Д.ОЮУНЧИМЭГ
“Эдийн засгийн судалгааны форум-II” олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш эхэлнэ. Хурлыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимээс санаачилжээ. АНУ, Дани, Канад, Солонгос, Турк, Хятад болон Монгол зэрэг улсын шилдэг их, дээд сургууль, судалгааны төвүүдийн шилдэг эдийн засагч, судлаачид илтгэл тавих юм. Энэ хурлаар ажил эрхлэлт ба цалин, тодорхой бус байдал ба хөрөнгийн үнэ, хэрэглээний экономикс, эдийн засгийн онол гэсэн дөрвөн бүлэг сэдэв багтах аж. Хурлын зохион байгуулагч, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Энэ удаагийн форумын онцлог юу вэ?
-Энэ жил хоёрдахь удаагаа зохион байгуулж байна. Орчин үед хийгдэж буй сүүлийн үеийн судалгааг ярилцах, бие биеэсээ суралцах, судлаачдын нэгдсэн сүлжээ бий болгох зорилготой. Энэ нь эдийн засаг, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих цаашлаад бодлого боловсруулагчид судалгаанд тулгуурлан ажиллах боломж бүрдэнэ.
-Хуралд хэдэн хүн илтгэл тавих вэ?
-Энэ хуралд манай улсын болон гадаадын судлаач эрдэмтэд оролцоно. Мөн гадаад оронд ажилладаг монгол эдийн засагч, судлаачид илтгэл тавина. Өмнөх хурлаас ялгарах онцлог нь илтгэлүүдийн чансаа өндөр босготой болсон. Дэлхийн долоон орны эдийн засагчид оролцоно.
-Хурлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Хурал дөрвөн бүлэг сэдвээр явагдана. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг хамгийн ихээр өөрчлөгдөж байна. Сүүлийн жилүүдэд судлаачдын чадавхи сайжирч байгаа. Гэвч бидний өмнө тулгарч буй асуудлын нэг нь судалгааны чанарыг хэрхэн сайжруулах, цаашлаад дэлхийн төвшинд хэрхэн хүргэх явдал Төр засгийн бодлогын хувьд ч сургалтыг судалгаанд суурилан явуулах ёстой. Энэ нь хурал манай улсад хийгдсэн судалгааг дэлхийн төвшинд гаргахад хувь нэмэр оруулах болно.
-Өмнө нь болсон форумын үр дүнг юу гэж тодорхойлох вэ?
-2010 онд болсон хурлын үр дүн сайн гэж дүгнэж байгаа. Ер нь анхны хурлаас тухайн чиглэлээр ажилладаг хүмүүсийн сүлжээг байгуулах зорилготой байсан. Энэ нь биелэлээ ч олсон. Энэ удаагийн хуралд оролцож буй оролцогч, тавигдаж байгаа илтгэлүүдээс харж болно. Мөн олон орны судлаач, эдийн засагчидтай хамтарч судалгаа, шинжилгээ хийх боломжийг олгосон.
-Эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын ур чадвар дээшилснээр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Зөвхөн залуу эдийн засагчдын дунд хийж байгаа ажил биш. Ерөнхийдөө эдийн засагчдыг хамтран ажиллах боломжийг нээж өгч, дэмжиж байгаа хэлбэр. Зөвхөн Монголд байгаа эдийн засагчид төдийгүй, гадаадад ажиллаж буй монгол эдийн засагчид болон гадаадынхантай хамтарч ажиллах боломж бүрдэж байна. Ингэснээр чанартай сайн судалгаа гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонин, сэтгүүлд хэвлүүлэх нь судалгааны үр дүн, ач холбогдолтой. Бие биеэсээ харилцан суралцаж байгаа нь манай улсад хийгдэж байгаа судалгааны чанарыг дээшлүүлэх юм.
-Манай эдийн засагчдын судалгаа хэр үр дүнтэй байдаг вэ. Тэдгээрийн дүн зөрүүтэй гарч байгаа нь юутай холбоотой вэ?
-Өнөөгийн байгаа төвшин хангалттай гэж хэлэхгүй. Гэхдээ бид ажиллаж, суралцаж байгаа. Зөрчилдөж байгаа асуудал бий. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй эдийн засгийн байгууллагууд их сургуулиараа дамжуулж эдийн засгийн бодлогын чиг хандлагаа ярилцдаг.
-Энэ форумд оролцогчдод ямар шалгуур тавьсан бэ?
-Манай улсад судлаач эдийн засагч гэдэг ойлголт саяхан эхэлж байгаа боловч бусад орнуудтай харьцуулахад эдийн засагчдын тоо болон чансаа өндөр байдаг. Ер нь эдийн засгийн судалгааны ажилд олон жилийн хугацаа шаарддаг.