Б.БАРС

АНУ-ын нөлөө бүхий “Уолл Стрит Жорнэл” сонин наадмын эхний өдөр “Авлигад хамгийн ихээр идэгдсэн орнууд” гарчигтай нийтлэл гаргажээ. Нийтлэлд бичсэнээр бол авлигын хэмжээгээрээ манай улс хар тивийн Либерийн дараа л орж байгаа аж. Нийтлэлийг товчлон хүргэж байна.

 

Дэлхийн нийт хүн амын 50-иас дээш хувь нь авлига, хээл хахуулийн нийгмийн ноцтой асуудлын нэг гэж үзэж байгаа аж. Хамгийн сүүлийн судалгаагаар, Либери болон Монгол Улс авлигад хамгийн ихээр автсан нь тогтооджээ. Эдгээр хоёр орны иргэдийн 86 хувь нь авлига хэрээс хэтэрсэн гэж үзжээ.

Ер нь дэлхийн ихэнх орны иргэд авлигын асуудал улам бүр газар авах болсон гэж үзэж байна. Авлига, хээл хахуультай тэмцдэг ашгийн бус “Transparency International” олон улсын байгууллага 107 орны иргэдээс авсан санал асуулгадаа үндэслэн “Дэлхийн авилгын хэмжээ 2013” илтгэлээ олны хүртээл болгосон юм. Илтгэлээс харахад Африкийн дөрөв, Латин Америкийн гурав, Азийн хоёр, Европын нэг орон авлигын хэмжээгээр дэлхийн ТОП-10 дотор багтжээ.

Тэдгээр орноос Монгол гурван сая ч хүрэхгүй хүн амтай бол Нигери, Мексик, ОХУ бүгд 100 сая гаруй сая хүнтэй томоохон орнууд юм. Илтгэлийг хүн амынх нь хичнээн хувь нь авлигыг ноцтой хэмжээнд хүрснээр нь дүгнэснийг энд дурдах хэрэгтэй.

Авлига ихтэй орнуудын иргэдийн дийлэнх нь нийгмийн энэ сөрөг үзэгдлийн эсрэг байр суурьтай нь ажиглагджээ. Түүнчлэн авлига хамгийн ихтэй есөн орны долоод нь иргэд Засгийн газраа авлигатай муу тэмцэж байна гэж үздэг ажээ. Тэдгээрээс Либерид хамгийн их хүн буюу иргэдийн 86 хувь нь ингэж үзсэн байна.

Дэлхийн ихэнх оронд авлигад хамгийн ихээр автсан салбар нь улс төрийн намууд болон цагдаагийн байгууллага гэж үздэг нь бас сонирхол татахуйц баримт. Үүний дараагаар шүүхийг авлига ихтэй гэж үздэг юм байна.

Авлига ихтэй орнуудын дийлэнх нь эдийн засгийн хөгжлөөр ч сүүл мушгидаг нь тогтоогджээ. Тэдгээрээс ердөө Мексик, ОХУ, Венесуэлийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллараас дээш аж.

Монгол уг нь өнгөрсөн онд дэлхийд эдийн засгийн өсөлтийн хурдаараа тэргүүлэгчдийн эгнээнд байж дотоодын нийт бүтээгдэхүүн нь 12.3 хувиар өссөн гэж Дэлхийн валютын сан мэдэгдэж байсан юм. Гэвч авлигын хэмжээ хэрээс хэтэрснээр эдийн засгийн өсөлт ардчилсан тогтолцоонд ноцтойгоор заналхийлэх болжээ.