Д.ОЮУНЧИМЭГ

 

Архи, тамхинд ног­дуулах онцгой албан татвар нэмэгдэх сургаар архи, тамхины үнэ нэ­мэгд­чихсэн байсан. Түү­нийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хуурамч архи үйлдвэрлэл, спиртийн наймаа ч газар авах болов уу гэсэн иргэдийн болгоомжлол байлаа. Шийдвэр нэгэнт гарчихсан тул бусад барааны үнэ нэмэгдэх магадлал байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна.

Архи, согтууруулах ундаанд ногдуулах татвар бага байгаагаас сүүлийн жилүүдэд дотоодод үйлд­вэрлэсэн архи, согтууруу­лах ундааны хэмжээ нэмэгдэж байгаа төдийгүй хэрэглээ нь сүүлийн гурван жилд өмнөх жилүү­дийнхээс 43,2 хувиар өсчээ. Тиймээс архины хэрэглээг хязгаарлах, зо­хистой зөв төвшинд байл­гах, түүний хор хөнөөлтэй тэмцэх зорилгоор энэ хуу­лийн төслийг боловсруул­сан. Уг төсөлд 25 хувиас дээш хатуу­лагтай, дотоо­дод үйлдвэр­лэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэ­хээр тусгасан бөгөөд ар­хины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ төсөл батлагдсанаар энэ оны төсвийн орлого 20 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзжээ. Энэ сарын 11-нд уг төсөл батлагдсан юм.

Төрийн шийдвэр бодит амьдралд хэрхэн хэрэг­жиж эхэлснийг сурвалж­ла­хаар хэд хэдэн дэлгүүр, худалдааны төвөөр орлоо. Замд тааралдсан найман нэрийн барааны дэлгүү­рээр ороход өмнө нь 5500 төгрөгийн үнэтэй байсан 0.5 литрийн “Ерөөл” архийг 10000 төгрөгөөр худалдаалж байв. Үнэ нь нэмэгдсэн архины худал­дан авалт хэр байгаа бол гэдэг нь сонирхол татаж байсан учраас дэлгүүрийн худалдагчаас “Үнэ нэмэг­дээд худалдан авалт багасч байна уу” гэхэд “Иргэд яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ гээд л аваад гардаг” гэлээ. Харин “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ойролцоохь “Сансар” бөөний худал­дааны төвийн худалдагч “Манай худалдааны төвд “АПУ” компани л үнээ нэмэх санал ирүүлсэн. Уг компанийн архи, согтууруулах ундаа 800- 5600 төгрөгөөр нэмэгдэн худалдаалагдаж байгаа гэлээ. Ажилдаа явахаар такси барилаа. Таксины жолооч км нь 800 төгрөг гэв. Учрыг лавлахад “Юмны үнэ өсөөд байхад би яалтай вэ. Дураараа нэмээд байгаа юм алга” гэх юм. Уг нь зөвхөн 25 хувиас дээш хатуулагтай архи болон тамхинд ногдуулсан татвар бусад бараа бүтээгдэхүүнд хамаагүй байлтай. “Хүчит шонхор” захад хүнс цуглуулж яваа иргэд “Үнэ өсөөгүй гэж байгаа ч бага зэрэг нэмэгджээ” хэмээн бухимдаж байв. “Ер нь юмны үнэ долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 50-100 төгрөгөөр нэмэг­дээд байна. Өглөө бүр сургуулийн хүүхдэдээ 1000 төгрөг өгч явуулдаг. Гэтэл охин минь мөнгө хүрэхгүй байна гээд байгаа учраас 1500 төгрөг болгосон. Ингээд л надаас гарах зарлага нэмэгдсээр байна даа. Дээр нь махны үнэ буурах шинжтэй байснаа эргээд л нэмэгдчихлээ” хэмээн Сүхбаатар дүүр­гийн иргэн Д.Дашжамц ярьсан юм. Хэрэв бусад бүтээг­дэхүүнд үнэ нь халдсантай адил талхыг тамхиар хийж, авто­машиныг архиард явуул­даг  байсан бол нийлүүлэлт тасрахгүй байсан биз ээ.