Д.ОЮУНЧИМЭГ

 

Найман хувийн хүүтэй орон сууцны зээл тойрсон асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Л.Оюун, Эдийн засагч М.Пүрэвцогт, Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэргэжилтэн Э.Тунгалаг нарын байр суурийг сонирхлоо.

 

Н.Золжаргал:

ЭНЭ ЗЭЭЛ ИРГЭДИЙГ ХУРИМТЛАЛТАЙ БОЛГОНО

 

-Тодорхой хугацааны дараа найман хувийн орон сууцны зээл нэлээд хурдтай явах юм. Ирэх жилийн энэ үед энэхүү зээлд хамрагдсан хүмүүсийн тоо нэмэгдсэн байх болно. Урьдчилгаа нь эрсдэл даах чадварыг тодорхойлно. Бид урт хугацааны өсөлтийг хангахын тулд энэ хөтөлбөрийг хийсэн. Найман хувийн зээл зах зээлд гарснаар иргэд гар дээрх бэлэн мөнгийг шууд лангуу руу гаргахгүй хуримтлалдаа хийх боломж бүрдэж байгаа юм.

 

Л.Оюун:

НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛ ХҮҮГ БУУРУУЛНА

 

-Найман хувийн зээлийн зориулалт гэр хорооллыг орон сууцжуулна гэвэл нэг их үр дүнд хүрэхгүй. Гэхдээ орон сууцаар хангах тал дээр бага зэрэг өөрчлөлт гарна. Мөн орон сууцны зээлийн хүү тодорхой хэмжээгээр бууруулна. Засгийн газрын энэ хөтөлбөр шинэ байрны үнийг тогтворжуулна. Эрсдэлээс хамгаална, иргэдийн мөнгө олдог эсэхийг нь тодорхойлно, эргэн төлөлт хийх бо­ломжтой эсэхийг баталж байгаа учраас урьдчилгаа зайлшгүй байх ёстой.


Ө.Ганзориг:

НЭГ ӨРХ, НЭГ БАЙР ГЭДЭГ ЗАРЧИМ БАРИМТЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Урьдчилгаа төлбөр 30 хувь гэдэг өндөр босго боловч багасгавал эрс­дэл бий. Хүмүүс амьд­рах гэж биш ашиг олох гэж худалдаж авна. Энэ нь орон сууцны үнийг хөөсрүүлдэг. Энэ удаагийн зээлд нэг өрхөд нэг байр гэдэг зарчим баримтлах хэрэгтэй. Энэ зээл нь орон сууцны үнийг өсгөхгүй байх зарчмыг хатуу баримтлах ёстой. Найман хувийн зээлийн хөтөлбөр нь урт хугацаандаа бо­лон санхүүгийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой.

 

М.Пүрэвцогт:

ГАЗРАА БАРЬЦААЛЖ УРЬДЧИЛГААГАА БОСГОХ БОЛОМЖТОЙ

 

-Тухайн зээлдэгчийн хариуцлагыг өндөр байлгахын тулд урьдчилгаа төлүүлэх нь зүйтэй. Гэхдээ олон нийтийг хамруулъя гэвэл энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй. Байрны үнийг өсгөхгүйн тулд Засгийн газар арга хэмжээ авсан байгаа. Найман хувийн зээл зорилтот бүлэгтээ хүрнэ. Гэр хорооллын айл өрхийн газрыг өмчлүүлж, төрөөс дэд бүтцийг нь шийдвэрлээд өгч байна. Энэ нь тэдний хөрөнгө учраас урьдчилгаа төлбөр болох боломжтой.

 

Э.Тунгалаг:

ЦААШДАА ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРНА

 

-Хүү бага байгаа учраас найман хувьтай зээлийн эрсдэл өндөр. 30 хувийн урьдчилгаа одоогийн дундаж давхаргынханд өндөр босго. Гэхдээ хэтэрхий доод төвшин рүү оруулвал Америкт болсон хямрал болчихно. Харин орон сууцны үнэд төдийлөн нөлөөлөхгүй. Хүлээлт үүсч болно. Одоогоор орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр өсөх хандлага байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд цаашдаа орон сууцны үнэ буурна гэж бодож байна.