Ж.ЦОГЗОЛМАА
Стратегийн ордын жагсаалтыг долоогоор нэмэх тухай УИХ-аар яригдаж байгаа. Монголоос дэлхийн ашигт малтмалын түүхэнд үүрэг гүйцэтгэхээр шинээр “томилогдох” энэхүү ордуудын талаар бид цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Дорновь аймаг дахь Лугийн голын ордыг онцолж байна.
НУУЦАА ДЭЛГЭЭГҮЙ ЛУГИЙН ГОЛ
Хүн төрөлхтөн өнөө хэр нь газрын ховор шорооны эдгээр элемент гэж юу болох, бидний соёл иргэншлийн аль “хязгаар”-т хүрэхийг бүрэн нээж илрүүлээгүй байна. Дэлхий дахин харин энэ түүхий эдийн төлөө ширүүн тэмцэл өрнүүлээд байна. Энэхүү тулаанд томоохон байр эзэлж буй хэсэг нь мэдээж, Монгол бөгөөд түүн дотроо Дорноговь дахь Лугийн голын орд юм. Тэнд байгаа ховор элемент сансрын хөлгийн гадаргуугаас эхлүүлээд электрон-техникийн үйлдвэрлэл, плазмын металлургийн технологи гүнзгий нэвтэрч, шинэ өвөрмөц шинж чанарыг агуулсан металлын хайлш, түрхэц бэлдмэл, нийлэг бүтээгдэхүүн бий болгох боломж гээд үл гүйцэгдэх санаа бүхнийг хэрэгжүүлэх “шид”-тэй. Тийм болохоор манай зуунд мэдээллийн технологи хүчээ авахын хэрээр ховор элементийн эрэл ч улам ширүүсэх төлөвтэй байна.
Энэ бол нэр шигээ ховордсон ашигт малтмал уг нь биш. Анх нээж илрүүлсэн хүмүүс нь үүнийг цөөн тоогоор олж байсан болохоор ийн нэрийдсэн хэрэг. Угтаа бол тархац нь бидний мэдэх алт, зэс, нүүрсээс ч баялаг.
Манай улсад ховор шорооны элементийн орд бүхий таван муж бий. Ховор элемент гэдэгт Д.Менделеевийн “ангийн нөхөд”-өөс лантанийн бүлгийн 20 гаруй, церийн бүлгийн 10-аад нь хамаардаг. Стронци, европи хэмээх элементийн хайлш, түрхэцийг ашиглан өнгөт телевизорын дэлгэцээс ялгарах рентген соронзон хэлбэлзлийн туяанаас хүний нүд болон эд эсийн хордлогоос хамгаалж байна. Ниоби ба церийн хайлшаар галд тэсвэртэй ган үйлдвэрлэн сансрын хөлгийн гадаргуу бүрхэвчийг үйлдвэрлэж байна. Ниоби элемент зөвхөн 30 гр-ыг нэг тонн ганд нэмэлт болгон хийхэд мөсөн далайн гүнд шумбах атомын хөдөлгүүрт хөлгийн гадаргуу бүрхэвчийг хийхэд тэнд мөсдөлт үүсдэггүй орчин болох жишээтэй. Ийм л гайхамшигтай ховор чанарыг агуулсан элемент манай Дорноговь аймагт бий.
ЛИЦЕНЗ ХААЧИВ?
Оюутолгой, Тавантолгойгоор баахан улстөржиж байгаа монголчуудын хувьд Лугийн гол шинэ сэдэв биш. Аль эртнээс л энэ ордод гадаадынхан сонирхлоо гэрчилсээр, сүүлийн гийчин нь солонгосууд болж таарсан юм. Солонгосын компанийн мэдэлд очсон тусгай зөвшөөрлийн араас хөөцөлдөх хүн байхгүй байсаар өнөөдрийг хүргэж байна. Ямартаа ч энэ ордыг стратегийн хэмээх жагсаалтад багтааснаар хэний гарт ямар лиценз байгаа, хэн түүнийг нь шилжүүлснээс авахуулаад Лугийн голын ордод хүрз, өрөм хүрсэн эсэхийг олон нийтэд мэдээлэх ач холбогдол бий.
“РАЙЛ КОРЕА” ХААНА БАЙНА?
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Лугийн голын ордыг стратегийн ордод баталгаажуулсан байна. “Энэ тогтоол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Лугийн орд нь стратегийн орд газар гэдгийг баталгаажуулсан байх юм. Гэвч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Л.Болд, Ж.Билэгсайхан нарын “буян”-аар энэ орд газар солонгосчуудын өмч болон хувирчээ. Ж.Билэгсайхан 2008 оны арваннэгд үгээр сарын 19-ны өдөр тушаал гаргаж Лугийн толгойг Солонгосын “Реалкокореа” ХХК-д “бэлэглэсэн” тухай манай сонин өмнө нийтэлж байсан билээ. “Дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийнхээ экспортыг Хятадад улс хязгаарласан. Учир нь тэд энэ ашигт малтмалын 80 хувийг дангаараа гаргадаг. Тиймээс л үнэ нь ингэж өсөөд байгаа юм” хэмээн Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц хэллээ.
Түүний ярьснаар газрын ховор элементийн худалдаа нь Нью-Йорк, эсвэл Лондоны хөрөнгийн биржид арилжаалагддаг хувьцаа, зэсийн адил хүний нүдэнд харагдаж, гарт баригдан наймаалцдаг эд биш. “Лугийн голыг солонгосууд аваад явчихна гэж битгий ай. Солонгосууд хамгийн гол нь хамтарсан үйлдвэр барих, баяжмал гаргаад, түүнийгээ нутагтаа аваачиж, эцсийн бүтээгдэхүүн болгох гэж байгаа. Түүнээс биш монголчуудад хайртай, монголчуудын төлөө хийгээд байгаа зүйл нэгээхэн ч алга” гэж Ч.Хурц хэлсэн юм.
Нүүрсийг бол ачаад, зэсийг тээвэрлээд, алтыг аль ч ашигт малтмал дор дэвсээд эх нутгийн минь хил давуулаад гаргах чадал гадаад, дотоодын наймаачдад ялгаагүй бий. Үүнээс ялгаатай нь, газрын ховор шорооны элементийг худалдах, гаргах арга нь бидний нүднээс далд явагдаж байна. Харахад Лугийн гол байж л байна. Харин хэдэн жилийн дараа хэзээний өнөөх электрон техникийн үйлдвэрлэлээрээ хангуг найзууд маань дэлхийг бишрүүлчихээд, “Made in Korea” гэсэн бичгийг Лугийн голоос бүтээх юм биш байгаа. Яг одоо юу хийх вэ. Хүлээх эрх бидэнд бий гэж үү.