Ж.ЦОГЗОЛМАА

Манай улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг нүүрсний экспорт зогсонги байдалд ороод байгаа билээ. Үүнд гарц хайхаар Монголын уул уурхайн үндэсний ассоциаци “Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа 2013” хурлыг Хөх хотноо зохиожээ. Энэ талаар тус ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

 

-Юуны өмнө энэ хурлын үр дүнг та бүхэн юу гэж харж байна. Оролцогчид нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Нүүрс манай улсын эдийн засгийн хөгжлийн томоохон боломж, орлогын эх үүсвэр. Ялангуяа, урд хөршид экспортолж буй нүүрсний хэмжээ жилээс жилд өсөж, экспортын орлого улсын төсвийн 30-40 хувийг эзэлж байна. Зөвхөн 2010 онд гэхэд манай улс 25,2 сая тонн нүүрс олборлосны 18,2 сая тонныг, 2011 онд 35 сая тонн нүүрс олборлож, 25 сая тонныг нь экспортолсон байна. Өнгөрсөн жил 31 сая тонн нүүрс олборлож, 20,5 сая тонныг нь гаргасан байна. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийн цаг зуурын хүндрэлээс болж энэ салбар зогсонги байдалд орчихлоо. Энэ гацааг арилгах, олон улсын зах зээлийн үнэ, стандартыг нэвтрүүлэх, тээвэрлэлтийн төрлөө олшруулах зайлшгүй шаардлага бий. Бас гуравдагч оронд экспортлох хэрэгтэй байна. Үүнд л энэ сарын 1, 2-нд зохиосон бидний хурлын зорилго оршиж байгаа юм.

-Ер нь манай улсаас Хятадад нүүрс экспортлоход тулгараад байгаа гол бэрхшээл нь юу вэ. Бас шийдэх гарц нь юу байна?

-Юуны өмнө тээвэрлэлт бэрхшээлтэй байна. Төмөр замын тээвэрлэлт ус агаар шиг хэрэгтэй байгаа нь илт. Манай улсын экспортлох нүүрсний боломжит хэмжээ жилдээ 50-60 сая тоннд хүрэх тооцоо байдаг. Ийм хэмжээний нүүрсийг дан ганц авто замаар тээвэрлэх боломжгүй. Дараа нь тээвэрлэлтийн үнийг ярих хэрэгтэй. Манай улсын тээвэрлэлтийн зардал өндөр байгаа нь үнэ тогтооход гол саад учруулж байна. Мэдээж хоёр улсын хил дээр шаардлагагүй татвар хураамж олон бий.

Манай нүүрсний гол хэрэглэгч болох Хэбэй, Шандунь зэрэг мужийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл 40 хувиар буурчихсан байна. Энэ нь импортын нүүрсний хэмжээнд нөлөөлсөн. Тиймээс ч өнгөрсөн оны эхний дөрвөн сард манай улсын нүүрсний экспорт 6,6 сая тонн байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар дөрвөн сая тонн болж буурсан. Өөрөөр хэлбэл, өмнөх жилийнхээс 27 хувиар багасчихлаа. Ингэхээр тэндээс орох орлого нь дагаад 40 хувиар багасчихаж байгаа юм.

-Тэгээд шийдвэрлэх гарц нь юу юм бэ?

-Юуны өмнө дэд бүтцийн асуудал, үүнд нэн даруй төмөр замын асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Хятадын талын тооцоогоор нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нь даруй 20-30 хувиар өртөг багатай. Тэд нүүрснийхээ 70 хувийг төмөр замаар тээвэрлэдэг юм билээ.

Бас ложистикийн зардлаа зохистой тогтоох хэрэгтэй юм. Манай улсын нүүрсний олборлох зардал дээр нэмэгдээд хил хүргэх, гааль, хилийн хураамж төлбөр нь нийлээд дунджаар 430 орчим юань болдог юм байна. Энэ нь бусад улсын нүүрсний үнэ, чанартай өрсөлдөх боломжгүй гэж Хятадын тал үзэж байгаа юм. Учир нь Австрали зэрэг орны боловсруулсан нүүрсний олборлох болон тээвэрлэлтийн зардалтай харьцуулахад манай нүүрсний үнэ өндөр. Ер нь манай нүүрсний тээвэрлэлтийн зардал өндөр байгаа нь бусад улсын нүүрстэй өрсөлдөх чадварыг бууруулж байна. Тиймээс энэ асуудалд аль аль талдаа анхаарах нь зүйтэй гэдэгт хуралд оролцогчид санал нэгдсэн. Тээвэрлэлтийн зардалд газраар тээвэрлэж хил рүү гаргах, хоёр улсын хил, гаалийн хураамж, Засгийн газруудын янз бүрийн татвар ордог. Тиймээс хилийн боомтуудыг хөгжүүлэх зорилгоор авдаг төлбөрийн хувь хэмжээг бууруулах, холбогдох татвар хураамжийг нүүрсний үнийн өөрчлөлттэй уялдуулан уян хатан тогтоох, хилээр аль болох хурдан шуурхай нэвтрэх тогтолцоог бүрдүүлэх, компаниуд удирдлагын зардлаа бууруулах замаар тээвэрлэлтийн зардлаа бууруулах боломжтой гэж үзсэн. Мөн хоёр улсын хилийн бүсэд худалдааны хамтын ажиллагааны төвийг байгуулах нь нүүрсний худалдааг хөгжүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах, түүнтэй холбоотой зах зээлийг тэлэх боломжтой гэж Хятадын тал хэлж байна лээ. Үүнийг манайх судалж үзэх нь зүйтэй юм. Тус улсын Засгийн газар хилээрээ боловсруулсан нүүрс нэвтрүүлэх чиглэлийг баримталж байгаа тул бид үүнд анхаарлаа хандуулж аль болох боловсруулах үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд ажиллах нь зөв.  

-Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн цаашдын төлөв ямар харагдаж байна вэ?

-Тус улсын шинэ удирдлага ногоон эдийн засгаа дэмжиж, эдийн засгаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх чиглэл баримталж байгаа юм байна. Хятадын үйлдвэрлэл дэх коксжих нүүрсний жилийн хэрэгцээ нь 50 гаруй сая тонн. Цаашид өсөх төлөвтэй байна. Ер нь Хятадын нүүрс  ган хайлуулах шаардлага стандартад хүрдэггүй, олборлолтын зардал ихтэй, аюулгүй ажиллагааны стандарт хангадаггүй зэрэг шалтгааны улмаас гадаадаас нүүрс импортолдог. Өнгөрсөн оны байдлаар тус улсад экспортолсон Монголын нүүрсний хэмжээ багассан бол Австралийнх 35, ОХУ 30, Канадынх 125 хувиар тус тус өсчээ. Тэгэхээр цаашид бид нүүрснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Тэдний ган үйлдвэрлэлийн хэмжээ дөрөвний нэгээр буурснаас нүүрснийх нь олборлолт ч багассан, импортынх нь хэмжээ ч буурсан.

-Эцэст нь, хурлын үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

-Бид хурлаараа хоёр улсын Засгийн газар, аж ахуйн нэгжид хандсан уриалга гаргасан. Түүнд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хооронд нүүрсний худалдаа, хамтын ажиллагааны урт хугацааны тогтвортой стратегийн хэлэлцээрийг байгуулж хоёр орны нүүрсний худалдаа тогтвортой хийгдэх эрх зүйн орчныг бий болгох, энэхүү хэлэлцээрийн хүрээнд хил дамнасан авто тээвэр, төмөр замын тээвэр, нүүрс боловсруулах хүчин чадал, Хятад улсын нутгаар далайн боомт хүртэл нүүрсний бүтээгдэхүүн дамжуулан тээвэрлэх, худалдааны тогтвортой байдлын асуудлыг хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн хоёр улсын холбогдох төрийн байгууллагуудын  хооронд байнгын үйл ажиллагаатай ажлын хэсэг байгуулж Монгол, Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаанд оршиж буй гааль, татвар, хөрөнгө оруулалт, тээвэр, хилийн боомт, визийн горим зэрэг олон асуудлыг шийдвэрлэх, гаалийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг ашиглаж нүүрсний худалдааны гол хилийн боомтуудад орчин үеийн гаалийн рентген тоног төхөөрөмж суурилуулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллах асуудлыг тусгалаа. Түүнчлэн хоёр улсын нүүрсний худалдаанд олон улсын худалдааны дүрэм журам, зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар Цагаанхадны нүүрс ачиж буулгах цэгийг хаах шийдвэр гаргасан нь тээвэрлэлтийн зардлыг бууруулахад зохих хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Эцэст нь онцлоход Уул уурхайн үндэсний ассоциаци, Өвөрмонголын өөртөө засах орны Нүүрс импортлогчдын холбоотой хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Үүний дагуу энэ хурлыг хоёр улсад ээлжлэн жил бүр зохион байгуулж тулгамдсан асуудлуудаа илэн далангүй ярилцаж байхаар болсон.