Б.БАРС

ХБНГУ-ын “Шпи­гель” сэтгүүлд Бернхард Цандын бичсэн нийт­лэлийг товчлон хүргэж байна.

Говийн зүрхэнд баригдаж буй аварга том уурхай Монголын эдийн засгийн хөгжлийг эрс хурдасгах төлөвтэй. Гэвч алт болон зэсээр баян энэ уурхайн ашгийн хуваарилалт дээр маргаан гарсан нь залуухан ардчилсан улсын ирээдүйг бүрхэг болгож байна.

Монгол нь ХБНГУ-аас дөрөв дахин том газар нутагтай, гурван сая орчим хүн амтай, 2012 оны байдлаа дотоодын нийт бүтээгдэхүүн нь 10 тэрбум ам.доллар аж. Тэгвэл Англи-Австралийн уул уурхайн “Рио Тинто” компани дэлхийн 40 гаруй оронд 71 мянган ажилчинтай бөгөөд 60 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

Ийм харьцангуй хоёр түнш. Нэг нь ядуу боловч ирээдүйд баяжиж болохуйц улс, нөгөө нь дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох уул уурхайн компани. Түншүүд газрын баялгийг шударгаар хуваан хэрэглэж чадах болов уу?

Оюутолгойн уурхай Монголын нийслэл Улаанбаатараас онго­цоор нэг цаг нисэх газар, Хятадын хилийн ойролцоо оршдог. Тэр уурхайд 800 мянга гаруй Эрх чөлөөний хөшөө цутгах хэмжээний зэс агуулагдаж буй. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд тус улсын эдийн засаг дор хаяж 30 хувиар өсөх юм. Маш олон иргэн нь гэр, майхан зэрэгт толгой хоргодсоор буй тус улсад энэ уурхай ядаж л онолын хувьд хөгжил цэцэглэл авчрахаар байгаа билээ.

Гэвч бодит байдалд хэрэг явдал ямар байна вэ. Энэ уурхайн төсөл шинээр аж үйлдвэрлэгдэж буй оронд юу болдгийг тод жишээ болж байгаа.

Энд өөрийн байгалийн баялгаа бие даан ашиглаж чадахгүй ядуу буурай орон гаднаас хэрхэн тусламж гуйхад хүрдгийг бэлхнээ харж болно. Нэг талд улс бүхэн хүсч буй түүхий эд байхад нөгөө талд уурхай ажиллуулахад шаардлагатай техникийн туршлага, мөнгө, ухаалах хуульчид байдаг.

Ийм бизнес хийх туршлага багатай буурай орон ийм түншлэлээс хэрхэн ашиг олж чадах вэ? Хэврэг ардчилалтай орны Засгийн газар эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн явцад цөөн хэдэн хүн огцом баяжиж, ард түмний дийлэнх нь ядуу хэвээр үлдэнэ гэдгийг иргэддээ хэрхэн тайлбайрлах бол?

Оюутолгойн уурхайг тойрсон зөрчил дөрвөн жилийн өмнөөс эхэлжээ. Монголын Засгийн газар тус уурхайн 34 хувийг эзэмшихийн тулд зээл авахад хүрсэн аж. Зээлийг Оюутолгойн уурхайг ажиллуулж буй “Рио Тинто” компани өгчээ. Уурхайг ажиллуулах тухай гэрээ хийгдсэний дараагаар тус улсын иргэд гэрээг аль талд илүү ашигтай болсон талаар хэлэлцэж эхэлсэн байна.

Тус уурхайн дэд ерөнхийлөгч, 67 настай геологич С.Санждоржийн ажлын өрөө Говьд хөх сансрын хөлөг шиг сүндэрлэх шил толь болсон агааржуулагчтай барилга дотор байдаг. Тэрээр мэргэжил нэгт­нүүдтэйгээ хамт сард хэд хэдэн удаа компанийн нисэх онгоцоор Улаанбаатар руу явдаг нэгэн. Түүнийг улс орныхоо, эсвэл “Рио Тинто”-гийн сонирхлын алийг дээр нь тавих вэ гэсэн асуултад нэлээд удаан бодож байж хариулсан юм. Тэрээр, “Мэдээж би эх оронч хүн, гэхдээ энэ уурхай миний хүүхэд л гэсэн үг” гэж хэлсэн билээ.

 Тэгвэл Оюутолгойн уурхайг Улаанбаатарт хариуцан ажилладаг хүний нэг бол Уул уурхайн яамны төлөвлөлтийн хэлтсийн дарга, 35 настай Ч.Отгочулуу. Түүний ажлын тасалгаа лифтгүй, шажигнаж дуугардаг щаттай ЗХУ-ын үеийн хуучин барилгад буй.

Түүний ажлын байрнаас хойд зүгт Монголын хүн амын гуравны нэг буюу 800 мянган хүн цэвэр бохир усны шугамгүй, байн байн тасалддаг цахилгаантай бүсэд гэрт амьдардаг юм. Тэд өвлийн хасах 30 градусын хүйтэнд ч гадаа байх жорлонд бие засдаг. Даарч бээрэхгүйн тулд тэд хуучин хивс, дугуй, хуванцар хог гээд галлаж болох аливаа зүйлийг зуухандаа шатаадаг аж.

Ч.Отгочулуу “Манай ард түмэн Оюутолгойгоос хараахан ашиг хүртээгүй байна. Манай улсын “Рио Тинто”-той байгуулсан гэрээ шударга байсан гэж би хэлж чадахгүй. Тус компани говьд маш их зүйл хийж байгаа нь үнэн. Гэхдээ орлого цутгаж эхлэх үед тэд биднийг ямар нэгэн байдлаар залилахыг хүсвэл бид найзууд биш болно” гэсэн юм.