Д.ОЮУНЧИМЭГ
Монгол Улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг, “Саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт үйлдвэр” компани тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. Хэдийгээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтмол уруудаж байгаа ч тэд хэмнэлттэйгээр хэрхэн ажиллаж болох үлгэр дууриаллыг харуулж буй. Учир нь зардал хэмнэлтдээ цомхотгол, цалин бууруулах гэдэг зарчмыг баримтлаагүй аж. Харин технологийн шинэчлэлээр хэмнэлт хийхийг чухалчлан, бодит ажил болгосноо харууллаа.
ХОЁР ТЭРБУМЫН ХЭМНЭЛТ
Ган бөөрөнцөг цувих цех нь Итали улсын “Даниел центро машин нэгдлийн MS64” тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Тус цех нь нийт 54 ажилчинтай жилд 50 мянган тонн бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү цех ашиглалтад орсноор дизель түлш, нүүрсний үнийн зөрүүгээс жилд хоёр тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийнхэн хэмнэх аж. Харин үйлдвэрийн зардлын хэмнэлт жилд тэрбум төгрөг болох юм. Өмнө нь тус бөөрөнцөгийг үйлдвэрлэхийн тулд хоногт 18-20 сая төгрөгийн өртөгтэй, 10 тонн дизель түлшээр халаадаг байжээ. 1.1 тэрбум төгрөгийн өртгөөр нүүрс хийжүүлэх хоёр шатлалт зуух барьснаар нэг тонн ган бөөрөнцгийн өөрийн өртөг 33 хувиар буурна хэмээн “Эрдэнэт үйлдвэр” компанийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн ярилаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нэг жил бол шинээр 16 ажлын байр бий болсныг нээлтийн ёслолын үеэр албаныхан онцолсон юм.
Дашрамд дуулгахад, энэхүү цех ашиглалтад орсноор зөвхөн байгаль орчин экологийн хувьд сөрөг нөлөө, хүчин зүйлүүд нь эрс буурсан байна.
“Эрдэнэт үйлдвэр” жилд 60 орчим тэрбум төгрөгийн ган бөөрөнцгийн бэлдэц импортоор авдаг байжээ. Тэд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого хэрэгжүүлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 82 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн тухай “Эрдэнэт үйлдвэр” компанийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу хэлсэн юм. Мөн тэд хэрэгцээнээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж цахилгаан станцууд, Оюутолгой, Хөтөлийн цементийн үйлдвэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангахаар төлөвлөж буй. Ингэснээр гадаад руу чиглэсэн валютын урсгалыг зогсоож, зардлыг бодитоор хэмнэх боломж бүрдэж буй.
УС ХҮЛЭЭН АВАХ, ДАМЖУУЛАХ ХУДАГ
Эрдэнэт үйлдвэрийнхний хэмнэлт хийх ажил үргэлжилсээр. Учир нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худаг ашиглалтад оров. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу “Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах коллекторыг үйлдвэрлэлд оруулснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэж байна” гэв. Эргэлтийн ус хүлээн авах худаг болон коллектор нь хаягдлын санд тунасан усыг хүлээн авч түүнийг эргэлтийн усны насосны станцид дамжуулах, Баяжуулах фабрикийг технологийн усаар найдвартай хангах зориулалттай газар доорх байгууламж аж. Энэхүү коллекторын зураг төслийг ОХУ-ын Санкт-Петербург хотын “Механобр Инжиниринг” институт хийжээ. Эрдэнэт үйлдвэр” компани, “ОТК” компанитай хамтран 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4.1 км шугам хоолой, ус хуримтлуулах дөрвөн худаг, хязгаарлалтын дөрвөн далан, ус дамжуулах дөрвөн сувгийн ажлыг гүйцэтгэсэн байна.
10 ОРОН СУУЦ, ТАВАН ШИНЭ ГЭР БЭЛЭГЛЭВ
Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа болон тэтгэвэртээ гарсан иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Тухайлбал, 37 айлын “Залуус” орон сууцыг ашиглалтад орууллаа. Энэ үеэр таван айлд шинэ гэр өгч, 10 айлд орон сууцны түлхүүрийг нь гардуулав. Тус компанийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа “Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компани. 2013 оноос хойш 2-3 жилийн хугацаанд хоёр мянга гаруй ажилчныг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлсэн. Эхний ээлжинд амьдралаа зохих хэмжээгээр сайжруулъя гэсэн хүмүүс орж байгаа. Нийтийн байрны зориулалтаар засварласан энэ байранд ажилчид маань өвөлжөөд үзэг. Цаашид амьдрах боломжтой бол өгнө” гэсэн юм.
Шинэ гэр, шинэхэн орон сууцанд орсон хүмүүс сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Шинэ гэрийн эзэн Ж.Оюунцэцэг “Эгч нь 2003 оноос 2014 он хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан. Орох оронтой болсондоо маш их баяртай байна” гэв.
ОРОН НУТАГТ 58.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛЖЭЭ
“Эрдэнэт үйлдвэр” компани болон Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд 2013-2015 онд хийсэн ажлын тайлангаа хэвлэлийнхэнд танилцуулав. Хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтэц, зам харилцаа, байгаль орчин, хууль эрх зүйн хүрээнд томоохон ажлууд амжилттай хийжээ. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт 58.6 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн “Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний төвийг шинээр барьж байгуулан, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй. Эрдэнэт үйлдвэр компанийн 2008 оноос хойш Орхон аймагт хийсэн 52.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь нүдээ олсон цаг үеийн ажил гэж нутгийн иргэд сайшаав. Мөн Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 30 хүртэл хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс нийлүүлэх боломжийг судалж, хамтарч хэрэгжүүлэхээр заасан байна. Ингэснээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээ болж байгааг албаныхан онцоллоо. Тухайлбал 2013 онд нийт худалдан авалтын 15 хувь буюу 27.6 тэрбум төгрөг, 2014 онд нийт худалдан авалтын 17 хувь буюу 45.7 тэрбум төгрөг, энэ оны эхний есөн сарын байдлаар нийт худалдан авалтын 19.4 хувь буюу 51.3 тэрбум төгрөгийн импортыг орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна.
ХААЛТ ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ
Эрдэнэт үйлдвэрийн нөөц 30-40 жилийн дараа дуусахад яах вэ гэсэн асуулт Орхон аймгийн иргэдийн бус Монголын ард түмний хувьд чухал. Харин тус компанийнхан “Хаалт хөгжлийн менежмент”-ээр зохицуулах боломж байгааг дуулгав. Аливаа уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн цагаасаа л хаалт хөгжлийн менежментийг төлөвлөсөн байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд одоо ярьж байгаа нь цаг үеэ олсон зүйл хэмээн тус компанийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлэв. “Одоо л энэ үйлдвэр хаагдахад цаашид яах тухайгаа ярих нь зүйтэй. Яагаад гэвэл хаагдах дөхөөд ирэх цагт хэрхэх тухайгаа ярина гэвэл санхүү, хөрөнгө мөнгөнөөс нь эхлээд хуримтлал үүсээгүй байдаг” хэмээн тэрээр ярив. Тус үйлдвэрийнхэн “Хаалт хөгжлийн менежмент”-ийн хүрээнд хийж буй ажлаа танилцууллаа. Улаан гал дүрэлзэж, төмөр ус шиг урсах эхний цех бол “Цутгуурын цех” байв. 1800 градуст төмөр хайлуулж уул уурхайн машин механизмийн тоног төхөөрөмжийн эд ангиудыг хийдэг байна. Одоогоор Оюутолгой, Тавантолгой болон бусад уул уурхайн газруудаас захиалга авч нийлүүлэлт хийж байгаа аж. Жижиг эрэг боолтноос эхлээд шанага хүртэл томоохон эд ангиуд тус үйлдвэрт үйлдвэрлэж буй. Ийнхүү нөөц нь дуусахад Эрдэнэт үйлдвэр тоног төхөөрөмжийн үйлдвэр болохоор төлөвлөж байгаа ажээ.
Азидаа эхний аравт жагсах хүчин чадал бүхий Эрдэнэт үйлдвэрийнхэн хямралын үед хэмнэлт хийж, түүгээрээ томоохон бүтээн байгуулалтыг хийж байгаа нь бахархмаар. Тэд цахилгаан эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Одоогоор цагт 100 гаруй МгВ цахилгаан хэрэглэдэг. Үүний 50 хувийг өөрсдөө үйлдвэрлэх боломжийг судалсан байгаа аж. БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани”-тай гэрээгээ хийгээд нэг жил зургаан сарын дотор төсөл хэрэгжинэ хэмээн албаныхан хэллээ. Тун удахгүй Эрдэнэтийнхэн цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэдэг болох нь. Хэмнэлтийг хэрхэн зөв хийж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж болохыг “Эрдэнэт үйлдвэр” компанийнхан харуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин