Д.ОЮУНЧИМЭГ

 

“Чингис” бонд болон Хөгжлийн банкны бондын ханш дэлхийн зах зээл дээр унаж байгаа шалтгааныг доктор Н.Дашзэвэг, Монголын үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Да.Ганболд, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, судлаач Б.Эрдэнэбат нар ийн тайлбарлав.

 

Н.Дашзэвэг: ТООЦООГҮЙ, СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ЗАРЦУУЛЖ БАЙНА

 

-“Чингис” бондын ханш сүүлийн сард 20-30 хувь унаж байна. Энэ нь манай улсын эдийн засагт гадныхан итгэхгүй байгаагийн илрэл. Учир нь манай улс бондын өрөө төлж дийлэхгүй болж байна гээд хямдаар ч болов зарж байна. Ер нь Засгийн газар бондын хөрөнгийг ямар ч ТЭЗҮ-гүй төслүүдэд зарж байна. Таван жилийн дараа “Чингис” бондын мөнгийг олно гэдэг тооцоо байх ёстой. Тухайлбал, арилжааны банк зээл өгөхдөө эргүүлж төлөх тооцоог үздэг.


Да.Ганболд: СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ БОЛОВЧ ӨӨР ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛ БИЙ

 

-Яг юунаас болоод унасан бэ гэдгийг учир шалтгааныг магадлах ёстой. Сонгуультай холбоотой байх. Манай улс 1990 оноос хойш нээлттэй хаалганы бодлогыг явуулж дэлхий нийтийн эдийн засагтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, гадны хөрөнгө оруулалтыг татаж эхэлсний үр дүн нь дэлхийн зах зээлд бонд борлуулсан явдал. Харин нөгөө талаас нь харвал эд баялгийг минь гадныхан цөлмөж байна гэдэг үндсэрхэг үзэл тодорхой хэмжээгээр өрнөж ирсэн. Бонд гэдэг гаднаас авч буй зээл. Энэ зээлээс ашиг олно гэдэг итгэлээр гадныхан хандсан.

 

Б.Эрдэнэбат: МАНАЙ БОНДЫГ ЗАРАХ СОНИРХОЛ ИХ БАЙХ ТУСАМ ХАНШ УНАНА

 

-“Чингис” бондыг хөрөнгийн биржээр арилжаалаагүй. Гадаад зах зээлээс хөрөнгө босгох үйл явц нь хаалттай байсан. Тиймээс өнөөдөр ч мөн адил ханшийн уналтын талаар нийгмийн цөөн хэсэг л мэдэж байна. Бондын талаарх мэдээлэл дотоодын зах зээлд төдийгүй иргэдийн дунд шинэ ойлголт хэвээр байна. Гэтэл үүнийг төлөх эзэд нь бид. Хэрвээ “Чингис” бондыг хувь хөрөнгө оруулагч нарт бус хөрөнгийн биржээр зарсан бол ханшийн өсөлт, уналтын талаарх мэдээлэл илүү хүртээмжтэй байх байсан. Хятад зах зээлд бондоо арилжаалж магадгүй. Манай бондыг зарах сонирхол их байх тусам ханш нь унана.