Ж.АНУ

Хятад Улсын мэ­дээллийн газраас өчиг­дөр Бээжинд мэдэгдэл хийсэн байна. Тэдний мэ­дээлж буйгаар өн­гөр­сөн зургадугаар сард худалдааны индекс 50.1 байсан бол өнгөрсөн сард 50.3 болж өссөн аж. Энэ онд тус улс эдийн засгийн өсөлтөө 7.5 хувьд хүрнэ хэмээн найдаж байгаа юм. “Bank of America Corp”-ийн мэдээлснээр Ерөнхий сайд Ли Кецян энэ оны эдийн засгийн төлвийг өөдрөгөөр харж байгаа бөгөөд хэдийнэ эерэг нөхцөл бүрдсэн хэмээн үзэж байна. “Өнгөрсөн сарын дундаас хойш Ерөнхий сайд Ли Засгийн газар нь 7.5 хувийн эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэхээр хичээж байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. Дэд бүтцэд их хэмжээгээр хөрөнгө оруулах зэргээр бодлогын эерэг арга хэрэгслийг тэрээр ашиглаж байна” хэмээн Хонгконгд төвтэй “Bank of America Corp”-ийн эдийн засагч Лу Тин хэллээ. Засгийн газар мөнгөний бодлогыг зөөллөхөөс татгалзаж байгаа ч санхүүгийн систем тогтвортой байгаад итгэлтэй байгаа талаар Лу мөн хэллээ.

Гэвч сүүлийн үеийн судалгаануудаас харахад компаниудын экспорт буурснаас үүдэн ажилтнуудаа цомхотгох нь элбэг болсон тул Засгийн газар эдийн засгийг илүү тогтвортой болгоход гар сунгахаас аргагүй хэмээн шинжээчид тайлбарлалаа. Гэвч өчигдөр Бээжинд Төвбанкнаас нь мэдээлснээр дэлхийд хамгийн ихэд тооцогддог тус улсын гадаад валютын нөөц 5-6 дугаар сард буурсан дүнтэй байна. Иймд  эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахаар Ли Кецян хичээж байгаа юм. Засгийн газрын анхаарлаа хандуулж буй гол бэрхшээл нь өр төлбөр. Үүнээс гадна ган, цементийн компаниуд эрэлтээс давуулан үйлдвэрлэл явуулснаар томоохон эрсдэл учруулж байгаа аж. Бээжингийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв 7-8 хувьд хооронд буурч байгаа ч Хятад улс дэлхийн санхүүгийн “хөдөлгүүр” хэвээрээ байна хэмээн Улсын мэдээллийн удирдлагын газраас нь мэдэгдлээ.