Б.БАРС
ОХУ-ын “Asia-Russia” гэх цахим хуудаст нэгэн нийтлэл гарчээ. Манай улс газрын тосноос гаралтай бүтээгдэхүүнээр хойд хөршөөсөө бараг 100 хувь хараат байдлаас гарах оролдлого, бүр бодит алхмууд хийж эхлэнгүүт тэд манай газрын тосны салбарын талаар ийн бичжээ. Нийтлэлийг товчлон хүргэж байна. Монголын газрын тосны аж үйлдвэрийн хөгжилд шинэ орд газруудын эрэл хайгуул болон газрын тос боловсруулах үйлдвэрүүд байгуулахад нэлээд их хөрөнгө оруулалт шаардагдаж буй. Хэдий тийм ч тус улс ойрын үед газрын тосноос гаралтай бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, газрын тос экспортлогч орнуудын тоонд орох бүрэн боломжтой. Монголын газрын тосны агууламжтай байж болзошгүй говь, цөлийн голдуу бүсүүдэд АНУ-ын геологич Н.Беркли, С.Моррис нар 1922-1923 онуудад судалгаа хийж байжээ. АНУ-ын өөр нэг геологич Д.Теннер 1931 онд Монголд газрын тос зайлшгүй байх учиртай тухай таамаг дэвшүүлсэн юм.
Гэхдээ газрын тосны хайгуулын иж бүрэн ажил тус улсад 1934 оноос л эхэлжээ. Үүний үр дүнд Монголын өмнөд болон зүүн-өмнөд хэсэгт 6.2 сая тонн газрын тосны агууламжтай хоёр орд газрыг илрүүлсэн юм. ЗХУ-ын геологич Ю.Желубовский, БНМАУ-ын мэргэжил нэгт Ж.Дүгэрсүрэнгийн хамт хийсэн судалгааны ажлын үр дүнд түшиглэн Дорноговийн Зүүнбаянгийн газрын тосны орд газарт тус байгалийн баялгийг олборлох ажил 1948 онд эхэлсэн байна. Зүүнбаянгийн орд газарт ЗХУ-ын мэргэжилтнүүд тус бүр нь гурван км-ийн гүн 260 цооног өрөмдсөн юм. Түүнчлэн 1950 онд Зүүнбаянд жилд 0.4 сая баррель буюу нэг мянга орчим тонн газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. 1950-1969 оны хооронд тус орд газарт дөрвөн сая баррель буюу 600 орчим мянган тонн газрын тос олборлон боловсруулж, Монголын тухайн үеийн шатахууны хэрэгцээний 20 хувийг хангаж байжээ. Гэтэл 1969 онд Зүүнбаянгийн цооногуудын даралт гэнэт буурч, газрын тосны тасралтгүй нийлүүлэлт тасрах болсны дээр газрын тос боловсруулах үйлдвэрт түймэр гарчээ. Дээрээс нь ЗХУ-ын баруун Сибирийн нутагт газрын тосны асар их нөөц илэрсэн юм. Энэ бүхний улмаас Зүүнбаянгийн уурхайг хаах шийдвэр гарчээ.
Харин өдгөө Зүүнбаянгийн 100 гаруй цооногийг сэргээн ашиглаж сар бүр 550 мянган баррель газрын тос олборлон БНХАУ-руу боловсруулахаар экпортлох болжээ. Ер нь Зүүнбаянгийн сав нутгийн газрын тосны нөөцийг ойролцоогоор 22 сая тонн гэж үздэг ч нарийвчилсан судалгаа хийгдээгүй байгаа юм. Харин Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Тамсагийн бүс газрын тосны нөөцөөрөө хавьгүй илүү байж болох. Энэ бүсийн одоогоор тогтоогдоод байгаа нөөц нь 19 сая баррель хэдий ч бүх эрсдлийг хаслаа гэхэд дор хаяж 58 сая баррель хүрэх боломжтой. Монголын АМГ-ын хэлтсийн дарга Д.Амарсайхан 2010 оны гуравдугаар сард мэдээлэл хийхдээ, тус улсын газрын тосны нөөц 1.6 тэрбум тоннд хүрсэн гэж хэлсэн билээ. Тамсагийн бүсэд л гэхэд 119.2 сая тонн түүхий газрын тосны нөөц илэрсэн гэх.
Ингэснээр, Монгол Улс газрын тосны нөөцөөрөө 100 гаруй тус байгалийн баялгийг олборлогч орноос 33-т бичигдэх болж байгаа юм. Монголд илэрсэн газрын тосны нөөц тус орныг 40-50 жил шатахуунаар өлхөн хангах боломжтой гэсэн үг. Шинжээчдийн үзэж буйгаар, Тамсагаас хамгийн бага зардлаар 13 сая тонн газрын тос олборлох боломжтой бөгөөд энэ нь Монголын дотоодын хэрэгцээг 10 хүртэл жил хангах аж. Одоогийн байдлаар Монголын нутаг дэвсгэрт 11 компани газрын тосны хайгуул хийж буй ч ОХУ-ын нэг ч компани энэ ажилд оролцох сонирхол гаргаагүй ажээ. Тэгвэл хятадууд Монголын Дорнод аймагт гэхэд л 300 гаруй цооног өрөмдсөнөөс 70-аас нь газрын тос оргилжээ. Тамсагийн бүсэд олборлолт хийж буй “Петрочайна Дачин Тамсаг” компани тус түүхий эдийг Хятад руу зөөн боловсруулалт хийгээд эцсийн бүтээгдэхүүнийг гэрээний дагуу эргүүлээд Монголд нийлүүлдэг байна.
АНУ-ын “Exploration Associates international-Texas” компани Монголын газрын тосны нөөцийг 4-5 тэрбум тонн гэж үнэлжээ. Монголын газрын тос 700-1000, 2200-3000 метрийн гүнд агуулагддаг аж. Монголчууд японуудтай хамтран 2010 онд энэхүү судалгаан дээр үндэслэн Дарханд өдөрт 44 мянган баррель газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон юм. Эхэндээ түүхий эдээ гаднаас авч ажиллах тус үйлдвэр эх орныхоо шатахууны хэрэгцээг бүрэн хангах бөгөөд сүүлдээ дотооддоо олборлосон газрын тос дээр түшиглэн ажиллах юм байна. 2010 оноос өмнө Ангарскаас Монголоор дамжин Бээжин хүртэл 2437 км байгалийн хий дамжуулах хоолойн асар том төсөл яригдаж байсан ч Хятадын тал энэ хувилбарыг эрс эсэргүүцсэнээр намжиж, үүний оронд Ангарскаас Хятадын Дацин хот хүртэлхи 2488 км хоолойн төсөл гарч ирсэн ч мөн л хэрэгжилгүй өдий хүрлээ. Энэ хоёр төслийн нэг дэх нь эдийн засгийн илүү үр ашигтай ч хоёулаа Байгаль нуурын экологид сөрөг үр дагавар авчирах уршигтай гэдэг.
Тэгвэл сүүлийн үед Оросоос баруун Монголоор дамжуулан Хятад хүртэл хоолой татах экологийн хувьд хор уршиг багатай хувилбарыг дэвшүүлэх болжээ. Энэ хоолойгоор дан ганц Сибирь бус Казахстаны эрчим хүч үйлдвэрлэгч түүхий эдийг Хятад руу шахах боломжтойгоороо онцлогтой аж. Ямартаа ч хөрш зэргэлдээ ОХУ, Монгол Улс хоёр урьдын шигээ нэг нэгнээ түшин эв найрамдалтайгаар харилцан ашигтай хамтран ажиллах боломж ч, шаардлага ч энэ салбарт бишгүй байна. Хоёр талын аль аль нь үүнийг хүсч буй. Гэвч хүсэх хангалтгүй, хийх чухал. Үүнд хоёр орны Засгийн газрын гүйцэтгэх үүрэг ч их. Үүнээс өөр зам Монголд үгүйг тус улсын түүхийн бүхий л сургамж бэлхнээ харуулж байгаа билээ.