Нэг ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэж валютын ханшаас эхтэй үнийн өсөлт сүүлийн үед манай эдийн засгийг нөмрөөд байна. Энэхүү санхүүгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэхийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас бид хүссэн юм. Тэрээр бидний хүсэлтийн дагуу “Бид нүүрсний үнээс биш өөрсдөөсөө болж хямарлаа” хэмээх нийтлэлийг бичжээ. Эл нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Тогтворгүй” хэмээх  үгээр зөвхөн өнөөгийн валютын ханшийн хөдөлгөөн, эдийн засгийг бүхэлд нь тодорхойлоод зогсохгүй бусад салбарт ч төрийн бодлого ямархүү байгааг илэрхийлжээ.

 “Тогтворгүй”-эл байдал бараг жил хагас үргэлжилж цаашлаад улам бүр тэлэх хандлагатай байгааг бид анзаарахгүй л байна.  Жишээ нь:

• Оюутолгой удаа дараа хойшилсон (санаатай санамсаргүй)

• Тавантолгой урагшлахгүй байгаа (17 тэрбумын асуудал)

• Оюутолгой гүний уурхайн асуудал ойлгомжгүй байгаа

• Ямар ч тооцоогүй төсөв

• Хий хоосон хүлээлт үүсгэсэн дарга нарын мэдэгдэл, амлалтууд

• “Хадгаламж” банкны дампуурал (залгаад хэд ч дампуурах юм билээ бүү мэд) зэрэг нь сэтгэл түгшээж байна.

Ямар ч болсон Монголын улс төр, эдийн засгийн лидерүүд, бизнесийнхэн дараахь цоо шинэ орчин, бодит байдалтай учирлаа:

• Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийг 16-аас 13 хувь хүртэл бууруулсан прогноз гаргалаа (өнгөрсөн дөрвөн сард эл дохиог анзаарсангүй)

• Эхний улиралд бодит ДНБ-ий өсөлт ердөө 7.2 хувь байна гэж ОУВС тооцсон.

 

НӨЛӨӨЛСӨН ГАДААД БОЛОН ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛС:

Гадаад хүчин зүйлийн тухайд Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, түүхий эдийн үнэ унасан гэдгээр ам таглах янзтай. Гэвч бодит байдалд дараахь нөхцөл үүсээд байна. Үүнд:

o Хятад. Эдийн засгийн өсөлт нь эхний хоёр улиралд буурсан. Гэхдээ манай эдийн засгийг “сүйтгэх” хэмжээнд юу ч болоогүй. Бүх юм л Хятадаас болоод байгаа мэт сурталчилгаа ч үндэслэлгүй юм.

o Манай экспортын бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлдэг түүхий эдийн үнэ унаж байна гэх юм. Гэхдээ манай эдийн засгийг сүйтгэх хэмжээнд үнэ унаагүй. Зэсийн үнэ л гэхэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал долоон хувиар л буурчээ. Нүүрсний үнэ 20 гаруй хувиар хямдарсан ч Монгол Улсын төсөвт халтай болох хэмжээнд хүрээгүй. Харин бид угаасан нүүрсний үнийг нэг тонныг нь 131.50, коксжсон бол 80.20, хүрэн бол 65.50 ам.доллар зэргээр төсөвтөө хэт өндөр дүнгээр өөрсдөө л тусгасан юм. Хамгийн хүнд цохилт бол үнэ гэхээсээ илүү олборлолт болоод байна. Цагтаа импортын 80 хувийг бүрдүүлж байсан нүүрс одоо ердөө л 28 хувь хүрэхгүй байна. Энэхүү шатдаг металлын экспортоос орох орлого бараг 50 хувь буурсан болоод л бид сандраад байна.

o Дотоод хүчин зүйл гэхээр л өмнөх Засгийн газар бөөн өр тавьсан мэтээр ярьж буй нь шинэ зүйл биш л дээ. 2000 онд Ч.Улаан бас нэг иймэрхүү юм яриад, одоо яригдаад байгаа төвлөрлийг сааруулах орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэх мэт нэн чухал шинэтгэлийн чанартай ажлыг 12-13 жилээр таслан зогсоож чадсан юм.

o Дотоод гэдэгт гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдыг үргээсэн харалган үйлдлүүдийг нэрлэнэ. Энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.21 сая ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үеийнхээсээ 17.7 хувиар буурсан хэрэг. 2011 онд энэ дүн дөрвөн сая ам.доллар давж байсан юм. Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөл гээд ямар ч утгагүй хэлэлцүүлэг гэх мэт Ерөнхийлөгч, УИХ-ын үйлдлүүд нь хөрөнгө оруулагчдыг үргээхээс өөр ид шидийг үзүүлсэнүй.

o Дотоодын бизнесээ дэмжиж буй мэт тогтворжуулах хөтөлбөр гэгчид хоёр их наяд төгрөг цацжээ. Гэвч энэ нь цаанаа:

-Ялгаварлан гадуурхсан шинжтэй

-Үр дүн нь туйлын эргэлзээтэй

-Сонгуульд зориулсан - 0.23=2 их наяд төгрөг

o Мөнгөний тэлсэн бодлого, явдаггүй, өсдөггүй экспорт зэрэг нь өнгөрсөн сард худалдааны алдагдлыг 1202.49 сая ам.долларт  хүргэв. 

o Зарим шинжээч төсвийн алдагдал 7-10 хувьд хүрсэн, төсвийн тогтворгүй байдал улам гүнзгийрнэ хэмээн үзэж байгаа. Бид чинь энэ оны төсвийг боловсруулахдаа орлогоо эдийн засгийн өсөлтөөсөө бараг хоёр дахин илүү төлөвлөсөн ухаантнууд шүү дээ. Ийм их хурал, Засгийн газарт итгэх итгэл саарна уу гэхээс нэмэгдэх учиргүй.

 

ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ ИТГЭЛ ДААХ. ТЭГВЭЛ МОНГОЛД ИТГЭХ ҮҮ, ҮГҮЙ ЮУ?

• Засгийн газар, яаманд итгэх итгэл алга гэж хөрөнгө оруулагчид дуугарч байна. Лицензийг нь хураах, буцаах, хууль бусаар олгоод өөрсдөө бултаад алга болох ердийн үзэгдэл болоод байна. Тухайлбал, АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэг.

• Эрчим хүчний төслүүд зогссон. Энэ өвөл Улаанбаатарынхан харанхуй, хөлдүү өвөлжихдөө хүрвэл гайхах зүйлгүй. V цахилгаан станцын тухай 20 жил ярилаа. Шийдэж чаддаггүй ээ. Яагаад гэж үү, техник технологийн шардлага хангасан нь том даргын сэтгэлд хүрэхгүй, том даргын зөвшөөрсөн нь нь техникийн шаардлага хангахгүй. Түүнийг нь залгаад эцэс төгсгөлгүй тендер.

• Хөгжлийн банкаар дамжуулан мөнгө гаргаж тараасан Тавантолгойн шуугиан. Өнгөрсөн онд Хятадад нүүрс нийлүүлэлтээр тэргүүлсэн Монгол Улс энэ жил эхний 6-д ч багтаагүй шүү дээ.

• “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны хөрөнгийг бүрдүүлэх зорилтоор мөнгө босгох гэсэн бүтэлгүй оролдлого

• Монголчуудыг 50-100 жил тэжээх учиртай Тавантолгой дампуурсан тухай Ерөнхий сайдын сүржин мэдэгдэл

• Тоо нь алдарсан тусгай сангууд

• Төсвөөс гадуур эргэлдэж буй мөнгө, ямар ч хяналтгүй дансууд

• Валютын нөөц арвижсан ч тэр хэрээр улсын өрийг нэмсэн, хаана юунд зарцуулагдаж байгааг ганц хүнээс өөр хэн ч мэдэхгүй Чингис нэртэй өрийн бичиг. Товчхондоо, гунигт дүр төрх. Энэ бонд анх 4.125 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай байсан бол өнөөдөр 92.837 центээр арилжаалагдаж зургаан хувь болсон байна. 10 жилийн өрийн бичиг нь бүүр аймаар. 87.245 центээр арилжаалагдаж хүү нь 5.125 ээс долоон хувьд хүрч өссөн. Ингэснээр Монголын Засгийн газарт итгэж бондыг нь худалдан авсан хөрөнгө оруулагчдыг их хэмжээний алдагдалд түлхэж орхилоо. Хариуд нь тэд бидэнд талархахгүй нь ойлгомжтой. Энэ их өрийг Ч.Улаан, Н.Батбаяр сайд нар төлөхгүй, иргэдийн нуруунд үрүүлэх нь харин ойлгомжтой.  

 

САНХҮҮГИЙН БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

Асуудлыг бүр хүндрүүлэх гэсэн юм шиг, эсвэл Монголын санхүүгийн системд итгэх аргагүй шүү гэж байгаа юм шиг гэнэт гарч ирсэн “Хадгаламж” банкны дампуурал.

 

•Монголын банк санхүүгийн систем тогтвортой эсэхэд гадаадын, бас дотоодын ч хөрөнгө оруулагчид эргэлзэж эхлэв.

•Монголд компанийнбанкны засаглал гэж юм байна уу гэдэгт эргэлзээ төрж байна. Чанаргүй зээл нь өөрийн хөрөнгөөс хэд дахин даваад, эзэд нь ямар ч хяналтгүй аашилж байхад компанийн засаглалын тухай хууль хаана яаж үйлчилж байсан юм бол. Энд улс төрийн хүчин зүйл үйлчлээд л байна гэж би таамаглаж байна.

•Жил болгон нэг банк залгидаг Төвбанктай болов. “Хадгаламж” 2013, “Зоос” 2009, “Анод” 2008 онд гээд л жагсаалт үргэлжилж байна.

• Валютын ханш 1600 давж донсолгоон үүсгэв. Засгийн газар нь үнэ ханш Монголбанкны асуудал хэмээн бултаж, Монголбанк нь бодит салбарын урагшгүй байдлаас санхүүгийн “ханиад” сэдрэв хэмээн Засгийн газар руугаа чихэв.

• Сандраад нөөцөө гөвөх аюул. Гэтэл хэдэн сарын дараа байдал хүндэрвэл нөөцгүй сууж байх уу, байдал муудахгүй гэдгийг УИХ, Засгийн газар баталж чадахгүй шүү дээ.

• Өнгөрсөн тавдугаар сард Moody’s “Голомт”, ХААН, ХХБ, “Хас” банкны рейтингийг Ba3-аас B1 хүртэл буулгасан. Харин дээдчүүл нь үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царай гаргаад өнгөрсөн.  Гэтэл тэдний дүгнэлтэнд “a bank’s rating ultimately cannot be completely insulated from the credit quality of the government’s creditworthiness.” “Mongolia’s economy is transforming because of the rapid development of its natural resources industries. While this is having a strongly positive effect on the economy’s growth rates, it does create the risk of an overheating of the economy, inflationary pressure, and, ultimately, the risk that boom could be followed by bust,” гэсэн үг өгүүлбэр байсан. Энэ мэт дүгнэлтийг хэн анзаарч, анхаарч ажиллах ёстой юм бэ.

• “Хадгаламж”-ийг ганц шөнийн дотор “цэвэрхэн шийдсэн” гээд байгаа ч манай санхүүгийн систем, түүний Төвбанкинд итгэх итгэл дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлсэн нь үнэн. Хар жагсаалтад тэмдэглэгдсэн дараагийнх нь хэн бол гэсэн хүлээлт, айдас ч байгаа. Энэ “цэвэрхэн шийдсэн”-ий төлбөрийг иргэд л хариуцна. Төрийн банкны дүрмийн санг 85 тэрбумаар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр нь дөнгөж “цэцэг нь, жимс нь еще болоогүй байна” л гэж ойлгох хэрэгтэй.

• Эдийн засгийн өсөлт удаашран унаж эхэлбэл манай банкууд дийлэхгүй шүү.

• Нийт 7-8 сая ам.долларын активтай банкны салбарт компанийн засаглалыг бэхжүүлэх, асуудал байвал хугацаа алдахгүй, улс төрийн шахалт дарамтанд орж харзнахгүй шууд л шийдээд явахгүй бол хэцүүднэ. Уг нь 90 оны эхэн болон дунд үеийн давалгаалсан банкны хямрал, дамуурал нилээн сургамж өгч, нэг хэсэг овоо гайгүй явсан юмсан. Одоо мартагдаж эхэлсэн бололтой.

Монголын эдийн засгийг бүхэлд нь сүйтгэж буй үйлдэл нь Оюутолгой тойрсон шуугиан дуулиан юм. Сайд, дарга нар нь өдөр алсахгүй эсрэг тэсрэг мэдэгдэл хийх юм.

 

Төсөлд мөнгө босгох, тасралтгүй үйл ажиллагаа явуулах нь чадалтай, хөгжилтэй улсад ч бэрх даваа.  Гэтэл дөнгөж эхэлж буй бид бусдын ажлыг санаатай, санамсаргүй тасалдуулан буй нь буруу.

• Зардал нь өсөхөөр манайд ногдох өр нэмэгдэх гэх мэт нь ойлгомжтой. Гэхдээ саалийн үнээгээ “төхөөрч” болохгүй шүү дээ. ОТ Phase II эхлэх ёстой бөгөөд ингэж байж л Оюутолгой манай эдийн засгийн 30 хувийн өсөлтөд хүргэх зорилт хэрэгжинэ.

• Хэрэлдэж боож хааж байгаад хэдэн ам.доллар төсөвт оруулах бололцоо бий. Гэхдээ хэдэн модны цаана ой байгаа. Монголчуудынхаа төлөө стратегийн том төсөл хэрэгжүүлэх чадвартай гэдгээ харуулах нь чухал юм.

• Тавантолгой ялгаагүй монголчуудын ухаан, сүр хүчийг харуулах төсөл шүү дээ.

 

ЦААШИД ЯАХ ВЭ

• Монголын Засгийн газар итгэл даах чадвартай гэдгийг хоёр уншигдахааргүй харуулж, итгүүлэх хэрэгтэй.

o Төсвийн сахилгыг хангах

o ОТ Phase II-ийг яаралтай явуулах

o 1.5 сая ам.долларын өрийн бичгийн үр ашгийг хангаж чадсанаа нотлох

o Компанийн болоод банкны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах замаар санхүүгийн системийг эрүүлжүүлэх

o Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд яаралтай өөрчлөлт хийх. Ингэхдээ цаг үеийн зорилтыг хангахуйц байх учиртай.

o Төрийн удирдлагын механизмд гүнзгий, Үндсэн хуулийн хэмжээний өөрчлөлт хийх цаг болсон.