Ж.ЦОГЗОЛМАА
Ажилтай, орлоготой бол зүгээр сууж цаг алдалгүйгээр насан туршийн амьдралын хөрөнгө оруулалтаа хийх боломжийг найман хувийн хүүтэй орон сууц залууст олгож байна. Цалин бага гэж сэтгэл гонсойлгүй ганц төгрөг ч болов илүү олохын төлөө өөрийгөө дайчлах, олдсон бага ч болов хугацааг үр бүтээлтэй байлгахад залуу хүн бүрт энэ зээлийн систем дэвшил болж байгаа юм. Үүнээс өмнө бидний дийлэнх нь халамжаар ходоодоо болгоод, тэнгэрээс гэнэт их мөнгө унаад ирэх юм шиг санадаг байлаа. Харин энэ удаад орон сууцны найман хувийн хүүтэй зээл хэрэгжсэнээр хүн бүр тэгш эрхтэйгээр энэ зээлийг авах, барьцаа хөрөнгө нь тухайн орон сууц нь болох учраас зөвхөн урьдчилгаагаа төлөвлөхөд л хангалттай. Ингэхээр залуу үеийнхнийг илүү хөдөлмөрч болгож, бусдыг нь санхүүгийн сахилга батад сургахад энэ зээлийн ач холбогдол оршиж байна.
УРЬДЧИЛГААНЫ УТГА УЧИР
Энэ зээлийн талаар иргэдийн дунд байгаа асуултын нэг нь мэдээж урьдчилгаа. Яагаад заавал урьдчилгаатай байгаа тухай, эсвэл бүр огт урьдчилгаа хөрөнгө авахгүй байж болоогүй юм уу гэсэн асуултууд байна. Үнэн хэрэгтээ урьдчилгаа байгаа учраас л энэ зээлийн “эрүүл мэнд” сайн байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Америкийн моргэйжийн тогтолцооны сүүлийн хямрал урьдчилгаа буурсан, тэр хэрээр эргэн төлөлт багассантай холбоотой. Ямар ч урьдчилгаа нэхэлгүй хүссэн хүн бүрт байрны түлхүүр атгуулсан. Гэвч орон сууцны худалдаа саараад эхлэхэд өнөөх байруудад амьдрах хүн үлдээгүй, үнэгүй олдсон юм гээд цөм хаалгаа саваад зугтацгаасан. Ингээд л хэдэн зуун их наяд ам.доллараар хэмжигдэж байсан орон сууцны зээлтэй банкууд үүдээ барих болсон нь ийм амархан гаргалгаатай. Бодоод үз л дээ, улсдаа дээрээсээ дөрөвдүгээрт бичигддэг “Lehman brothers” банк энэ л шалтгааны улмаас долоохон хоногт хаалгаа барьж, түүнийг дагаад 140 банк өрсөн даалуу нурахтай адил хэдхэн өдөрт хоосорсон байдаг. Ийм гашуун туршлага дэлхий дахинд байдаг болохоор одоо цагт орон сууцны зээлийн системийг хэрэгжүүлж буй Монгол даяарчлагдсан алдагдлыг тойрч гарах эхний алхам бол энэхүү урьдчилгаа. Урьдчилгаагаа төлчихсөн хүмүүст өнөөх орон сууц нь үнэ цэнэтэй болохоор хаалгаа саваад гарах санхүүгийн хариуцлагагүй байдал гарах эрсдэлгүй юм.
Харин урьдчилгаа төлөх чадваргүй хүмүүс яах вэ гэсэн асуулт гарч байна. Тэгвэл тэдэнд эдийн засагчид хуримтлалтай бол, санхүүгийн хариуцлагатай амьдар гэдгийг сануулж байна. Өнөөдөр дэлгүүрт ороод нүдэнд өртсөн барааг авъя гэж зангахаасаа өмнө хэтэвчин дэх хэдээ хэрхэн үр ашигтай хөрөнгө оруулалт, хуримтлал болгох тухай цэгнэхийг зөвлөж байна. Хуримтлал үүсгэнэ гэхээр өнөөдөр гараад банкинд хэдэн зуун мянган төгрөг “түгжих”-ийн нэр биш. Харин сар сараар бага багаар алгуурхнаар мөнгөө хадгалж, хэсэг хугацааны дараа үр дүнтэй мөнгөн хуримтлалын эзэн болохын нэр юм.
АЛТ ШИГ ЦАГИЙГ ХЭМНЭХ ЦАХИМ ЛАВЛАГАА
Иргэдийн дунд олон асуулт байна. Арван жилийн дараа тэтгэвэрт гарах хүн зээл авч болох уу, арван жил төлөөд явж байтал тэжээгчээ алдчихвал хүүхдүүдийг нь яах вэ, лавлагаа хөөцөлдөхөд хэтэрхий их цаг орж байгаа нь миний зээл авахад хэрхэн нөлөөлөх вэ, Лавлагааг илүү хөнгөвчилж болохгүй гэж үү гэх зэргээр олон асуулт бий. Мөнгийг нь шийдсэн Монголбанк, ажлаа хийж байгаа Засгийн газар мэдээ илгээхээс гадна иргэний санал бодол, түгээмэл асуулт, тэдгээрийн хариултыг хүн нь хүндээ хэлж ярьж өгөх, болж буйг нь дэмжих, болохгүйг нь шүүмжлэн засах нь, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм харилцан ойлголцож, хамтран ажиллах нь тулгын гурван чулуу шиг хэрэгцээтэй. Зээлээ хөөцөлдөөд завгүй яваа иргэдийн өмнөөс гүйхээр “Миний хаяг Монгол” иргэний санаачилгын залуус завгүй ажиллаж байна. Тэд өнгөрсөн долоо хоногоос эхлээд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олголт, лавлагаа гээд хоолойд тулсан олон ажлаа амжуулахаар завгүй ажилласан юм.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд ШШГЕГ-аас лавлагаа авах гэсэн иргэдийн цуваа тасарсангүй. Найман хувийн хүүд шилжихээр, бас шинээр авахаар зорьсон олны хөлд дарагдсан болохоор ажилтнуудаа нэмэхээс өөр аргагүй байсан юм. Өр төлбөргүй гэсэн хоёрхон үгийг баталгаажуулахын тулд хорин нэгдүгээр зууны силикон эринд монголчууд халуун наранд халж, хүйтэн бороонд дагжин ганц хуудас цаасны төлөө ийн дугаарлаж байлаа. Энэ бүхнийг “Миний хаяг Монгол” иргэний санаачилгын залуус газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн. Өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар тус газрын албаны хүний мэдээлснээр банкууд өөрсдөө цахимаар тухайн хүний лавлагааг авах боломжтой тул арилжааны банкуудад энэ саналыг тавиад байгаа ч хариу нь хараахан ирээгүй байв. Өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд ШШГЕГ-аас нийт 4700 иргэнд өр төлбөргүй гэсэн лавлагаа олгожээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол өнөөдрийн байдлаар 12 мэргэжилтэн иргэдэд үйлчилж байгаа юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон иргэдийн санал санаачилгын үр дүнд өнөөдрөөс эхлэн энэхүү лавлагааг арилжааны банкууд цахимаар авахаар болоод байна. Өөрөөр хэлбэл, лавлагаа авах иргэд зээл авч буй банкиндаа хандан мэдээллийн санд бүртгүүлнэ, бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг банкны ажилтан ШШГЕГ –т цахим хэлбэрээр шилжүүлж, хариуг мөн цахимаар авч байх юм. Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн аймаг, сумынхаа банкинд хандан лавлагаагаа цахим хэлбэрээр авах боломжтой боллоо.
Цалинтай нь байртай болох найман хувийн зээл олгож эхэлсэн гарааны долоо хоногт амьдрал буцалж, арилжааны банкууд амралтгүй ажиллаж, хүмүүс хөл хөдөлгөөн болж байна. Зургаан хувийн зээл, 100 мянган орон сууц гэсэн үлгэр домог байсан зүйл өнөөдөр биеллээ олж эхэллээ. Таван мянга орчим иргэн 16 орчим хувийн хүүтэй зээлээ найм руу буулган шилжүүлж, 22 айл шинээр авлаа. Өргүй гэсэн лавлагаагаа гаргуулсан, материалаа бүрдүүлээд завгүй яваа таваас доошгүй мянган иргэн зээлээ авахад бэлэн болж байна. Энэ долоо хоногт илүү олон айл зээлээ авч, шинэ байрны урилга тараах гэх мэт хөл хөдөлгөөн улам нэмэгдэнэ.