Ж.ЦОГЗОЛМАА

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл хэрэгжиж эхэлснээс хойш шинээр 11 мянган өрх буюу 45 мянган хүн үр шимийг нь хүртээд байна. Иргэдээс зургаан сарын зээлийн түүх шаарддаг байсныг больж, ШШГЕГ болоод УБЕГ-т урт дараалалд зогсч авдаг байсан лавлагааг цахимаар ганц минутад амжуулдаг боллоо. Бас барилгын зөвшөөрлийг нэг цэгийн үйлчилгээнээс олгодог болсон зэрэг сайн мэдээ олон байна. Гэвч иргэдэд тулгамдаж буй зарим бэрхшээл шийдлээ хүлээсээр байна. Иймд БХБ-ын сайд Ц.Баярсайхан та дараах асуултад заавал хариулаарай.

 

1.Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн долоо хоногт “Хөтөлбөрт хамрагдсан 50 гаруй компаниас 18 нь үнээ өсгөсөн, 11 нь үнээ бууруулсан” гэсэн. Өнгөрсөн пүрэв гаригт сайд та “NTV” телевизээр ярихдаа 7-8 компани үнээ өсгөсөн гэлээ. Мэдээлэл ийм зөрүүтэй төдийгүй баримжаагаар хэмжигдэж байна. Иргэдэд нэгдсэн, тодорхой мэдээлэл өгөөч?

 

2.Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдсан барилгын компаниудын нэрийг одоо хэр нь зарлаагүй байна. Нэг компанийн нэрийг нуухад цаана нь дунджаар 800 иргэн хохирч байна. Ядаж, үнээ бууруулсан 11 компани байгаа л юм бол тэдгээрийг зарлаач?

 

3.Энэ онд ашиглалтад орох 10 мянга, ирэх жил ашиглалтад орох 36 мянган айлын орон сууцны хэдэн хувь нь найман хувийн зээлд хамрагдах боломжтой буюу 80 ам метрээс бага талбайтай юм бэ?

 

4.Ашиглалтад ороод удсан ч ордер нь гараагүй орон сууцанд амьдарч байгаа иргэд найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй хохирсоор байна. Тэдний хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

 

5.Найман хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БХБ-ын сайд та Монголбанкны ерөнхийлөгч, БХБ-ын сайдын хамтарсан тушаалыг өнгөрсөн нэдүгээр сарын 9-нд гаргасан. Ингэхдээ Улаанбаатар хотын баруун, зүүн тийш тус бүр 30 км, урагшаа 20 км тэлж замын төгсгөлийн цэгүүд дээр суурьшлын шинэ бүсүүд нээнэ гэсэн. Тэдгээрийг нийслэлтэй холбосон нийт 80 км хурдны авто замыг тавих зураг, төслийг зургаан сарын дотор бэлэн болгож, 24 сарын дотор ашиглалтад оруулахаар болсон. Энэ ажил одоо хэр нь эхлэхгүй байгаагийн учир юу вэ?

 

 

6.Суурьшлын шинэ бүсэд орон сууцны хороолол барих газрын хангамжийг бий болгож, орон сууцны хорооллын газрыг нээлттэй, ил тод эзэмшүүлэх үүргийг танай яам хүлээсэн. Үр дүнг нь мэдээлээч?

 

 

7.Суурьшлын шинэ бүсүүд хүртэл инженерийн дэд бүтцийг 24 сарын дотор ашиглалтад оруулна гэж та үүрэг хүлээсэн байна. Дээрх хугацаанд дэд бүтцийг барьж амжих уу?

 

8.Мөн импортын барилгын материалын тээвэрлэлийн хязгаар­лал­тыг арилгаж, нийлүүлэлтийн тогт­вортой байдлыг хангахаар болсон. Үр дүн, биелэлтийг ил тод нээлттэй мэдээлээч?

 

9.Барилгын материалын нөөцийн талаар ил тод, тодорхой мэдээлэл хэзээ хийх вэ?