Э.ӨНӨР
Ням гариг. “Найман шарга” валютын арилжааны захад хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэнд долларын эрэлд гарсан хүмүүс олон байлаа. “Доллар авъя” гэсэн ченжүүд “Доллар заръя” гэх нь ховор. Зарим валют арилжааны төв их хэмжээний ам.доллар хүсэгч нэгэнд үйлчилж чадсангүй. 40 сая төгрөгөө “ногоон” болгохоор ирсэн эмэгтэй ам.долларын нийлүүлэлт буурснаас болж зорилгоо биелүүлж чадалгүй буцаж байгаагаа хэллээ. Зах зээл дэх ам.долларын нийлүүлэлт багасчээ. Төвбанк долоо хоног бүр валютын арилжаа хийж байгаа ч эрэлтийг хангаж чадахгүй байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцээд хувь хүн, аж ахуйн нэгжээс тус захад орж ирэх “ногоон”-ы урсгал татарсан талаар ченжүүд онцоллоо. Энэ сарын 17-нд ам.долларын ханш нэг өдрийн дотор 8-10 төгрөгөөр өссөн бол өнгөрсөн долоо хоногт 7-9 төгрөгөөр дахин нэмэгдэв. Энэ валютын өсөлт өнгөрсөн бямба гаригт 1510 төгрөгт хүрчээ. Харин өчигдөр “Найман шарга” захад ам.долларын ханш 1502-1506 төгрөг байв. Ноён долларын нийлүүлэлт буурч, үнэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар өсөхөд хэд хэдэн зүйл нөлөөлж байгааг тус захын арилжааны төвийн мэргэжилтнүүд хэлж байлаа. Валют арилжааны “Дэлгэрэх боржин” төвийн мэргэжилтэн “Экспортын зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаж байгаа. Үүнийг дагаад дотоодод орж ирэх ам.долларын хэмжээ багасч байна. Нийлүүлэт багасахаар үнэ өсдөг. Үүнийг дагаад хувь хүн ч гэсэн гар дээрх бэлэн ам.доллараа үнэд хүргэхээр хадгалчихдаг юм” гэж тайлбарлалаа. Мөн “Болор” төвийнхөн “Хадгаламж” банкны өөрчлөлт “ногоон”-ы үнэд нөлөөлж байна гэж үзлээ. Тэд ““Хадгаламж” банкийг Төрийн банктай нэгтгэж байгаа нь валютын захын ам.долларын нийлүүлэлт, ченжүүдийн хүлээлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Мөн зарим үйлдвэр, компаниуд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад үйл ажиллагаа нь завсарласан байсан. Одоо тэдний ажил эрчимжиж үүнийгээ дагаад ам.долларын эрэлт нь өссөн. Энэ мэт шалтгаанаар долларын үнэ ойрын өдрүүдэд савалж байна” гэв. Ам.долларын ханш өсөхийн хэрээр төгрөгийн ханш суларч байна. Төгрөгийн ханш оны эхнээс 6.9 хувиар буурчээ.