явуулахгүй гэж байгаа. Нөгөө талаас цөмийн хог хаягдал булшлах нь хуулиар хориортой. Монгол Улсын Ерөнхийлөгч ч зарлиг гаргасан байгаа. Шар нунтгийн тухайд цацраг идэвхт бодистой бүх улс олборлож байгаа. Манай улсад дэлхийн нийт ураны нөөцийн нэг орчим хувь нь бий.

-Тавантолгойн нүүрсний экспортоос 200 сая ам.доллар олно гэж Засгийн газар үзэж байна. Зах зээл нь хаана байна гэж та бүхэн харж байгаа юм бэ. Мөн үнэ нь хэд байх вэ?

-Манай урд хөрш дэлхийн зах зээлийн дөрөвний нэг шүү дээ. Сүүлийн сараас нүүрс худалдан авах хүсэлтэй компаниудын тоо нэмэгдэж байгаа. Бидний тооцоогоор нэг тонныг нь 56 орчим ам.доллараар, орд дээрээс 40 орчим ам.доллараар нийлүүлэх яриа хэлцэл явагдаж байна. Ирэх долоо хоногийн лхагва гаригт үр дүн гарчих байх аа. Манай урд хөршийн нүүрсний импорт бол том хэрэглээ. Бид өрсөлдөх чадвартай үнээр нийлүүлж чадвал асуудалгүй байх. Өрсөлдөх чадвартай үнэ гэдэгт нэг асуудал бидэнд байна. Тээврийн зардал өндөр тусч байгаа. Нүүрсийг авто замаар зөөдөггүй, шилжүүлэн ачдаг. Австралиас Хятадад экспортлох үнээс манай тээврийн үнэ хоёр дахин өндөр байна. Тиймээс удирдлагын зардлаа бууруулах, яаралтай төмөр замын асуудлаа шийдэх хэрэгтэй. Энэ онд “Чалко”-гийн 170 сая ам.долларын зээлийг төлөөд, түүнээс гадна 200 сая ам.доллараас багагүй орлого олох бүрэн боломж Тавантолгойд бий.

-Тавантолгойгоос гаргаж буй нүүрсний үнэ Монголын дотоод дахь нүүрсний үнэд нөлөөлөхүйц асуудал үүсгээд байгаа гэж байсан. Тиймээс үнэд зохицуулалт хийх шаардлагатай юу?

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьд уг нь Оюутолгойтой хамт эдийн засгийн эргэлтэд оруул гэж Засгийн газар үүрэг өгсөн. Удсаар байгаад өнөөг хүргэж байгаа юм. Хоёр орны холбогдох төлөөлөгчид уулзаж байгаа. Нүүрсний худалдааг зохистой, ил тод байлгах чиглэлд ярилцаж байна.

-Оюутолгойн өнөөгийн байдал ямар байна вэ. Тус компани туслан гүйцэтгэгчидтэйгээ гэрээгээ цуцалж байна гэсэн. Ингэснээр 2000 гаруй монгол хүн ажилгүй болно гэж байна?

-Оюутолгойд бүх юм нээлттэй байгаа. Хамгийн сүүлд би “Рио тинто” гурппийн Зэсийн группийн ерөнхий захирал Жин Себастиан Жакад захидал явуулсан. Оюутолгой зэсээ экспортлоод эхэлчихлээ. Одоо бид дараагийн санхүүжилтээ шийдэх шаардлагатай байна. Дараагийн санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын Компанийн тухай хуулиар ТУЗ нь шийдвэрлэх бүрэн эрхтэй. Ер нь ТЭЗҮ бол Хөрөнгө оруулалтын гэрээний гол хэсэг. ТЭЗҮ-д Оюутолгойн одоогийн үйл ажиллагааны орлогоос дараагийн санхүүжилтийг хийнэ гэсэн заалт бий. Энэ ТЭЗҮ-д өөрчлөлт оруулаад, нэгэнт зээл аваад, далд уурхайнхаа бүтээн байгуулалтыг хурдасгая гэж байгаа бол Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулалт өссөн асуудлыг шалгасан шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Оюутолгойн зардал хоёр тэрбум ам.доллараар өссөн. Өөрөөр хэлбэл, манай улсын төсвийн жилийн эхний зургаа, долоон сарын орлоготой тэнцэх хэмжээний хөрөнгө. Гэрээ байгуулахаас өмнөх хөрөнгө оруулалтыг нэг тэрбум, байгуулснаас хойш дөрвөн тэрбум ам.доллар гэж заачихсан байгаа. Хөрөнгө оруулагчтайгаа ойлголцож баримтын шалгалт хийх ажлын хэсэг байгуулах гээд цаг нэлээд алдсан. Ажлын хэсгийн явцтай би хоёр, гурван удаа танилцсан. Удахгүй үр дүн нь гарна.

-“Туркойз хилл” компанийн хувьцааны ханш унаад байна. Үүнд та бүхэн хэр санаа зовж байна вэ. Ханшийг “Рио тинто” групп албаар унагаж байгаа юм биш биз?

-Аливаа компанийн хувьцааг худалдан авч байгаа хүн хямдхан л авахыг хүснэ. Тэр тусмаа, 50 эсвэл 51 хувийг нь авчихсан, үлдсэнийг нь авах гэж байгаа өөр компаниуд хувьцааны үнийг бууруулах тоглолт хийдэг. “Оюутолгой” -ийн хувьд Засгийн газар 34, хөрөнгө оруулагч 66 хувь эзэмшиж байгаа. 66 хувиараа “Туркойз хилл” гэж компани байгуулаад, үүгээрээ дамжуулж хөрөнгө оруулалтын зээлийг “Оюутолгой” руу өгч байгаа шүү дээ. “Туркойз хилл”-ийн 50 гаруй хувийг эзэмшиж байгаа.

-Ерөнхий сайд мэдээлэл өгөхдөө “Рио тинто”-гийн Зэсийн группийн ерөнхий захирал Монголд ирнэ гэсэн. Энэ үеэр Оюутолгойн далд уурхайн олборлолтын талаар шийдэл олж чадах болов уу?

-“Оюутолгой” компанийн ТУЗ хуралдаад үүнийг шийдэх бүрэн боломжтой. 2010 онд ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталснаар гэрээ хүчинтэй болсон. Энэ ТЭЗҮ-д дараагийн санхүүжилтээ үйл ажиллагааны орлогоос хийнэ гэж заасан. Бид олон удаа уулзаж ярилцсан. Одоо шийдэх ёстой. Хэлэлцээрийн ширээний ард сууя. Өөр хувийн тоглолт хэрэггүй.

-Хөшөөтийг стратегийн ордод хамруулах болсноор энэ уурхайн үйл ажиллагаа зогссон. Үүнээс үүдэн орон нутгийн иргэд ажилгүй болж байна. Өвөлдөө ховчдууд Увсаас нүүрсээ авч түлэхэд хүрээд байна?

-Хөшөөтийг стратегийн ордод хамруулаагүй байгаа. Стратегийн ордод хамруулах гээд УИХ-д өгсөн, УИХ дээр энэ асуудал байгаа.

-Энэ долоо хоногт Олон овоотын нөөцийн асуудлаар хэвлэлээр мэдээлэл гарсан. Эрдэс баялгийн зөвлөл хэмээх нэгж маань өөрөө хуудуутай шийдвэр гаргах бололцоотой юм уу?

-Олон овоотын маргаан наадмаас хойш үргэлжилж байна. Уул уурхайн яамнаас энэ тухайд ажлын хэсэг байгуулагдсан. Геологийн хайгуулыг нь ямар компани хийсэн бэ гэдэг нь нэг асуудал. Хоёрдугаарт тэр хайгуулд мэргэжлийн шинжээч томилогдож дүгнэлт гаргадаг. Тэр дүгнэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд баталдаг. Геологийн хайгуул хийсэн компани, шинжээч нь үнэн зөв дүгнэлт хийсэн эсэхийг тодруулж байна. Мөн тусгай зөвшөөрлийн хөдөлгөөн яаж явагдсаныг бас харж байна.