Э.ӨНӨР

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах иргэдийг нийгмийн даатгалын байгууллага  зургаан сар бүртгэжээ. Даатгалаа нөхөн тооцуулах сүүлчийн долоо хоног үргэлжилж байгааг мэргэжилтнүүд санууллаа. Хугацаа дөхөхтэй зэрэгцээд нийгмийн даатгалын байгууллага руу яарах хүмүүсийн тоо ихэсчээ.

 

ИРГЭД ХУГАЦАА АЛДАЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст дарааллах иргэдийн цуваа тус хэлтсийн гадна үргэлжилнэ. Хүмүүс мэдээллийн самбар дахь зарлалыг уншаад уулга алдана. Тэд нийгмийн даатгалаа нөхөн тооцуулахад шаардах бичиг баримтаа дутуу бүрдүүлж ирснээс дахин нэг өдрийг алдахад хүрч байлаа. Материалаа дутуу бүрдүүлснээс болж гэр рүүгээ буцах иргэдэд даатгалын мэргэжилтнүүд “Нийгмийн даатгалаа нөхөн тооцуулахад ямар бичиг баримт бүрдүүлэхийг зургаан сарын турш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, та нарын гар утсанд илгээсэн” хэмээн учирлана. Харин иргэд тэднээс маргааш хэдэн төгрөг, ямар материал бүрдүүлж ирэхийг зааварчлах мэдээллийн тусгай ажилтан нэхнэ. Урт дараалалд зогссон хүмүүс, даатгалын мэргэжилтний хооронд үл ойлголцол, уур бухимдал, учирлаж талбарлах өнгө аяс үргэлжилж байв.

Тэдний нэг  иргэн М.Бааст 2004 оноос хувиараа бизнес эрхэлж байгаа. Улсад ажилласан жил байхгүй. Ийм нөхцөлд нийгмийн даатгалд хамрагдаж болох эсэхийг асуухаар иржээ. Харин иргэн П.Батмөнх 2004 онд тэтгэвэрт гарсан. 1999 оноос хойш ажил хийгээгүй тул дээрх хугацаагаа нөхөн тооцуулж болох эсэхийг тодруулахаар ирсэн байв. Энэ мэтчилэн дугаарласан иргэдийн олонхи нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж болох эсэхээ тодруулахаар энэ газрыг зорьжээ. Нийгмийн даатгалаа нөхөн тооцуулахаар тус байгууллагыг зорьсон иргэдийн ажилласан жилийн нэмэгдлийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс олгоно гэдгийг энэ үеэр дуулгалаа.    

 

М.Гэрэлмаа:

ДҮҮРГҮҮДЭД ӨДӨРТ 300-600 ХҮН ХАНДАЖ БАЙНА

Нийгмийн даатгалаа нөхөн тооцуулж буй иргэдийн мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газар өдөр бүр аймаг, дүүргүүдээс авч байгаа аж. Тус газрын Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн М.Гэрэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар хэчнээн хүн даатгалаа нөхөн төлүүлэхээр бүртгүүлээд байна вэ?

-Одоогоор улсын хэмжээнд 298 мянга 659 хүн нийгмийн даатгалаа нөхөж авахаар бүртгүүлсэн. Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сард батлагдаж энэ ажил жилийн хугацаанд үргэлжилж байна. Даатгалаа нөхөн тооцуулах иргэний тоог урьдчилан тооцоолсноор 500-700 мянга гэж гаргасан боловч орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнөөс болж яг тогтсон тоог гаргах боломжгүй болсон.

-Бүртгэл дуусахад 10 хүрэхгүй хугацаа үлдлээ. Амжаагүй иргэд үүнээс хойшхи хугацаанд нөхөн төлүүлэх боломж бий юу?

-Хуулиар 1990-2000 он гээд яг 11 жилийн хугацаа заагаад өгсөн. Магадгүй энэ хугацаанаас хойш хугацаанд нийг­мийн даатгал төлөг­дөөгүй тохиолдолд тухайн байгууллагын хө­дөл­мөрийн гэрээ, ажил гүйцэтгэгч гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, цалин хөлс авсан тохиолдолд заавал даатгалд хамрагдах ёстой болдог. Гэтэл тухайн үед ажил хийгээд цалин авсан ч байгууллага нь нийгмийн даатгал төлөөгүй тохиолдолд тухайн байгуулага аль орон нутгийн нийгмийн даатгалын газартай харьяалагдаж байна тэр газартаа албан ёсоор хү­сэлтээ гаргаж өгөх ёстой. Хуулийн хугацаа дуусахад маш бага хугацаа үлдсэн.

-Нийгмийн даатгалыг нөхөн тооцох үеэр ямар хүндрэл, бэрхшээл гарч байна?

-Нийслэлийн зургаан дүүрэгт хугацаа дөхөх тусам ачаалал нэмэгдэж байна. Зургаан сарын турш бүртгэл үргэлжилсэн ч хүмүүс цагийг нь тулгаж ачаалал үүсгэж байна. Ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэлтсүүдэд ачаалал их байна. Мөн хөдөлмөрийн дэвтэрээ хаясан ир­гэн олон байгаа нь дүүргүүдийн мэдээллээс ажиглагдсан.

-Нэг дүүрэгт өдөрт хичнээн хүн хандаж, бүртгүүлж байна вэ?

-Ойролцоогоор 300-600 гаруй хүнд үйлчилж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.