Б.СОЛОНГО
Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа сумдын нэг бол Сэлэнгэ аймгийн Мандал сум. Тус газар олборлолт хийдэг бичил уурхайчид нөхөрлөлийн хэлбэрт шилжиж, зарим нь албан ёсны газартай болжээ. Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдоржтой ярилцлаа.
-Танай суманд бичил уурхайчдын амьдрал ямар байна. Зохион байгуулалтад орох ажил хэр явцтай байгаа вэ?
-Манай сумын бичил уурхайчид зохион байгуулалтад харьцангуй сайн хамрагдаж байгаа. Одоогоор 54 нөхөрлөл байгуулагдан ажиллаж байна. Тэдний 7-8 нөхөрлөл нь газрын шийдвэрээ гаргуулчихсан, албан ёсны үйл ажиллагаа эрхэлж байна. Зүүнхараа хот цаашдаа төвийн бүс болно. Тиймээс бичил уурхайчдад зориулсан цэцэрлэг, сургууль, зочид буудал зэргийг барьж байгуулах зорилттой байгаа. Мөн шороогоо химийн бодисгүй угаадаг газрыг нь байгуулж өгөх гэж байна. Энэ мэтчилэн бичил уурхайчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.
-Орон нутгийн удирдлага болон бичил уурхайчид хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ямар төвшинд байна?
-Ер нь 100-аас дээш бичил уурхайчинтай газар сумын Засаг дарга нь хүлээгээд суугаад байна гэж байхгүй шүү дээ. Аль болох хүмүүсийнхээ араас явж, хөөцөлдөж, олж уулзахыг хичээдэг. Манай сум Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй нягт хамтран ажиллаж байна. Бичил уурхайчдыг нэгтгэх, зохион байгуулалтад оруулах асуудалд төслийн зүгээс идэвхтэй тусалж байна. Мөн байнга сургалт зохион байгуулдаг. Нөхөрлөл бүрийн дэргэд уул уурхайн аврах албыг байгуулж байгаа нь үр дүн сайтай байна.
-Хуулийн дагуу зохион байгуулалтад орсон нөхөрлөл, төрийн бус байгууллагад газрын асуудлыг нь орон нутаг нь шийдэж өгөх үүрэгтэй. Үүний хэрэгжилт танайд ямар байна?
-Журмын дагуу бичил уурхайчид газар эзэмших хүсэлтээ сумынхаа удирдлагад хүргүүлнэ. Би түүнийг нь иргэдийн хуралд оруулна. Иргэдийн хурлаас томилсон ажлын хэсэг уг асуудлыг судалж, хянаад Ашигт малтмалын газарт явуулдаг. Ингээд Ашигт малтмалын газар дараагийн асуудлыг нь шийддэг юм. Зөвшөөрөл нь гарсан тохиолдолд орон нутаг тусгай хамгаалалтад аваад олборлолтыг нь эхлүүлдэг. Манайд газрынхаа зөвшөөрлийг авсан нөхөрлөлүүд яг ийм зарчмаар ажиллаж байгаа. Бусад нь ч энэ дагуу хүсэлтээ гаргаад шийдвэрээ хүлээж байна.
-Бичил уурхайчдад оногдуулсан татвар өндөр байна гэдэг. Танай суманд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Хэцүү байгаа нь үнэн. Өмнөговиос чулуугаа үүрээд ирсэн уурхайчдаас татвар нэхээд сууж байх уу. Харин газрыг нь шийдэж өгчихөөд татвар нэхвэл өөр шүү дээ. Уян хатан бодлого хэрэгтэй.
-Бичил уурхайчид зохион байгуулалтад орсноор хөдөлмөрийн аюулгүй байдал дээшилж байна уу. Ослын тоо үнэхээр багасч байна уу?
-Нөхөрлөл, төрийн бус байгууллага байгуулна гэдэг хариуцлага үүсч байгаагийн илрэл шүү дээ. Нэг нэгэндээ хяналт тавьдаг болж байна. Нэгнийхээ амь насыг хариуцаж байна. Яг энэ чиглэлээр дагнан ажилладаг аврах ангитай болж байна. Тэгэхээр үүнийг дагаад осол аваарын тоо буурч байна. Сайн тал нь энэ. Болохгүй, хэцүү байна гээд яривал амьдрал дээр байлгүй яахав. Зохион байгуулалтад ороогүй, өөрийн гэсэн газаргүй бичил уурхайчид байлгүй яахав. Яваад очихоор тархийж зугтаагаад, одоо яах бол загнах болов уу, хөөх болов уу гэсэн харцаар хараад л. Тэр бүрт нь айлгаж хөөгөөд байхыг бодохгүй юм. Аль болох зохицуулахыг хичээж байна. Уг нь цуглуулж, нэгтгээд авбал санаа амардаг юм.
-Бичил уурхайчдын сумын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн талаар яривал?
-Их шүү дээ. Тэдний олсон мөнгө гадаадад гарахгүй. Эргээд энэ сумын эдийн засаг, хөгжилд нэмэр болж байна. Хэрэв бичил уурхайчдын өдөрт олдог мөнгө нэмэгдвэл энэ сумын дэлгүүр өдөрт хоёр удаа бараандаа явж чаддаг болно. Талх, мах, цаашилбал бүх бизнесийн салбарт мөнгөний эргэлт хурдасна. Тэр мөнгө нь цаашаагаа банк руу орно. Ингээд эдийн засгийн ухагдахуун яриад байвал яваад л байна.
-Нийгмийн даатгалд хамрагдсан нь хэд байна?
-Одоогоор ажилгүй гэдгээр л бүртгэгдэж байгаа. Цаашдаа албан ёсны газраа авчихсан хүмүүс нэгэнт ил болно шүү дээ. Тэднээс даатгал төлүүлэх ажлыг төр зохион байгуулж болно. Энэ хэцүү асуудал биш.
-Шинэ Засгийн газартай боллоо. Цаашдаа бичил уурхайчдыг дэмжих чиглэлээр ямар ажил хийх ёстой вэ. Хууль, эрхзүйн орчныг хэрхэн сайжруулах вэ?
-Миний бодлоор татвар, газар гэж дээгүүр ярихын оронд бичил уурхайчдыг хүн гэдэг утгаар нь дэмжмээр санагддаг юм. Нэгэнт хоёр, гурван мянган бичил уурхайчинтай болчихсон газарт цэцэрлэг, сургуулийг нь байгуулаад өгчихмөөр байна. Амьдрах газар, усанд орох байрыг нь шийдэж өгмөөр байна. Эмчийн үзлэгийг тогтмолжуулмаар байна. Жирэмсэн, хүүхэдтэй гээд олон хүн амьдралаа зогоож байна шүү дээ. Тэднийг хүн гэдэг утгаар нь хүлээн авч, тодорхой чиглэсэн ажлуудыг хиймээр санагдах юм. Нэгэнт төрөөс эдгээр хүнийг ажлын байраар хангаж чадахгүй. Энэ хүмүүс өөрсөддөө ажлын байр бий болгоод амьдрах гэж зүтгэж байна. Тэгэхээр амьдрах нөхцлийг нь бүрдүүлээд, боломжийн хэрээр дэмжмээр санагддаг.