Ж.ЦОГ

HSBC банк 40 гаруй дипломатчийн дансыг хаах болсон талаар өчигдөр мэдээллээ.  Энэ нь бизнесийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн нэг хэсэг хэмээн тус банк тайлбарлалаа.  Энэхүү жагсаалтад Британи дахь Ватиканий төлөөлөгчийн газар ч багтсан байна. Харин Их Британийн Консулын газраас энэ тухай “Mail on Sunday” сонинд өгсөн ярилцлагадаа үүнийг сүйрэл болж байна хэмээн тодотгожээ. HSBC банкнаас ч тэр Элчин сайдын яамдад хандан бизнесийн харилцагчдад тусламж үзүүлж дансаа ил болгохыг зөвлөж байна. Ингэхдээ олон улсын харилцаа холбоо, эдийн засгийн хөгжил, ашигтай ажилладаг байх, зардлын үр ашигтай байдал, мөнгөний урсгал хангалттай байх гэсэн таван шалгуурыг хангасан байх ёстой. Энэ талаар тус банкны төлөөлөгч “Манай банк 2011 оны тавдугаар сараас эхлэн бүхий л бизнесүүдэд дээрх таван шүүлтүүрийн зарчмыг баримталсаар ирсэн. Тиймээс бидний үйлчилгээнд Элчин сайдын яамд, дипломатуудыг онцлох зүйл байхгүй. Мөн бид хувь хүн болоод олон талын үйлчлүүлэгчдийн харилцааны талаар тайлбар хийхгүй” гэсэн юм. “Mail on Sunday” сонинд нийтэлснээр Папуа Шинэ Гвиней болон Бенин улсын хүндэт консулын газар дансаа 60 хоногийн дотор өөр банкинд байршуулахаар болсон талаар мэдээллээ. Их Британид суугаа төлөөлөгч Консулын корпусын тэргүүн Бернард Силвер тус сонинд өгсөн ярилцлагадаа “HSBC сүйрэл бий болгож байна” хэмээжээ. Мөн тэрээр “Зөвхөн виза, паспортны төлбөр төлөхөд Элчин сайдын яамдад банк хэрэгтэй байдаг юм биш. Түүгээр дамжуулан ажилчдын цалин, түрээсийн төлбөр гээд олон гүйлгээ хийдэг” гэж тэрээр хэлэв. Харин Папуа Шинэ Гвинейн дээд комиссын сайд Жон Белаву “Бид өнгөрсөн 22 жилийн турш HSBC банктай харилцаж байна. Гэвч тэд биднийг дансаа хаах, өөр банкинд байршуулахыг шаардсан нь хэтэрхий гэнэтийн үйл явдал боллоо” гэжээ. Харин Бенин улсын хүндэт консул Лаурэнс Ландау “Mail on Sunday” сонинд өгсөн ярилцлагадаа “Банкны тавьж буй шаардлага нь бидэнд шинэ банк олж дансаа нээхэд хүндрэл учруулж байна. Бид бүх банктай харилцахыг хичээдэг ч Их Британи дахь банкууд  чимээгүй л байна” гэжээ.

 

СЭЖИГТЭЙ ДАНСУУД

Элчин сайдын яамдын тайлбарладгаар бол тэд банкуудыг бэлэн мөнгө гаргах болон цалин олгох, зээл гаргах зэрэгтээ ашигладаг. Түүнчлэн тэд Элчин сайдын яамны байр, дипломатуудын хүүхдийн сургалтын төлбөрийг банкаар дамжуулан хийхгүй л бол хэцүү нөхцөл байдал үүсдэг аж. Гэвч заримдаа энэ нь мөнгө угаах эрсдэлийг бий болгодог билээ. Сүүлийн жилүүдэд сэжигтэй дансыг илрүүлж, мөнгө угаахын эсрэг улс төрийн болоод банкуудын үйл хэрэг эрчимжээд байна. 2004 онд АНУ-ын Сенат Элчин сайдын албаныхан Чилийн дарангуйлагч Аугосто Пиночетэд олон сая ам.доллараа нуухад нь Вашингтон дахь “Riggs National Bank” банк тусалж байсныг илрүүлсэн юм. Үүний дараа тус банк олон сая ам.доллараар торгуулж, дараа нь худалдагдсан билээ. Өнгөрсөн жил АНУ-ын хууль сахиулагчид Латин Америкийн мансууруулах бодисын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын мөнгийг угаалгасан хэмээн HSBC банкыг нотолгоотойгоор буруутгаснаар 1.92 тэрбум “ногоон”-оор торгосон юм. Тухайн үед банк буруугаа хүлээн зөвшөөрсөн билээ.