Д.ОЮУНЧИМЭГ

“Эдийн засгийн судалгааны форум-II” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч  АНУ-ын Луизиана мужийн их сургуулийн багш, эдийн засгийн профессор Нажи Можантай ярилцлаа.

 

-Манай улсын эдийн засгийн судалгааны чанар ямар төвшинд байна вэ?

-Монгол Улсын судлаачдын хийсэн бүтээл олон улсын төвшинд гарахад бэлэн болсон байна. Гадаадын мэргэжилтнүүдтэй багаар ажиллаж чадахаар болжээ. Гэхдээ санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Танай улсын эдийн засгийн судлаачдын хувьд үсрэлт хийж дараагийн шатанд гарахад бэлэн болжээ.

-Ер нь эдийн засгийн судалгааг хүмүүст энгийнээр хэрхэн хүргэх вэ?

-Маш сайн асуулт байна. Эдийн засгийн судалгаа гэдэг нь шинжлэх ухаан. Судалгаа гэдэг нь маш их техникийн аргаар, нарийн хийгддэг. Хамгийн гол нь тухайн мэргэжлийн хүн уншиж ойлгоод практикт хэрэглэдэг. Эдийн засгийн өгүүллэгүүдийг иргэдэд ойлгуулахаас илүүтэй бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид түүнийг тайлж уншиж чаддаг байх хэрэгтэй. Тухайн хууль санаачлагч, бодлого боловсруулагч нь мэргэжлийн хүнээс судалгааных нь талаар энгийнээр ойлгох тайлбарыг авч болно.

-Хүмүүс судалгааны материалаа хэвлүүлэхэд санхүүжилт дутдаг тухай ярьж байна. Ер нь судалгааны материалыг нийтлэхэд иргэд хэрхэн хүлээж авдаг вэ. Танай улсын хэвлэл мэдээллийн салбар энэ тал дээр ямар хандлагатай байна вэ?

-Хамгийн гол нь иргэн тэрхүү судалгааны техник ажиллагаа, тоо томъёог ойлгох хэрэггүй. Зөвхөн түүнийг мэргэжлийн хүмүүс нь энгийнээр тайлбарлаж иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Мөн сэтгүүлчдийн хувьд судалгааны үр дүн, ач холбогдлыг иргэдэд таниулах гүүр нь болох ёстой. Харин үүнийг эдийн засагчид тэдэнд маш сайн тайлбарлаж, асуусан асуултад нь цааргалалгүй хариулдаг байх хэрэгтэй юм. Тухайлбал, би эрдэм шинжилгээний өгүүллэг бичихэд манай сургуулийн олон нийттэй харилцах хэлтсийнхэн хэвлэлийнхэнтэй харьцдаг. Тэнд судалгааны бүтэн материалыг биш гол санаа, ач холбогдлыг нь энгийнээр тайлбарладаг юм.