Э.ӨНӨР
Монголд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрийг хөрш орны Засгийн газрын иргэдийнхээ байрны эрэлтийг хангах бодлоготой харьцууллаа.
МОНГОЛД ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААНД 18-38 САЯЫГ ТӨЛЖ БАЙНА
Манай улсад өнгөрсөн онуудад 100, 40 мянган, 4000 айлын орон сууцны хөтөлбөрүүд хэрэгжсэн. Төрөөс иргэдээ байраар хангахаар хэд хэдэн хөнгөлөлттэй хөтөлбөр зарласан ч дүн нь хангалтгүй. 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн зээлийн нөхцөлд төрийн болон хувийн хэвшилд ажиллахаас гадна заавал хувийн бизнес эрхэлдэг хүнийг үүнд хамруулна гэж хатуу заалт оруулсан нь бизнес эрхэлдэг цөөн тооны хүнд энэ хөтөлбөр хүрчээ. Ингэснээр 40 мянган байрны тал хувьд бэлэн мөнгөөр шууд худалдаж авах чадалтай хүмүүс галаа асаасан нь хөтөлбөр эзэндээ хүрээгүйн нэг жишээ юм. Үүний дараа хэрэгжсэн төрийн албан хаагчдад зориулсан 4000 айлын орон сууц хөтөлбөр төрд ажилладаггүй дундаж орлоготой айлаас холуур төсөл болов. Тэдний сул талыг ашиглаж “Зөвхөн та нарт зориулсан хөтөлбөр” хэмээн 100 мянган айлын зургаан хувийн хүүтэй зээлийг зарласан ч энэ нь сонгуулийн шоу байжээ. Харин одоо төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөр бэлэн мөнгөний хуримтлалгүй залуус, дундаж орлоготой айлаас 18-38 сая төгрөг шаардаж байгаа юм.
ОХУ БАЙРНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ 140 САЯ АМ МЕТРТ ХҮРГЭНЭ
Ирэх онд тус улс орон сууцныхаа ам метрийн үнийг 1000-3000 рублиэр бууруулах судалгаа, тооцоог гаргжээ. Хойд хөршид орон сууцны ам метр 28-30 орчим мянган рублийн үнэтэй байгаа аж. Энэ ханш ирэх онд 1000-3000 рублиэр буурах нөхцөл бүрдэж байгааг тус улсын Барилгачдын ассоциациас мэдэгджээ. Үүнд ОХУ-ын төрөөс баримталж буй орон сууцны зах зээлийг нийлүүлэлтээр хангах бодлого нөлөөлж байгааг Оросын Барилгачдын ассоциацийн захирал Николай Кошман онцолжээ. Хойд хөрш 2010-2011 онд энэ салбартаа 80 сая ам метр талбайг ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн ч 62 саяыг бэлдсэн байна. Энэ нь орон сууцны ам метрийн үнэ 2000-4000 рублиэр өсөх шатлгаан болсон гэнэ. Гэхдээ ирэх онд зах зээлд 140 сая ам метр талбайг ашиглалтад өгөхөөр бүх нөхцөлөө хангасан байна. Үүний үр дүнд байрны үнэ буурна гэж тооцоолжээ. Тус улсад хэрэгжиж байгаа орон сууцны зээлийн нөхцөл Монголынхоос харьцангуй уян хатан. Зээлээр байр авбал урьдчилгаанд 15-18 хувийг төлж, нийт зээлээ 25 жилийн хугацаанд дуусгах юм байна.
ХЯТАДАД ОРОН СУУЦ ДАМЛАН ЗАРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
Урд хөршид орон сууцыг дамлан зарахыг хориглодог байна. Энэ нь Хятадын засаг захиргааны байрны үнийг барих гэсэн бодлогуудын нэг аж. Өнгөрсөн онд өмнөд хөршид байрны үнэ таван сар дараалан буурчээ. Үүнийг шинжээчид “Хятадын засаг захиргаанаас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хянах болон орон сууцны чанга бодлого авч эхэлсэн нь үр дүнгээ өгч байна” гэж дүгнэжээ. Гэвч Хятадад өнгөрсөн сард байрны үнэ өсчээ. Хятадын томоохон 70 хотын шинэ орон сууцны үнийг тусгасан судалгааны дүнг тус улсын Статистикийн газар энэ сард танилцуулжээ. Тэдгээрийн 68 хотод байрны үнэ өссөн байна. Шанхайд 3.2, Шэньжэньд 2.8, Бээжинд 2.7 хувиар өсчээ. Энэ өсөлт удаан үргэлжилбэл үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс үүсч, ашгийн төлөөх худалдан авалт нэмэгдэнэ. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн эздэд татвар ногдуулах хуулийг бүх хотод хэрэгжүүлэхэд анхаарч, томоохон хотуудад орон сууцны үнийг барихын тулд үнийн заалт гаргахыг Хятадын Засгийн газар хотуудын дарга нарт үүрэг болгожээ.