Ж.ЦОГЗОЛМАА

Япон болоод Хятадын зах зээлд ам.долларын “бяр” муухан байна. Сүүлийн 19 жилийн хугацаанд энэ валют Бээжинг өмнөө сөхрүүлсээр ирсэн бол энэ удаад өвдөг шорооджээ. Бас Японд иенийг буулгаж аваад байсан түүх нь ийнхүү манантаж байна. Харин манай улсад бол өөр хэрэг. Ногоон мөнгөний урсгал Монгол руу жолоогоо залахаас зайлсхийж, цаанаа л дурамжхан байгаа нь энэ. Яагаад гэвэл дэлхийн валютын ертөнцийн татах хүч Улаанбаатарт л лав сулхан байна. Зэс, алт, нүүрсний үнээр “соронз” хийж явсан монголчууд энэ удаад сонголтгүй үлдэв бололтой.

Уржигдархан 1590 төгрөгт хүрсэн ам.долларын ханш өчигдрөөс арай суларч эхэлжээ. Монголбанкнаас нийлүүлэлт хийж, чадлаараа зах зээлийг “эмчлэх” гэж оролдсон нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлсэн хэрэг. Гэвч Төвбанк хэчнээн тийчэгнээд цаад үндсэн шалтгаан нь шийдэгдээгүй тохиолдолд ногоон өнгө манай валютын зах зээлийг эзэгнэсэн хэвээр байх болно.

 

АМ.ДОЛЛАРЫН ИНДЕКС ХАМГИЙН ДООД ТӨВШИНД ХҮРЭВ

Энэ мэдээллийг “Блүүмберг” дамжуулсан юм. Өнгөрсөн зургадугаар сарын дундаас хойшхи хамгийн доод төвшиндөө хүрсэн ам.долларын индекс цаашид хэрхэх нь худалдаачдын анхаарлыг татаж байна. “IntercontinentalExchange Inc” компаниас хийсэн судалгаагаар АНУ дахь ам.долларыг нийтлэг хэрэглэгддэг зургаан үндсэн валюттай харьцах ханш өнгөрсөн сарын 9-ны 84.75 хэмээх үзүүлэлтээс 81.27 болтлоо 4.1 хувиар буурчээ.