Н.МӨНХЖИН

Цахилгаан мэдээ, дараа нь телефон утасны харилцаа холбоо сайжрахын хэрээр нэр хүндтэй шууданчийн үүрэг гүйцэтгэж байсан тагтаанууд хотын гудам­жинд гарч талхны үйр­мэгээр хооллох болсон юм. Гэвч энэ жигүүртэн дахин хүндтэй байр суурьт залрах бололтой.

Айова болон Калифорнийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид тагтаа шувуу бичил дурангийн зургийг хараад л хөхний хавдрыг илрүүлэх чадвартай болохыг олж мэдээд байна. Үүний тулд тагтааг өвчин судлал, радио рентген зургийн чиглэлээр сургаж, мэргэшүүлбэл хавдар илрүүлэлтэд ашиглаж болох аж. Судалгаа, шинжилгээнд оролцсон эрдэмтэд ажлынхаа үр дүнг “PLOS ONE” сэтгүүлд нийтэлсэн байна. Эрт дээр цагаас хүнтэй нөхөрлөж ирсэн тагтааны нүд, хараа гэмтсэн эд эсийг илрүүлэх чадвараараа хүнээс дутахгүй, бүр илүү ч байж мэднэ хэмээн эрдэмтэд баталж байна. “Тагтаа гэмтэлтэй, муудсан эд эсийг илрүүлэхдээ гарамгай. Зөвхөн радио рентген зургийг харуулахад л хангалттай. Тагтааны ялгах, илрүүлэх чадвар нь байгалиас заяагдсанхэмээн Айовагийн их сургуулийн эрдэмтэн Эдвард Вассерман өгүүлж байна. Эрүүл, эрүүл бус эд эсийг ялгаж, хөхний хорт хавдрыг илрүүлж чаддаг тагтааны чадварын ачаар өөр өвчнийг ч илрүүлэх боломжтой хэмээн үзэх болов. Зураг, рентгений аргаар илрүүлдэг бусад өвчнийг ч тагтаа илрүүлэх боломжтой байж магадгүй байна. Үүний тулд тагтаа микроскоп буюу бичил дурангаар авсан хөхний хорт хавдрын эрүүл болон эрүүл бус эд эсийг ялгаж сурах сургалт явуулах шаардлагатай. Зургийг, эд эсийг ялгаж чадвал тагтааг хоолоор шагнах зэргээр урамшуулдаг аж. “Тагтаа хөхний хавдрын эд эсийг ялгаж сурахад тийм их хугацаа орохгүй. Угаасаа байгалиас заяасан чадвараараа сурчихдаг. Харин эмч хүн ийм чадвар эзэмшихийн тулд их хугацаа, сургалт, бэлтгэл шаардлагатай болдогхэмээн Вассерман онцоллоо.

Эдгээр супер тагтаануудын нэг харсан зурган дээрээ ажиллах, ончтой байх чадвар нь 84 хувьтай байдаг аж. Анх удаа харж байгаа зураг, рентген дээр 72 хувийн амжилт үзүүлдэг байна.

Тагтааны тархи нь чигчий хурууны хумсны чинээтэй байдаг ч харах, илрүүлэх тал дээр хүний тархи шиг хүчин чадалтай байдаг ажээ. Эдвард Вассерманы үзэж буйгаар, тагтаа зэрэг шувууд нь тархиныхаа өвөрмөц зохион байгуулалт, ажиллагааны ачаар зураг, эд зүйлсийг ялгаж, ангилахдаа гарамгай байдаг. “Сүүлийн 50 жилд хийсэн судалгаагаар, тагтаа нь хүний нүүрний хувирал, цагаан толгойн үсэг, эм бэлдмэлийн өнгө, хэмжээ, бүр Монет, Пикассогийн уран зургийг ч ялгах чадвартай нь батлагдсан” хэмээн эрдэмтэд хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин