Ж.ЦОГЗОЛМАА
Улаан, хар металлын үнэ өнгөрсөн хэдэн сарын турш биржүүдийн ханшийн самбарт өөдөлсөнгүй. Зэс, нүүрсний ханшийн зөрүүгээс овоо хишиг хүртчихдэг шар толгойт наймаачид ч хүлээлтийн байдалд шилжжээ. Учир нь ганцхан тоглогчтой энэ зах зээлийн эзэн болсон Хятад улс дотооддоо хямралтай байна. Их өрсөлдөөн дундаас арай чамай гарч ирсэн үйлдвэрлэгчдийнх нь бүтээгдэхүүнд хөгшин тивийнхэн мөнгө төлөх багасаад ирэхээр яах аргагүй авдраа уудлахаас аргагүйд хүрчээ. Ингэхээр Монголоос ашигт малтмал импортолж, түүгээрээ хилийн чанадад наймаа хийх ажлаа их хэрмийн эзэд түр хойш тавиад байгаа юм. Мөнхийн хөршийн маань энэ үйлдэл манай санхүүгийн ертөнцөд хэдийнэ сүүдрээ тусгаад эхэлсний эхний жишээ нь төгрөгийн ханшийн уналт байлаа.
АМ.ДОЛЛАР ХОВОРДСОНЫ ШАЛТГААН
Валютын хар зах гэгддэг “Найман шарга”-д өнгөрсөн хэдэн өдөр ам.доллар 1520 төгрөгийн босго давлаа. Дээр дооргүй л хүмүүс төгрөгийн ханш хэрхэн суларч буй тухай ярьж байна. Өчигдөр 16.29 цагийн байдлаар Монголбанкны цахим хуудаст мэдээлснээр нэг “ногоон” 1527 төгрөгтэй тэнцэж байв. Америк мөнгөн дэвсгэртийн ханш ийн оодрох болсон нь хэд хэдэн шалтгаантайг Үндэсний статистикийн хороо болон дэлхийн санхүүгийн хэвлэлүүдийн мэдээлэл харуулж байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 5517.3 сая ам.доллаар буурсан байна. Бүр дэлгэрүүлбэл, экспорт 9.1 хувь, импорт 221.6 сая “ногоон”-оор буурчээ. Энэ мэдээлэл дунд анхаарал татсан тоо бол нийт улсын төсвийн бараг 80 хувийг бүрдүүлсээр ирсэн нүүрсний экспортын хэмжээ энэ удаад дөнгөж 27 хувьд арай чамай хүрсэн хэрэг байлаа.
Өнгөрсөн тавдугаар сарын 15-ны байдлаар нүүрсний экспорт 28.2 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байв. Тухайн үед буюу тавдугаар сарын 15-ны байдлаар Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 1438 төгрөгтэй тэнцэж байлаа. Нүүрсний экспорт буурахын хэрээр ам.долларын ханш өссөн жишээг эндээс харж болохоор байна. Учир нь нүүрс авсан гадаадынхан Монголд ам.доллараар төлбөрөө төлдөг болохоор экспорт буурахын хэрээр өнөөх нийлүүлэлт багассаар байна. Дэлхийд хамгийн томд тооцогддог Хятадын валютын нөөц анх удаа багассан дүнтэй гараад байгаа нь Монголын нүүрсний экспорт буурсны шалтгааныг тайлбарлах нэг гарц билээ. Нүүрсний экспорт буурахын хэрээр гурван сарын өмнө 1438 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 1470-аас өгссөөр 1500-д “зүтгэж” буй нь энэ.
ЗЭСИЙН ҮНЭ “ӨӨДЛӨХ” ҮҮ?
“Ройтерс”-ийн мэдээлснээр дэлхийд зэсийн экспортоороо тэргүүлэгч Чили улс энэ онд 5.53 сая тонн зэс үйлдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байна. Харин шинжээчид энэ онд зэсийн үнэ таамагласнаас доогуур байна гэж үзжээ. Чилийн Уул уурхайн сайд “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа “Уурхайнууд зогсонги байдалд орсон, бүтээгдэхүүний үнэ бага байгаа зэргээс үүдэн ийм шийдвэр гаргасан” гэсэн байна. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын “Кочилко” зэсийн комиссоос энэ онд 5.58 сая тонн зэс олборлоно хэмээн мэдэгдэж байсан юм. Түүнчлэн тус комиссоос энэ онд зэсийн үнийн төсөөллөө бууруулсан байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, АНУ-ын санхүүгийн уналт зэргээс үүдэн 2013-2017 онд улаан металлын ханш “өөдлөхгүй” гэж тэд үзлээ.
Үүнтэй зэрэгцэн Оюутолгойн олборлолт, баяжмал хэрхэн шийдэгдэх вэ гэсэн асуулт хариултаа хүлээн байгаа. Энэ орд үүцээ дэлгэвэл манай эдийн засагт орох ам.долларын урсгалыг үлэмж тэлж, эдийн засгийн өсөлт 20 хувиас дээш гарна хэмээн шинжээчид тайлбарладаг. Өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд 8200 ам.долларын ханштай байсан энэ металлын үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд 7000 ам.доллараас буурлаа. Өчигдөр Улаанбаатарын 17.40 цагийн байдлаар Лондоны металлын биржид нэг тонн зэсийн ханш 6950 ам.доллар байв.
ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛРАХ НЬ МУУ ЮУ?
Нэг талаас харахад төгрөгийн ханш сулрах нь хөндлөнгөөс харж буй хүмүүст болон худалдан авагчдад мэдээж хэмнэлт биш. Бодоод үзье л дээ. Төгрөг сулрахын хэрээр дотоодод худалдагдаж буй бараа бүтээгдэхүүний үнэд бид илүү мөнгө төлнө гэсэн үг. Харин нөгөө талаасаа экспортлогч болохыг зорьж буй манай улсын хувьд төгрөгийн ханш сулрах нь ашигтай. Гадаадад бараа, үйлчилгээ гаргах хүмүүс дотоодоосоо илүү хямд өртгөөр валют худалдан авна гэсэн үг. Энгийн жишээгээр тайлбарлавал, Япон улсад иений ам.доллартай харьцах ханш сүүлийн хэдэн жил үргэлж чангарснаас дотоодын экспортлогчид нь дампуурлын ирмэгт хүрсэн билээ. Харин одоо Ерөнхий сайд Шинзо Абе санхүүгийн системд япон мөнгөн тэмдэгтийн ханшийг сул байлгах, ингэснээрээ экспортлогчдоо дэмжих бодлого баримталж байна.
Зарим эдийн засагчдын дүгнэж буйгаар нэг ам.доллар 1527 төгрөгтэй тэнцэж буй нь тэгтлээ айхтар санаа зовоох асуудал биш аж. Тэдний тодорхойлж буйгаар ханшийн өөрчлөлт тогтвортой байгаа гэнэ. Гэвч санаа амарч болохгүй гол шалтгаан нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ, нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөхөөс цаашдын төгрөгийн ханшийн ирээдүй хамаарна хэмээн тэд тайлбарлаж байна.