Д.ОЮУНЧИМЭГ
Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ын 2014 оны тайланг өчигдөр танилцууллаа. Тус тайланг “Кэй Пи Эм Жи аудит” компани хараат бус хянагч нэгтгэгч хийжээ. Тус компани нь Монгол-Францийн консерциум юм. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ олон улсын стандарт 4400-гийн дагуу гүйцэтгэсэн тухайгаа тус байгууллагын зөвлөх менежер Ш.Номиндарь хэлэв. Мөн тэрээр тайланд аль нэг талын саналыг илүүд үзээгүй гэв. Тэд олон талт ажлын хэсгийн хүсч буй зүйлийг ижил төвшинд тусгасан хэмээв.
Тайланг бэлтгэхээс өмнө эхлэлтийн семинарыг зохион байгуулж оролцогч талуудын байр суурийг эрх тэгш оруулахыг эрмэлзсэн байна. Тиймээс таван дэд хэсэгт багтаажээ. Тухайлбал, эхлэлтийн семинар, эрсдэлд суурилсан сонгох аргачлал, орон нутгийн тайлагналыг онцлох, цахим тайлангийн системийн үнэлгээ, мэдээллийн бүрэн байдлын гэрчлэлийг тусгасан аж.
Мөн 2014 оны нэгтгэл болон тайлан бэлтгэлийн ажлын хүрээнд төрөл бүрийн шинэ санал, санаачилга, сайжруулалтуудыг авч хэрэгжүүлснээ зөвлөх менежер онцолсон.
Тайланг эхлэх үед Засгийн газрын тайлагнасан орлогыг авч үзсэн байна. Үүнд 1573 компаниас орлого авсан хэмээн бүртгэгджээ. Эдгээр компаниас нэгтгэлд хамруулахаар 236 компанийг сонгосон байна. Сонгогдсон компанийн орлогын урсгал дүнгийн зөрүү нь 271 тэрбум төгрөг байсан хэмээн тэрээр хэлсэн юм. Харин тайлангийн дараах байдлаар цэвэр зөрүү нь 581 сая төгрөг болж буурсан аж.
Өнгөрсөн сарын эхээр ОҮИТБС-ын чуулган болсон. Энэ үеэр дунд хугацааны стратегийн баримт бичиг боловсруулахад оролцогч талуудаас санал, зөвлөмж авахыг зорьж буйгаа зохион байгуулагчид онцолсон юм. Гэвч чуулганд төр, компани, иргэний нийгэм, хөгжлийн байгууллагууд, орон нутаг зэрэг олон талын төлөөлөл бүхий 200 орчим төлөөлөгчид оролцож байгаа гэх боловч төр болон компанийн төлөөлөл төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа талаар оролцогчид ярьж байв. Тайлан гаргах явцад ч компаниуд хойрго хандах байдал ажиглагдаж байсныг албаныхан хэллээ. Мөн энэ үеэр ОҮИТБС-ын тайланг тогтмол сайн гаргасан болон олны хүртээл болгоход санаачилгатай ажиллах хэрэгтэйг төлөөлөгчид сануулж байсан юм.
ОҮИТБС-д Монгол Улс нэгдсэнээр Засгийн газар, Компани, Иргэний нийгмийн төлөөлөл гэсэн гурван талын оролцоог хангах замаар харилцан итгэлийг бэхжүүлж, тэргүүлэгч компаниудын төлбөр, нийгэмд оруулж буй хувь нэмрийг ил тод болгох боломж бүрдсэн гэж үздэг. Мөн олборлох салбар ил тод хариуцлагатай болсноор хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх боломжтой гэдгийг салбарынхан онцолж байна.
Тайланд дурдсанаар материаллаг байдлын босго болон эрсдэлд суурилсан аргачлалыг ашиглажээ. Энэхүү босгыг тогтоохдоо нэг бүрчлэн болон түүвэрлэн нэгтгэсэн аж. Тухайлбал, нэг бүрчлэн нэгтгэх бүлэгт улсын хэмжээнд 250 сая төгрөг, орон нутгийн хэмжээнд 100 сая төгрөгийн босго тогтоосныг мэргэжилтнүүд хэллээ. Ингэж босго тогтоосноор компаниудын оролцоо идэвхжсэн байна. Нэгдүгээр бүлэг буюу нэг бүрчлэн нэгтгэх хэсэгт улсын хэмжээнд 183 компани, орон нутагт 59 компани хамрагджээ. Харин хоёрдугаар бүлэгт улсын хэмжээнд 44, орон нутагт 22 аж ахуйн нэгж хамруулан нийт давхардаагүй тоогоор 236 компани дээрх тайланд оролцжээ.
Эндээс харвал аж ахуйн нэгжийн оролцоо муу байгааг илтгэнэ. Тайлан гаргах үед зарим лиценз эзэмшигч 2014 онд олборлох үйлдвэрлэл явуулаагүй тохиолдол гарснаас гадна тухайн компаниуд голлох бизнесийн үйл ажиллагаа олборлох үйлдвэрлэлтэй холбоогүй байжээ. Тиймээс Засгийн газрын төвшинд аж ахуйн нэгжийн олборлох үйлдвэрлэлээс бусад үйл ажиллагаанаас олсон орлогыг ангилах горимыг хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн байна. Үүний тулд орлогын урсгалыг төслийн төвшинд задлан харуулах нь зүйтэй гэв.
Ийнхүү ОҮИТБС-ын хүрээнд компаниуд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангүй идэвхтэй оролцсоныг тайлан гаргачид онцолсон юм. Мэдээж дутуу зүйл байгаа боловч анх хийж эхлэх үеэс ахисан төвшинд гарсныг дуулгасан. Ингэснээр улсын төсөв болон орон нутагт оруулсан орлого, нийгмийн хариуцлага, иргэдийн оролцоо цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэж буйгаа төслийг хэрэгжүүлэгч ажлын албаныхан хэлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин