Ж.ЦОГЗОЛМАА
Ам.долларын гадаадаас орж ирэх урсгал эрс татарч, хөрөнгө оруулалт саарсан нь дотоод дахь үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналтын шалтгаан болж байна. Цаашид ямар алхам хийх нь зохистой талаар гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, Уул уурхайн үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Н.Алгаа нар ийн хариуллаа.
Н.Дашзэвэг: ЭРДЭМТДИЙНХЭЭ САНАЛЫГ СОНСОХ ХЭРЭГТЭЙ
-Одоогийн харж байгаагаар хямрал болохгүй байх. Эдийн засгийн нөхцөл муудаж байгаатай холбогдуулж УИХ-ын ээлжит чуулган хуралдуулах саналыг зарим хүн тавьж байна лээ. Уг нь ингэх хэрэггүй. Миний бодлоор Ерөнхий сайд дараах дөрвөн өнцгөөс харсан илтгэл сонсмоор байна Үүнд, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЭЗХЯ, Монголбанк, хөндлөнгийн эрдэмтдийн байр суурийг зэрэгцүүлж сонсч, тэдэнд харилцан ярилцах боломж олгомоор байна. Эндээс зөвлөмж гарсны дагуу УИХ, Монголбанк ажиллах ёстой. ЭЗХЯ хариуцаад эрдэм шинжилгээний хурал хийж болно шүү дээ.
Н.Алгаа: ТҮМЭН ЯНЗЫН БОЛОМЖ БИДЭНД БИЙ
-Уул уурхайгаас бүх зүйл хамаарч байна. Гэтэл энэ салбар нь өөрөө зогсчихлоо. Энэ бүхнээс үүдэн валютын урсгал, хөрөнгө оруулалт саарлаа. Уул уурхай маш хүнд байна. Одоо бүсээ чангалах хэрэгтэй байх. Ялангуяа, төсвийн хөрөнгө оруулалтуудыг хязгаарлах, бондын хөрөнгө оруулалтыг оновчтой шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн гол нь уул уурхайгаа дэмжмээр байна. Татвараа бууруулж, дэд бүтцийг нь цаг алдалгүй шийдвэрлэж, экспортыг нь дэмжмээр байна. Ер нь бидэнд энэ мэтээр түмэн янзын боломж бий. Мөн салбар бүрийн төлөөллийг төр засаг маань сонсдог баймаар байна. Энэ бол төр засгийн өдөр тутмын ажил байх ёстой шүү дээ. Ингэж чадвал хямрал ч бай, юу ч болсон бай хохирол багатай л туулна.