Э.ӨНӨР
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам долоо хоног бүрийн лхагва гаригт ургацын явцын талаар мэдээлж байхаар боллоо. Өчигдөр тус яамны мэргэжилтнүүд бүх төрлийн амтат ногоо, навч, таримал гүзээлзгэнэ худалдаанд гарсныг дуулгалаа. Мөн өнгөрсөн сард орсон борооноос болж ургац хураалт 10 хоногоор хойшилсныг онцолсон юм. Салбарын яам энэ намрын ургац хураалтын үеэр ногооны үнэ, хадгалах агуулахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Шинэ ургацын дээж иргэдийн гарт ямар үнээр, хэрхэн хүрч байгааг сурагласан юм.
Улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж дотоодын хэрэглээг хангаж чадахуйц төмс, хүнсний ногоо тариалдаг байна. Тэдний бүтэн жилийн хөдөлмөрийг агуулах, зоорины асуудлаас болж муутгаж, хаяхгүйн тулд ирэх намар нийслэлд шинэ ургац борлуулах 28 цэг ажиллуулахаар болжээ. Эдгээр цэгээр дамжуулж ирэх сараас аравдугаар сар хүртэл шинэ ургацын ногоог борлуулах юм байна. Салбарын яам энэ сарын 20-ноос эхлэн аравдугаар сар хүртэл ургац хурааж дуусгахаар төлөвлөжээ. Үр тариа, улаан буудайг ирэх сарын сүүлчээс хураах юм байна. Одоогоор хүлэмжийн аж ахуйгаас гарган авдаг хөрсний таримлын шинэ ургац худалаанд гарсан байна. Бүх төрлийн амтат ногоо, навч, таримал гүзээлзгэнэ нийслэлийн зарим хүнсний захын лангуунд хүрчээ. Мөн Ховд аймгийн тариаланчид шинэ ургацын хүнсний ногоог борлуулаад эхэлжээ.
Зуны улиралд дотоодын хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор дутдаг учир үүнийг урд хөршийн импортоор нөхдөг талаар салбарынхан онцоллоо. Өнгөрсөн онд манай улс хүнсний ногооны 50 гаруй хувийг дотоодоосоо хангаж, үлдсэнийг нь импортоор авчээ. Шинэ ургацын үнэ нэлээд үнэтэй байгааг хүнсний захууд дахь ханшийн мэдээ өгүүлж байна.Монголын хөрсөнд ургасан улаан лооль кг нь 4000-6000 төгрөг, өргөст хэмх кг нь 3500-5500 төгрөгийн үнэтэй байгаа бол урд хөршийнх үүнээс 1500-2000 төгрөгөөр хямд байна. Мөн Ховд аймагт шинэ ургацын төмс кг нь 1000 төгрөг, манжин 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол хятад төмс кг нь 500, манжин 800 төгрөгийн ханштай байгаа аж. Үүнийг тариаланчид “Хүнсний ногооны ченжүүд биднээс нэг кг төмсийг 300, манжинг 800 төгрөгөөр авдаг” гэж салбарын яаманд мэдээлжээ. Энэ намрын шинэ ургацыг иргэдэд бодит үнээр хүргэх талаар анхаарч байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд хэллээ. Тэрээр өнгөрсөн жилүүдэд хүнсний ногоо худалдан авагчдад тариаланчдын үнэлсэн ханшаас 2-3 дахин өндөр үнээр хүрдэг байсан. Хүнсний ногооны борлуулалтаас тариаланчдаас илүү ченжүүд их ашиг олдог. Тиймээс энэ намар энэ байдлыг давтахгүйн тулд салбарын яам тариаланчид, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллана гэдгийг онцоллоо.