Ч.ОЛДОХ

Айсуй шинэ жилийн  хамгийн хүндэт  зочин өвлийн өвгөн  завгүй  явна. Цагаан малгай, цэнхэр нөмрөг тэргүүтэн гоёл өмсчихөж.  “Өвлийн өвөө, түр хүлээгээч...тавхан хором”, “Хүүе өвөө, тавхан асуулт”  хэмээн дагаж гүйлээ. Өвлийн өвөөМонгол Улсын гавьяат жүжигчин Ёндонгийн Цог гуайтай ингэж уулзав. Цөөн асуултад хариу авснаа уншигч танаа хүргэж байна.

12-18-1a1-Өвлийн өвөөтэй тааралдсандаа бэлэгшээж байна шүү. Хүүхдүүдэд бэлэг тарааж баярлуулахаар ажилдаа гарч явна уу?

-Саяхныг хүртэл тун завгүй байлаа. “Өнгөт инээдхамтлагийн 20 жилийн ой гэж хүүхдүүд бужигнаад, тэднийхээ  ээлжгүй морин жолоочийг хийлээ. Бас  Монгол киноны 80 жилийн ой болж уулзалт, цуглаан гэж хэд хоног явлаа. Түүнийг залгуулаад өвлийн өвгөнд тоглох хүндтэй бас хариуцлагатай ажил маань эхлээд явж байна даа.

-Та хэзээ анх өвлийн өвгөн болж байв?

 -/Бодолхийлэв/ Ногоон модны наадам гээч юм Европоос  Монголд анх орж ирж байх үед мэдээ орж байсан хүүхэд юм аа даа, биТэр үед манай аав  Ёндон гэж хүн Булган аймгийн холбооны даргаар ажиллаж байсан юм,  1932 онд. Миний аав цэргийн сургууль төгсч ирсэн Монголын анхны инженерүүдийн нэг л дээ. Манайх холбооны утасны хорооны хашаанд буучихсан, би  холбооны даргын хүүхэд гээд гүйж явлаа. Тэр өвөл аав минь ногоон мод авчирч гэртээ заслаа. Ээж миний хурган дотортой дээлийг гадагш харуулж өмсгөн цэнхэр нөмрөг зүүлгэж, хөвөнгөөр сахал хийж наагаад, даавуугаар    олон жижигхэн цэнхэр уут оёж, дотор нь чихэр хийн  тэр хавийн хүүхдүүдэд тараалгасан. Би тэр үед таван настай байсан байх. Тэгж анх өвлийн өвгөн болсон доо.

-Тэр үеийн бэлгэн дотор юу хийдэг байсан юм бэ?

 -Дээхнэ үед тэр баяраар орж ирдэг тамхи ороодог цаасанд боосон яблоки  гээч юмны үнэр жигтэйхэн гоё. Бэлгэн дотор нэг алим, хэдэн чихэр хийчихэд юу юунаас илүү баярладаг байлаа.

-Та  хүүхэд байхдаа тийм бэлэг авч баярлаж явж. Харин одоо... ?

 -Хүүхэд байхад өвлийн өвөөгөөс бэлэг авч үнсүүлэх сайхан байсан. Сүүлд өвлийн өвгөн болж  хүүхдүүдийг баярлуулдаг болсон. Их сайхан ажил шүү.

-Таныг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн  агсныг орложөвлийн өвгөнд тоглож  байсан гэдэг юм билээ?

-Нэг удаа тийм юм болсон. Г.Гомбосүрэн багш  Дундад Ази, Казахстан руу ажлаар явсан үед би Төрийн ёолкны өвгөнд нэг удаа тоглосон юм, Ж.Батмөнх даргын үед.

-Ер нь та хэдэн жил энэ дүрийг бүтээж байна. Шинэ жилийн баяраар танд юу бодогддог бол?

-Хүүхдийн ордон, албан байгууллагуудын урилгаар  50-аад жил  өвлийн өвгөнд тогложээ. Энэ баярыг  хүүхэд, залуус тэсэн ядан хүлээдэг. Өвөөгөөс бэлэг авна гэж мөрөөддөг. Би ч хүүхэд байхдаа тийм  байсан. Түүн шигээ  шинэ жил болно, хүүхдүүддээ бэлгээ өгнө гэхээр сэтгэл хөдөлдөг. Хөгшин морь өөрийгөө уяж уяан дээр зогсдог гэдэг шиг шинэ жил дөхөхөөр хувцас хунараа бэлдэнэ.Сахал үсээ гаргаж хэд хоногийн өмнөөс янзалж тавинаӨмсгөлөө бэлдчихээд хараад сууж байх сайхан байдаг.

-Хүүхэд байхад шинэ жилийн баяр он солигдох мөчид үнэхээр л дээр гялалзаад байгаа од мичидийн орноос, тэр их цас мөстэй газраас  өвлийн өвгөн давхиад ирдэг юм байна даа гэж боддог, итгэдэг. Та ч бас тэгж боддог байсан уу, эсвэл?

-Үнэхээр яг л тэгж төсөөлөгддөг, бодогддог байж дээ. Одоо ч гэсэн надад монгол загварын сампинтай малгай өмссөн, дээл, нөмрөгөө намируулсан өвлийн өвгөн  Г.Гомбосүрэн багшаар минь төсөөлөгддөг.Анх аавтайгаа хамт хотод ирж сургуульд ороход  тийм л дүр төрхтэй  өвлийн өвөө  бэлэг тарааж байсан. Тэр дүр сэтгэл зүрхэнд шингэж үлджээ.

-Өвлийн өвгөн хүмүүсийг баярлуулж, бэлэг тараадаг. Тэгэхээр буянтай үйлс байх?

-Нэгэнт өвлийн өвгөн болсон хойно Хөдөлмөрийн баатар Р.РашХөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин  Л.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Г.Хайдав тэргүүтэй багш нар минь надад үнсүүлж бэлгээ авна шүү дээ. Тэр бол тэнгэр бурхнаас миний хувь заяанд заасан, зураг тавилангаар учирсан сайхан тохиол. Хүн болгонд олдохгүй завшаан. Үүнийгээ би дотор сэтгэлдээ буянтай үйлс хийж байна, хүмүүсийг баярлуулж байна гэж боддог. Нас явж, өөрөө ахмадуудын тоонд орохоор сэтгэл улам сайхан болж, хийж яваа ажил үйлсээсээ  сэтгэлийн ариуслыг олж, баяр баясгалан төрж, ахиад хэдэн жил наслах баяр хөөр, эрч хүчийг авдаг. Энэ чанараараа өвлийн өвгөн, цасны өвөө байна гэдэг найман настай балчраас 80 настай өвгөд хөгшдөд хүртэл өвлийн өвгөн гэсэн сэтгэгдлээрээ үлдэж хоцорч, тэдэнтэй ирж байгаа шинэ сайхан бүгдийг угтаж, тараалцаж, эргэж үлдээх юмыг нь хамтдаа орхиж, он цагийн босгонд өвлийн өвгөн болдогтоо баяртай байдаг.

- Баярын энэ өдрүүдэд монголчууддаа, манай уншигчдад хандаж та  юу хэлэх бол?

-Ирэх оныг авчрахаар завгүй яваа өвлийн өвөө нь  аз жаргал дүүрэн Монгол орныхоо хүүхэд багачууд, бүх хүнд  шинэ оны  мэндийг урьдчилан дэвшүүлье. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин