Э.ӨНӨР

“Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн баасан гаригт эхлэх байсан ч хоёр дахь удаагаа хойшилсон. Тус компаниас энэхүү байдлаа Монголын Засгийн газрын хүсэлтээр буюу Н.Алтанхуяг сайд “Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл хүлээзнээч” гэж гуйсан гэж тайлбарлаж байна. Гэтэл Уул уурхайн яам энэ тайлбарыг үгүйсгэж “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас шалтгаалсан. Ингэснээр “Оюутолгой” дахь анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, төслийн хоёр дахь үе шатны санхүүжилт, төрд төлөх роялтийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн асуудлууд хүлээгдсээр байгаа” гэжээ. Мөн Уул уурхайн яамнаас өгч байгаа мэдээллээр “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм байна. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар. Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд компанийн ТУЗ нь батлах ёстой талаар Компанийн тухай хуулийн 88.1-д заасан байдаг юм байна. Гэтэл Борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа. Энэ нь Монголын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал аж.

Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руугаа шилжүүлэх тухай Уул уурхайн яамны мэдээлэлд дурдсан байна. Тиймээс бүтээгдэхүүний борлуулалтын гэрээ­гээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг Монголын тал баримталжээ. Тээвэрлэлт хийхээр төлөвлөсөн тов хоёр дахь удаагаа ийнхүү хойшилж байгаа нь Засгийн газартай холбоогүй гэдгийг Уул уурхайн яамнаас мэдэгдлээ. Мөн энэ сарын 14-нд товлосон хугацааг “Рио Тинто” компанийн санаачилгаар хойшлуулсан гэнэ. “Өнгөрсөн баасан гаригт болох зэсийн баяжмалын экспортыг хойшлуулах саналыг Засгийн газраас албан ёсоор тавиагүй. Дээрх асуудлаас үүдэн, хууль зөрчихгүйн тулд экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл очих боломжгүй гэдгээ илэрхийлснийг “Оюу­тол­гой” компани Зас­гийн газрын хүсэлтээр хойшлууллаа хэмээн мэдээлж байна” гэж сал­барын яамны мэргэжилтнүүд хэлж байна.

“Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд борлуулалтын гэрээний төслөө хуульд заасны дагуу ТУЗ-өөр хэлэлцүүлэхийг бараг жилийн өмнөөс шаардсан ч одоо хүртэл хэрэгжээгүй байгаа аж. Энэ байдлаар “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлага Монгол Улсын хууль, тогтоомж байгуулсан гэрээнийхээ зарим заалтыг зөрчсөн төдийгүй ил, тод хариуцлагатай уул уурхайн зарчимд харшилсан байдал үргэлжилсээр байгааг Уул уурхайн яамнаас онцолсон.

“Оюутолгой” энэ оноос 300 мянган тонн зэсийн баямжал экспортлох төлөвлөгөөтэй. Алсдаа жилд нэг сая тонн зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй. Энэ ажлын эхлэлд   Монголын Засгийн газар хүсэлт тавив уу, “Оюутолгой” худал ярив уу гэдэг нь эргэлзээтэй үлдлээ.