Б.НОМИН
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Туяаг Улаанбаатар хотод ирээд байхад нь уулзаж, ярилцлаа.
-Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрынхаа талаар манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
-Завхан, Архангай аймгийн таван сумыг хамарсан Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2000 онд Улсын тусгай хамгаалалтад авсан. Нийтдээ 525 мянган га талбайг хамардгийн 362 мянга га талбайг манайх хариуцаж байгаа. Хангайн нурууны ховор, ховордсон амьтан ургамлын өлгий нутаг, төв Азийн ус хагалбарын муж Сэлэнгэ мөрөнд цутгадаг томоохон голуудын эх гэдэг утгаараа энэ газрыг 2000 онд улсын тусгай хамгаалалтад авсан юм билээ.
Тарвагатайн нурууны ар бэлээс дөрвөн халуун рашаан ундардаг. Зургаан халуун рашаан байдгийн дөрөв нь манай тусгай хамгаалалттай газарт хамрагддаг юм. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газар л даа. Ховор, ховордсон ан амьтантай, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газрууд бий.
-Одоо ямар бүтэцтэй, хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Манайх долоон байгаль хамгаалагч, гурван мэргэжилтэнтэй. Тэгээд захиргааны ажилтнуудтайгаа нийлээд 15 хүний бүтэцтэй. Жилд130 сая төгрөгийн төсөвтэй.
-Танай тусгай хамгаалалттай газрын гол баялаг нь ой. Гэтэл 2002 онд танай ойн багагүй хувь нь түймэрт өртсөн шүү дээ. Одоо хэр сэргэж байна?
-Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын гуравны нэгд нь ойн сан бий. Ойн сангийн маань 50 хувь нь 2002 оны түймэрт шатчихсан. Энэ түймэр цэвдэг доошилсон үе буюу долдугаар сарын 20-ны үед гарсан түймэр. Дээгүүр үндэстэй моднууд нь унаад хөрсний 40-50 см нь нурамшчихсан. Ингээд шатсан талбай маш их болчихсон. Тарвагатайн нурууны шатсан ойд 40-60 хувь шатах материалын нөөц бий. Өөрөөр хэлбэл, түймэрт өртөж болох хамгийн эмзэг ой.
-Шатах материалын нөөц гэдгийг тайлбарлахгүй юу?
-Ойгоос гаргахгүй бол тэндээ шатах материал болоод хадгалагдаад байгаа гэсэн үг. Тийм газарт түймэр асахад маш амархан болчихдог юм.
-Цэвэрлэж, янзлах боломж байдаг уу?
-2005 онд ойн модных нь чанартай үе байсан. Тэр үеэс нь эхлээд цэвэрлээд авчихъя, байгальдаа ч, авч байгаа хүндээ ч ашигтай гэж асуудал тавьсаар байгаад 2009 онд Ойн газрын даргын тушаалаар баталсан ажлын хэсэг очиж судалгаа хийсэн. Ингээд Тарвагатайн нурууны шатсан ойн 30 мянган га газрыг цэвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дагуу 2010 оноос эхлээд цэвэрлэгээний ажил хийж байгаа. Энэ бол их том талбай. Гэвч бид нөөц бололцооноосоо шалтгаалаад тэр хэмжээндээ хүрч цэвэрлэж чадахгүй байна. Одоогоор яг 1008 га талбайг цэвэрлэчихсэн байгаа.
-Энэ ойг мөнгөөр тооцвол багагүй тоо гарах байх даа?
-Нэг ийм тоо байсан. Монгол Улсын хэмжээнд 15 сая шоометр унанги байдаг. Тэрийг нь мөнгөн хэлбэрт шилжүүлэхээр 800 тэрбумаас нэг триллион төгрөгийн төрийн өмч тэнд үнэгүйдэж байна гэсэн судалгаа бий. Энэ тоо сүүлд дахиад нэмэгдсэн байна лээ. Харин Тарвагатай нурууны шатсан ойд судалгаа хийж үзэхэд 3,2 тэрбум төгрөгийн унанги бий. Тусгай хамгаалалттай газар гэдэг утгаараа энэ бол нэгдүгээр бүсийн ой. Хэдийгээр шатсан ой ч гэсэн, нэгдүгээр бүсийнх гэдэг утгаараа унанги цэвэрлэх гоожингийн зөвшөөрөл төлбөртэй байдаг. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл ажиллахад улсын төсөвт 40 сая төгрөгийн гоожингийн төлбөр орж байсан.
-Цэвэрлэх зөвшөөрөлтэй талбайнхаа хаана нь ч хүрээгүй байгаа юм байна шүү дээ?
-Тийм. Улсын тусгай хамгаалалттай ойд цэвэрлэгээг сайдын тушаалын дагуу хийдэг. Энэ дагуу бид энэ талбайг цэвэрлэж байгаа. Гэвч өнгөрсөн сонгуулийн дараа аймгийн удирдлага солигдсоны дараа бага зэрэг үл ойлголцол гарч байна л даа.Бид аймаг, сумынхаа ИТХ болон Засаг дарга нарт ажлаа ойлгуулаад эхлэх гэсээр байтал өчнөөн хугацаа алдчихлаа л даа.
Энэ жил л гэхэд аймгийн ИТХ-ын шйидвэрээр Завхан аймгаас гадагш өөр аймаг, сумын нутаг руу мод гаргахгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр борлуулалт байхгүй болчихож байгаа юм. Тарвагатайн нурууны тэр хол бартаатай газраас тээвэрлэлт хийгээд мод авах гэж байгаа хүмүүс чинь нэг газрын дэмжлэг авчихсан байдаг юм байна. Баян-Өлгийгөөс юм уу, хүмүүс тэнд мод хэрэгцээтэй байна гэхээр нь мөнгийг нь урьдчилаад авчихдаг. Тэгээд модыг нь өөр аймаг, сум руу гаргахгүй болохоор больчихдог байх жишээтэй.
-Зарж борлуулах боломжгүй болгочихлоо гэсэн үг үү?
-Миний хувьд мод гадагш нь гаргахгүй байх тал дээр өөр байр суурьтай байгаа. Мод угаасаа л төрийн өмч. Монгол Улсын төрийн өмч болохоос Завхан аймгийн өмч биш. Тэр өмчийг хэрхэн олон нийтдээ хуваарилж өгөх вэ гэдэг асуудал бий. Манай тэндхийн мод говьд хэрэгтэй байна. Гэтэл нөгөө нутагтаа хаягдал болчихоод байгаа мод нь говь руу гарч чадахгүй түгчигдчихдэг. Нөгөө талаар хүний өмч рүү халдаж байгаагаас ялгаагүй болчихож байгаа юм л даа. Тэр мод ойд байхдаа бол төрийн өмч мөн. Харин гоожин бэлтгэх мөнгөө төлөөд эрхийн бичгээ аваад модоо хашаандаа тавьчихсан хүний хувьд хувийн өмч болчихмоор юм шиг. Хувийнхаа өмчийг хааш нь яаж борлуулах вэ гэдэгт нь аймгаас оролцоод байдаг. Модыг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргана гэж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн гэдэг нь яг юугаа хэлээд байна вэ гэдэг бас ойлгомжгүй. Модыг дүнз болгож байна. Дүнзээр байшин барьчихаар тэр нь эцсийн бүтээгдэхүүн юм уу, дүнз нь эцсийн бүтээгдэхүүн юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Тэгэхээр тэр модоор Завханд л байшин барьж болох нь. Улаанбаатар, өөр аймагт аваачаад барья гэхээр болохгүй нь. Ийм л юм болчихоод л байна даа.
Говийнхон нүүрсээ хангайнханд хэрэглүүлэхгүй гэж байгаагаас ялгаагүй л болчихож байгаа юм. Иймэрхүү зүйлүүд дээр мэргэжлийн хүмүүсийн саналыг авалгүйгээр олон нийтэд мөрдөгдөх хэм хэмжээг гаргаад байна уу даа гэж бодоод байгаа юм. Ганцхан Завхан аймагт тэгээгүй л дээ. Архангайд бас иймэрхүү шийдвэр гаргасан байна лээ. Хязгаарлалт байж болно л доо. Иймийг нь тийш нь гаргая, эсвэл хугацаатай байя гэж болно. Тодорхой хугацаанд зөвшөөрдөг байх ч юм уу, тиймэрхүү байдлаар шийдмээр байгаа юм.
-Энэ оныг БОНХЯ-наас Байгаль орчны боловсролын жил болгон зарласан шүү дээ. Энэ хүрээнд та бүхэн ямар ажил хийж байна вэ?
-Тодорхой ажлууд хийгээд явж байна. Ой, ус, амьтан, ургамал, газар гэсэн таван сэдвээр сурагчид болон олон нийтэд мэдээлэл хийж, гарын авлага тарааж байна. Бас байгаль орчин, эдийн засаг хоёрын аль нь давуу юм бэ гэдэг сэдвээр ес, аравдугаар ангийнхны дунд мэтгэлцээн зохион байгуулсан. Нэг хэсэг нь эдийн засаг чухал гэдгийг, нөгөөх нь байгаль орчин чухал гэдгийг баталсан юм. Сонирхолтой санаанууд гарч ирж байна лээ. Хамгийн сүүлд, сая долдугаар сарын 2-нд Архангайн Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Архангай аймгийн БОАЖГ, Завхан аймгаас ТББ-ууд болон Отгонтэнгэрийн дархан газрын 43 эмэгтэйг оролцуулсан “Ногоон хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвтэй зөвлөлгөөнийг зохион байгууллаа.