Ж.ЦОГЗОЛМАА

 

“Оюутолгой байгаад ч Монголын эдийн засгийн өсөлт эрсдэлд тулж ирээд байна” гэсэн нийтлэлийг “Ройтерс” нийтэлжээ. Энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Оюутолгой бол дэлхийн зэсийн уурхайн томоохон ордын нэг юм. Гэвч энэ ордыг ашиглахаар гэрээ хийсэн “Рио тинто” компани анхны экспортоо хоёр дахь удаагаа хойшлуулаад байна. Монгол Улсын хууль дүрэм болоод бодлогын эрсдэлтэй алхмууд нь хөрөнгө оруулагчдын зүрхийг үхүүлээд удаж байна. Монгол Улсын эдийн засаг зэс болоод нүүрсний арвин баялгаасаа хамаарч байна. Өнгөрсөн сард тус улс Оюутолгойн анхны зэсийн экспортыг Хятад руу тээвэрлэхээр зэхэж байсан ч хойшилсон хэвээр байгаа. Засгийн газраас энэ шалтгааныг “Рио тинто” групп уурхайн ашгаа Монголд үлдээхээс татгалзаж байгаатай холбон тайлбарлаж байна. Зарим шинжээчийн тайлбарлаж буйгаар энэ удаагийн экспорт хойшилсон нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Харин үйлдвэрлэлийн шинжээчдийн хэлснээр уг экспорт удахгүй эхлэх юм. Гэвч Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтыг хянаж, чангалах гэсэн хуулийн төслийн улмаас хойшилж мэдэх юм гэж бас тайлбарлах тал бий.

“Хэдийгээр Монголд Оюутолгой битгий хэл томоохон ордууд байгаа ч аюул дагуулсан эрсдэл арилахгүй байна” гэж уул уурхайн үнэт цаасны зах зээлийн “Caledonia Investments” компанийн менежер Дарко Кузманович хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн дараа хуулийн шүүмжлэлтэй заалтуудыг эерэгээр өөрчилнө гэж мэдэгдсэн билээ. “Бид дотоодын болоод гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг ихээхэн анхаарч байгаа” хэмээн Ерөнхийлөгч “Ройтерс”-т ярьжээ. Уул уурхайн шинжээчдийн ярьж буйгаар Монгол Улс нь баялгийн тэгш хуваарилалтын талаарх хэвлэл мэдээллийнхний шахалтан дор дээрх хуулийн төслүүдийг санаачилж байгаа аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 17 хувиар буурч 3.9 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ оны эхний улиралд 12 хувиар унасныг Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Уул уурхайн компаниудын эзэд дахин сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгалийн баялгийн төрийн мэдэлд авах элдэв шахалт дарамтыг багасгана хэмээн найдаж байна. Ингэвэл эдийн засгийн өсөлтийг ч гадаадын хөрөнгө оруулалтыг ч нэмэхэд үр дүнтэй арга болох юм.

Монгол Улсын нүүрсний экспортын орлого энэ онд ихээр буурсан нь эдийн засгийн өсөлтөд заналхийллээ. Зэрэглэл тогтоогч “Standard & Poor’s” байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын бондын хүүг дараагийн 18 сард бууруулах эрсдэл бас бий болоод байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн өнөөгийн байдал нь ийм нөхцлий бий болгожээ.