Э.ӨНӨР

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан тухай мэдээг Үнэдсний статистикийн хорооноос мэдээлээд байна. Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн нь зах зээлд мэдрэгдэж буйг тус хорооныхон онцоллоо. Харин хөрш орнуудад инфляц ямар төвшинд байгааг сонирхоё.

 

ИНФЛЯЦ БУУРАХАД УНДААНЫ ҮНЭ НӨЛӨӨЛЖЭЭ

Монголд хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сард өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, оны эхнээс 4.7 хувь, жилийн өмнөхөөс 8.8 хувиар өссөн байна. Инфляц өмнөх сарынхаас  0.3 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн бүтээгдэхүүний үнэ 0.9 хувиар хямдарсан нь нөлөөлжээ. Мөн үүнд  байрны ус, цахилгаан, түлшний төлбөр 0.7 хувиар буурсан нь нэмэр болжээ. Гэхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0.3 хувиар доошилоход нөлөөлсөн орон сууцны дулаан, ус, цахилгааны төлбөр ирэх сард нэмэгдэх болсныг албаны хүмүүс мэдэгдсэн. Харин эдийн засагчид энэ сард тогтвортой байсан инфляц ирэх саруудад өснө гэсэн таамаг дэвшүүлж байна. Учир нь ирэх сарын нэгнээс эрчим хүчний үнэ өснө. Үүнтэй зэрэгцээд хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хувцас болон зарим барааны үнэ өсөх магадлал өндөр байгааг тэд онцоллоо.

 

УРД ХӨРШИД ИНФЛЯЦ 2.1 ХУВИАР ӨСӨВ

Хятадад өнгөрсөн хоёр сард өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүний үнэ  өссөнийг тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Урд хөршид инфляц өнгөрсөн хоёр сард өмнөх сараас 2.1 хувиар өсөхөд хүнсний ногооны үнэ голлон нөлөөлжээ. Мөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар буурсан бол шинжээчид 2.6 хувиар бууна гэж таамаглаж байв. БНХАУ-ын Статистикын хорооноос гаргасан мэдээгээр 1986-2013 оны хооронд тус улсын Хэрэглээний үнийн индекс дунджаар 5.86 хувьтай байсан бол бүх цагийн үеийн хамгийн дээд төвшин нь 1989 онд 28.4 хувьд хүрсэн аж. Харин тус улсад инфляц 1999 оны -2.20 хувьд хүрч хамгийн бага хувьд хүрчээ. Мөн бүтээгдэхүүний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс зургадугаар сард  -2.7 хувиар буурсан бол шинжээчид -2.6 хувиар бууна хэмээн таамаглаж байжээ. Харин өнгөрсөн тавдугаар сард -2.9 хувиар буур ч байсан юм.

 

ОХУ-Д ИНФЛЯЦ ӨНДӨР БАЙНА

Жилийн өмнө инфляцийн өсөлт нь ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа тухай тус улсын Төв банкнаас мэдэгдэж байв. Харин түүнээс хойш  Орост өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд хэдэн удаа буурсан ч өнгөрсөн сард өссөн үзүүлэлттэй гарчээ. Хойд хөршид инфляц 6.90 хувьтай байгаа аж. Энэ нь 1991 оноос хойш тус улсад өргөн хэрэглээний барааны үнийн индекс 152.2 хувиар өссөн үзүүлэлт  болж байгааг tradingeconomics.com цахим хуудаст онцолжээ. Орост өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд хоол, ундаа, архины үнэ голлон нөлөөлжээ.