Ж.ЦОГЗОЛМАА

“Чалко”-гийн гэрээ гацаж, “Рио тинто”-гийн хэлэлцээ бүрхэгдүүхэн болсон өнгөрсөн хэдэн сарын хугацаанд харийн хөрөнгө оруулагчид Монголд өөр өөрийн дүнгээ тавьжээ. Мөнгөний урсгалын тэмдэглэлд Монголын маань нэр дээгүүрт бичигдэхээргүй болчихож. Гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт саараад эхэлсэн нь Тавантолгой, Оюутолгойгоос шууд хамааралтай эдийн засагт ч хүндээр туссан юм. Өнгөрсөн 2011 онд буюу Оюутолгойн хөрөнгө оруулалт ид “буцалж” байхад манай эдийн засаг 17 хувиар өссөн. Харин өнгөрсөн жилээс эхлэн гэрээ хэлэлцээр эргэж буцсан нь эдийн засгийн өсөлтийг хумьжээ. Тавантолгойн хувьд ч ялгаагүй Хятадын хэлсэн үнээр баялгаа худалдсаар дэлхийн жишгээс хэтэрхий бага ханшаар нүүрсээ тооцуулсаар ирсэн. Ингэснээр энэ хоёр ордоос орох орлого улстөрчдийн сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх баянбулаг нь болоод дуусч байна.

Тавантолгойн хувьд “Чалко”-гийн худалдан авч буй нүүрсний хэмжээ маш бага дүнд хүрсэн, Оюутолгой дахиад эргэлзээтэй шийдэлд эргэлдэж буй. Хэдийгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийднэ гэж мэдэгдсэн ч “Рио тинто” ямар тайлбар хийх нь тодорхойгүй байна. Энэ мэдэгдлийн дараагаас эхлэн “Рио тинто”-гийн хувьцааны ханш өссөн байна. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 1 хүртэл тус компанийн хувьцааны ханш Австралид хамгийн ихдээ 58 австрали доллар болсон бол энэ сарын 2-ны байдлаар 59 болон өсчээ.

Гэвч олон шинжээч Оюутолгойд найдлага тавихгүй байна. Учир нь хэдийгээр энэ нь дэлхийд данстай том орд боловч Монголын хөгжилд хангалттай хувь нэмэр болохгүй хэмээн тэд үзэж байгаа. Ялангуяа, бодлогын тогтворгүй орчин нь байдлыг улам хүндрүүлж байгаа хэмээн тэд тайлбарладаг юм. Ганц жишээ дурдахад, “Оюутолгой Монголыг аврахгүй” гэсэн нийтлэл “Ройтерс”-ийн цахим хуудаснаа хэвлэгдсэн нь Монголын талаарх бодит байдлыг дэлхийд хүргэсэн хэрэг байв. Энэ нийтлэлд

“Хэдийгээр Монголд Оюутолгой битгий хэл томоохон ордууд байгаа ч аюул дагуулсан эрсдэл арилахгүй байна” гэж уул уурхайн үнэт цаасны зах зээлийн “Caledonia Investments” компанийн менежер Дарко Кузманович хэлснийг иш татсан байв.

Харин уул уурхайн шинжээчид “Монгол Улс нь баялгийн тэгш хуваарилалтын талаарх хэвлэл мэдээллийнхний шахалтан дор дээрх хуулийн төслүүдийг санаачилж байгаа аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 17 хувиар буурч 3.9 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ оны эхний улиралд 12 хувиар унасныг Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Уул уурхайн компаниудын эзэд дахин сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгалийн баялгийн төрийн мэдэлд авах элдэв шахалт дарамтыг багасгана хэмээн найдаж байна. Ингэвэл эдийн засгийн өсөлтийг ч гадаадын хөрөнгө оруулалтыг ч нэмэхэд үр дүнтэй арга болох юм” хэмээн дүгнэжээ.