Б.БАРС
АНУ-ын “Пасифик Стандард” сэтгүүлд дэлхийн зэс олборлолтын талаар ийм нийтлэл гарчээ.
Радио, телевизээр байсхийгээд л газрын тос, байгалийн хийн талаар түгшин ярьдаг ч хүн төрөлхтөнд тэдгээрээс дутуугүй ач холбогдолтой зэсийг “мартчихдаг”. Бидний гэрт, компьютерт, гибрид автомашинд гээд бүтээгдэхүүн хаа сайгүй тааралддаг. Гэтэл зэс олборлолт улам л түвэгтэй, үнэтэйн дээр экологийн хувьд улам бүр бохир болж байна. Ингээд бид зэс хүдрийн хомсдолд орж ирлээ.
2001 онд “Рио Тинто” компани хүний гараар бүтсэн хамгийн том бас хамгийн анхны зэсний уурхай Бингемийг хаах шийдвэр гаргажээ. Аварга том энэ уурхайд зэсийг ил аргаар олборлосоор ирсэн юм. Бингемийн уурхай 1906 оноос эхлэн тасралтгүй ажиллажээ.
1980-аад оны эхээр зэс олборлолтын салбар урт хугацааны уналтад орсон аж.
Европ, Хойд Америкт аж үйлдвэрийн эдийн засгаас үйлчилгээний эдийн засагт шилжиж зэсийн хэрэглээ ч, үнэ ч өсөхөө больжээ. Зэс олборлогчдын ашиг ч эрс багасах болов. Солт-Лейк-Ситигээс 32 км зайд сүндэрлэх Окуирр уулын голд оршдог Бингемийн аварга том уурхайн тогоо цаашид хэрхэх нь тодорхой бус болсон нь тэр л цаг үе. Олборлолтыг үргэлжлүүлэхийн тулд карьерыг өргөжүүлэх шаардлага тулгарчээ. Гэвч уурхайг өргөжүүлэх тусам зардал нь тэр хэмжээгээр өсч байгаа юм.
Аварга уурхай ажилласан хэвээр. Байшин шиг том самосвал машинууд налуу замаар доошлон хүдэр ачаад буцаж мацсаар л. Үүний сацуу карьерийг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх ажил ч хийгдсээр.
“Рио Тинто” компани Бингемд далд уурхай ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Ил олборлолтыг 2029 онд зогсоох ч уурхайн ажил зогсохгүй нь. Уурхайн гүн рүү 600 метр нэвтрэх цооног ухаж эхэлжээ. Энэхүү төсөл уурхайн үйл ажиллагааг бүрэн өөрчлөх бөгөөд хүдрийг дээрээс бус дороос нь олборлож эхлэх юм. Инженерийн ийм шийдэл зөвхөн Бингемд бус Индонезийн Фрипорт, Чилийн Эскондида, Монголын Оюутолгойд ч хэрэгжих болжээ.
Түүнчлэн Энэтхэг дахь аварга том Маланжханд, хэмжээгээрээ Бингемийн дараа л орох Чилийн Чукикамата, Өмнөд Африкийн Палабора уурхай ч гүний далд олборлолтод шилжихээр зэхэж байна. Ер нь дэлхийн өнцөг булан бүрт хуучин уурхайнууд далд олборлолтын ачаар дахин амь орох болжээ.
Ил болон далд олборлолтыг хослуулсан зэсийн уурхайнууд хаа сайгүй үүсэх болов. Афганистаны Айнак, Перугийн Лас Бамбас, Эквадорын Хунин, Конгийн Шафт Крик гээд л. АНУ-ын Аризона мужийн Резолюшн болон Аляск мужийн Пебблд 2000 гаруй метрийн гүн уурхай ч малтаж байна.
Яагаад ашиггүйн улмаас хаагдаж байсан уурхайнуудыг хүртэл дахин ажиллуулах болов оо. Үүний хариулт товч бөгөөд тодорхой. Хятадын аж үйлдвэрийн салбар үсрэнгүй хөгжих болсноос л тэр. Юу гэвэл орчин үеийн аж үйлдвэр маш их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг. Мөн дунд анги нэмэгдэх тусам эрчим хүчийг илүү их хэрэглэх болдог. Энэ хэрэгцээг хангахад зэс утас хамгаас чухал.
Сүүлийн арван жилийн дотор Хятадын зэсийн хэрэглээ гурав дахин өсч, 2011 он гэхэд 7.9 сая тоннд хүрчээ. Ингэснээр тус улс дэлхийд зэсийн хэрэглээгээрээ тэргүүлэх болсон байна. Харьцуулахад, АНУ жилд “ердөө” 1.9 сая тонн зэс хэрэглэдэг аж.
Мэдээж энэ нь зэсийн үнийг хөөрөгдөхөд хүргэжээ. 2000 онд нэг паунд зэсийн үнэ нэг ам.доллартай тэнцэж байсан бол 2007 онд таван ам.доллар хүртэл огцом өссөн юм. Хэдийгээр зэсийн үнэ аажмаар буурсан ч одоо паунд нь гурав орчим ам.доллартай тэнцэж байна.
Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ сүүлийн арван жилийн дотор 200 гаруй хувиар өсчээ.
Мэргэжлийн шинжээчдийн үзэж буйгаар зэсийн одоогийн үнэ ямар ч байсан ойрын 20 жилд буурахгүй гэнэ. Азийн хоёр аварга гүрэн Хятад, Энэтхэгт зэсийн хэрэглээ улам бүр нэмэгдэх учраас тэр аж.
Үүнээс үүдэн дэлхийд зэсийн нөөц улам бүр багасах болж байна. Зэс нь байгальд цэврээр олдох нь тун ховор. Ердөө 50 жилийн өмнө хүдэрт буй зэсийн агууламж дунджаар 1.5 хувь байсан бол одоо энэ үзүүлэлт 0.6 хувь хүртэл буурчээ. Орчин үед нэг тонн зэс олборлохын тулд 167 тонн хүдэр ухах шаардлагатай юм.
Ер нь металл дундаас зэснээс илүү цахилгаан дамжуулагч нь мөнгө. Гэвч мөнгө нь ховор бөгөөд үнэтэй металл тул аж үйлдвэрийн хэмжээнд хэрэглэх боломжгүй. Харин зэс зөөлөн, зэврэлтэд тэсвэртэй тул цахилгааны утас, хоолой хийхэд хамгийн тохиромжтой байдаг аж. Зэс өөр ямар ч металлтай харьцуулашгүй олон давуу талтай учир үүнгүйгээр орчин үеийн эдийн засгийг төсөөлөх аргагүй юм.
“Рио Тинто” компанийн хүний нөөц хариуцсан дэд захирал Р.Макгоуэн-Жексон, “Цахилгаанаар ажилладаг автомашин юм уу, салхин турбины тухай ярихад “зэс” гэсэн үг заавал орно. Жишээ нь би “Тоёта Приус” машинтай гэж бодьё. Зэсгүй эд анги гэж бараг байхгүй дээ. Яахав хөнгөн цагаан арай хямд учир л цахилгаан дамжуулах шугамд ашиглагддаг. Өөрөөр бол эрчим хүч гэдэг тэр чигээрээ зэс” гэж ярьсан юм.
Сүүлийн үед “Рио Тинто” компани Улаанбаатараас 500 км зайд орших элсэн цөлд Оюутолгойн зэсийн орд газарт олборлогчоор ажиллаж байгаа. Одоогоор уурхайн эхний ээлжийн барилгын ажил дууссан бөгөөд эхэндээ олборлолтыг ил аргаар явуулж, 10 жилийн дараагаар далд арга руу шилжих ажээ. Тус компани Оюутолгойд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нэмж таваас доошгүй тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ уурхай Монголын эдийн засагт хэдийнэ үр ашгаа өгч эхэлжээ. Тус улсын Засгийн газар уурхайн 34 хувийг эзэмшдэгээс гадна “Рио Тинто” компаниас татвар, роялти хэлбэрээр мөнгө авдаг байна. Оюутолгойн уурхай дангаараа Монголын Засгийн газрын орлогыг 30 гаруй хувиар өсгөх юм. Энэ уурхай 50 жилийн турш зэс олборлох төлөвтэй.
Тус уурхай Монголд зөвхөн мөнгөн ашиг оруулахгүй. Гэрээний дагуу тус уурхайд ажиллах боловсон хүчний 90 хувь нь тус улсын иргэн байх бөгөөд тэдгээрийг сургах зардлыг “Рио Тинто” дааж байгаа юм. Үүнээс гадна тус компани нисэх онгоцны буудал барьснаас гадна Хятадын хил хүртэл төмөр зам барих үүрэгтэй ажиллаж байгаа ажээ.
Түүнчлэн 2017 он гэхэд тус уурхайн хэрэглэх бүх эрчим хүчийг Монголд үйлдвэрлэх ёстой юм. Үүнээс гадна “Рио Тинто”-той байгуулсан гэрээний ачаар Монгол улс 1200 Мвт хүчин чадалтай цахилгаан станц барих өрийн бичгийг дэлхийн зах зээл дээр амжилттай арилжжээ.
Арав хорин жилийн өмнө аливаа улс олборлогч компанитай Оюутолгойнх шиг гэрээ хийнэ гэдэг бүтэшгүй зүйл байлаа. Тэр үед хөрөнгө оруулагч ердөө л мөнгөө шилжүүлээд үйл ажиллагаагаа эрхэлж, тухайн орны Засгийн газар хувь эзэмшинэ гэж горьдолтгүй байжээ. Заавал төлөх татвар, бусад төлбөр ч маш бага байсан юм. Уурхай байрладаг улс орон дэд бүтэц хөгжихөөс л жаал юм хумсалдаг байсан гэх.
Товчдоо бол өсөн нэмэгдэж буй зэсний хэрэгцээ, хөрш зэргэлдээ Хятадын аварга том зах зээл л Оюутолгойн уурхайг амьдруулжээ.