Д.ОЮУНЧИМЭГ
“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнэ тогтворжуулах” хөтөлбөрт багтан, хөнгөлөлт хүртсэн 18 компани үндэслэлгүйгээр үнээ өсгөсөн тухай Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөнгөлөлтийг нь эдэлчихээд үнээ өсгөсөн барилгын компаниудад ярьсандаа байгаарай, чадахгүй бол чаддагийг нь оруулна хэмээн сануулсан юм.
Тус яамны газрын даргаас аль компани хичнээн төгрөгийн дэмжлэг авсан тухай асуухад аж ахуйн нэгжийн асуудал хэмээн хариулсныг “Миний хаяг Монгол” иргэний санаачлагынхан мэдэгдлээ.
Тус хөтөлбөрт зааснаар Барилга, хот байгуулалтын яам гардан хэрэгжүүлэгч хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, хяналт тавих үүрэг хүлээжээ. Хэзээ, хаана, юу болж буйг иргэд сайн мэдэж, хот, дүүрэг, аймаг тус бүрээр үнийн индекс гарч сонголтоо зөв хийнэ. Тиймээс ямар нэртэй, яг хэдэн компани хөтөлбөрт хэрхэн хамрагдсан, хэдий хэмжээний зээл, дэмжлэг хүртсэн мэдээллийг олон нийтэд ил болгох хэрэгтэй ч мөн тэд сануулж байна.
Төрийн дэмжлэгийг тус биш усаар хариулсан компаниудыг мэдээлэх хэрэгтэй бөгөөд, ямар хариуцлага тооцсон тухай мэдээлэхийг “Миний хаяг Монгол” иргэний санаачилгаас мөн уриаллаа. Үүний зэрэгцээ үнээ хямдруулж сайн жишээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийг ч нэрлэж, иргэддээ ил тод мэдээлэл өгөхийг хүсэв.
Иргэд ярьж байна
Найман хувийн зээлд 45 насныхан хамрагдаж болно
С.ХОНГОРЗУЛ
Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Жавзанпагма:
ЗЭЭЛИЙН ХУГАЦААНД АМЬ НАСНЫ ДААТГАЛД ХАМРАГДАНА
-Би “Хадгаламж” банкнаас найман хувийн зээл авахаар хөөцөлдөж байна. Ямартай ч зээлтэй байх хугацаандаа амь насны даатгалд хамрагдах юм байна. Урьдчилгаа 30 хувийг төлөхөд хашаа байшин, орон сууц оролцуулахгүй гэсэн.
Баянгол дүүргийн иргэн Д.Маралмаа:
ХОЁРООС ДООШГҮЙ ЖИЛ АЖИЛЛАСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭНЭ
-Миний хувьд “Хас банк”-ны харилцагч. Найман хувийн зээл авах иргэд 10 төрлийн бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай юм байна. Урьдчилгаа 30 хувьд хуучин орон сууцыг 20 хувьд тооцож барьцаалж болно гэсэн. Мөн өмнө нь миний авч байсан банкны зээл хэрхэн төлөгдсөнийг судалж байгаа.
Чингэлтэй дүүргийн иргэн А.Гүнсмаа:
ӨРХИЙН ОРЛОГО 45 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ БАЙНА
-“Голомт” банкнаас найман хувийн зээл авахаар явж байна. Зээлд өрхийн орлого 800 мянгаас нэг сая төгрөгний хооронд байна гэж хэлсэн. Уг нь 20 жилийн хугацаатай болохоор төлөлт харьцангүй гайгүй гарах юм билээ. Мөн 35-45 насны иргэд 15 жил, 45 дээш насны иргэд 10 жилийн хугацаатайгаар зээл авч болох юм байна. Харин зээлийн төлөлт өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг шалгуур нь боломжийн санагдлаа.