Д.ОЮУНЧИМЭГ

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод аймгийн нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн тавдугаар сард шалтгалт хийжээ. Энэ талаар МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхтамираас зарим зүйлийг тодруулав.

 

-Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал юу байв. Хууль зөрчсөн тохиолдол байсан уу?

-Шалгалтын дүнгээр 99 заалт бүхий 20 албан шаардлага хүргэсэн. Зургаан аж ахуйн нэгж эрсдэл өндөртэй гэсэн дүгнэлт гаргасан. Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгах хүртэл нь үйл ажиллагааг нь түр зогсоосон байгаа. Үүнээс хоёр аж ахуйн нэгж зөрчлөө арилган хаягдлын даланг бэхжүүлэх, далд уурхайн бэхэлгээг стандартын дагуу хийсэн учраас хэвийн ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө шалгалтаар явж байхад анзаарагдсан нийтлэг зөрчил нь зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэхгүй байна.

-Өмнө нь зураг төслийн дагуу ажиллахгүй байгаа зөрчил гарч байсан. Зөрчил арилахгүй байгаа нь шалгалтын үр дүн гарахгүй байна гэж ойлгож болох уу?

-Тухайн үед хуулийн хүрээнд бичиг баримтуудыг шалгадаг байсан. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүд бичиг баримтын бүрдэлтийг сайн хийдэг болсон байна. Гэхдээ нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийн дагуу ажлаа хийхгүй байна. Байгаль орчинд сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарч байна.

-Хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ямар зөрчил дутагдал илэрдэг вэ?

-Энэ удаагийн шалгалтаар зөвхөн ил, далд аргаар ажилладаг аж ахуйн нэгжүүдийг хамруулсан. Нийт 64 аж ахуйн нэгжийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрсдэл өндөртэй хэмээн зарласан. Тиймээс удахгүй хайгуул хийдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийнэ.

-Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Жени Ойл Шейл Монголиа” компани хууль зөрчсөн хэмээн үйл ажиллагааг нь түр зогсоосон байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хайгуулын компани байгаль орчны нарийвчилсан биш харин хамгаалах төлөвлөгөөг батлуулдаг. Тухайн орон нутгийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагчаар баталгаажуулдаг журам бий. Занарын үйл ажиллагааны хувьд тусгай зөвшөөрөл аваагүй тухай яригдаж байгаа ч энэ нь Газрын тосны газартай гэрээ байгуулсан байдаг. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүн хайх талбай тусгай зөвшөөрлөөр биш гэрээгээр олгогддог.  Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Олборлолт биш нөөц тогтоох ажил явагдаж байгаа. Эрдэс баялгийн салбар дахь нефть бүтээгдэхүүний хараат байдлаас гарах арга замыг эрэлхийлсэн ажил шүү дээ. Тус компанийн үйл ажиллагааг түр зогсоосон. Гурван сарын хугацаанд зөрчлөө арилгах шаардлага тавьсан. Одоогоор ажил явагдаагүй байгаа.

-Нийт хэдэн аж ахуйн нэгж энэ удаагийн шалгалтад хамрагдсан бэ. Хэчнээн төгрөгийн торгууль ногдуулав? 

-Нийт 32 аж ахуйн нэгжид шалгалт явуулж, зургаан компанийн үйл ажиллагааг зогсоон, 20 компанид албан шаардлага хүргүүлсэн. Мөн 24 сая 200 мянган төгрөгийн торгууль шийтгэл ногдуулсан. Түүнчлэн 15 аж ахуйн нэгж ажиллаагүй байсан. Жоншны жижиг аж ахуйн нэгжүүд үнэ буурсантай холбоотойгоор үйлдвэрлэлээ зогсоосон байсан.