Ж.ЦОГЗОЛМАА
“Чингис” бондын 1.5 тэрбумаар хаа сайгүй зам тавьж, дэлхийд анх удаа мөнгө олдоггүй төслүүдээр өрийн бичгийн орлогыг бид зарцуулна. Энэ зуур дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, амьдралаас хол хөндий төсөв, санхүүгийн бодлого бүхэн нуран уналтаар дуусдгийг Испани, Грек, Италийн тансаглал, элдэв халамж баталсан. Манай улсын энэ оны төсөв тэдний алдааг давтахад ойртсоныг судалгааны байгууллагууд бас сануулж байна. Татвар төлөгчдийн мөнгөний авдар болсон төсвийн “но”-г нарийн ширийнтэй нь дурдахын эхэнд өмнөх жилийн тайлан тооцоог сөхөх учиртай.
ӨНГӨРСӨН ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Жил бүрийн тавдугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллага эдгээр дүн тооцоог хянаж шалгаад дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр хуульчилсан байдаг. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр манай улсын орлого дөрвөн их наяд 881.1 тэрбум төгрөгт хүрсэн ч 755.7 тэрбум төгрөг буюу 13.4 хувиар тасарчээ. Харин зарлага нь олсноосоо хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж, төлөвлөгөөгөө 92.6 хувиар гүйцэтгэсэн байна.
ХЯМРАЛЫН “ВАКЦИН” ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН ЮУ БОЛОВ?
Эдийн засгийн хямралын үед улс орон бүр мөнгө үүцлэн хадгалдаг. Тэдгээрийн Монгол дахь хувилбар нь тогтворжилтын сан. Өнгөрсөн онд энэ санд 322.4 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн. Гэвч зэсийн үнийн өсөлтөөс шалтгаалан дөнгөж 101.3 тэрбум төгрөгийг байршуулахаар төсөвлөсөн юм.
Ингээд 2012 оны аравдугаар сарын байдлаар энэ хөрөнгө 266.5 тэрбум төгрөг байжээ. Тус санд 2011 онд 241 тэрбум төгрөгийн хуримтлал байв. Металлын үнэд “тохсон” эдийн засгийн өсөлтийн бодлого амь бөхтэй байгаа болохоор тогтворжуулалтын сангийн хөрөнгө ч ийнхүү хангалттай нэмэгдсэнгүй.
Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 80 мянган төгрөгөөр, мөн оныхоо аравдугаар сарын 1-ээс 23 хувиар нэмсэн. Энэхүү өсөлт нь мэдээж, төрийн албаныхны хөдөлмөрийн бүтээмжид суурилалгүй харин улс төрийн амлалтаар шийдэгдсэн юм. Хөдөлмөрийн бүтээмжээр нь үнэлвэл манай төрийн албаныхан хувийн хэвшлийнхний сүүл мушгихаар яст мэлхийн хурдтай хэмээн эдийн засагчид шүүмжилж байна.
ЭХ ОРНЫ ХИШИГ БА ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААНЫ ДАМПУУРАЛ
2012 онд гарсан эдийн засгийн бус харин улс төрийн шийдвэрийн бас нэг нь иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээхээр 21 мянган төгрөг, 170 мянган оюутан тус бүрийн 500 мянган төгрөг олгохоор болсон явдал. Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон 330 мянган төгрөгийг гурав хуваан тарааж, 21 мянган төгрөгийн сүүлийн хагасыг олгож дийлэхээргүй болсон. Тавантолгойн урьдчилгаанд авсан 280 сая ам.доллараар эдгээр халамжаа тараагаад эцэст нь Монголын Засгийн газар Хятадад нүүрсээ таван сар үнэгүй экспортлохдоо тулаад байгаа.
Үүнээс гадна 2012 оны хоёрдугаар сарын 1-ний дотор “Эрдэнэс-Тавантолгой”-н 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нэг сая төгрөгийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, энэ хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангахаар 334.2 тэрбум төгрөг тусгажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хувьцаа биетээр иргэдийн гарт хүрээгүй байна. “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн” хэмээн Санхүүгийн зохицуулах хороо ч тэр, Засгийн газар ч тэр мэдэгдэж байгаа.
2012 ОНЫ ӨСӨЛТ
Олон улсын валютын сангаас манай улсын эдийн засгийн өсөлтөд хийсэн дүгнэлтэд дурдсанаар 2011 онд амьдралын чанар дээшилж, ядуурал буурчээ. Гэвч 2012 онд ч нүүрсний экспорт сул дорой хэвээр байсан юм. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн бол 2012 онд өсөлт удааширч 10 хувьд хүрсэн билээ. 2012 онд инфляц 15 хувьтай хэвээр байлаа. 2011 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 3.5 хувьтай тэнцэж байв. Учир нь зардал нь хэдийнэ 61 хувиар өсчихсөн байлаа. Зөвхөн 2012 оны эхний хагас хүртэлх хугацааг авч үзэхэд Засгийн газрын зардал өссөн хэвээр байсан юм. Зургадугаар сарын сүүлээр болсон УИХ-ын сонгуулийн үеэр энэ зардал бүр 57 хувиар өссөн бөгөөд дийлэнх нь тэтгэвэр тэтгэмж, халамж болон урссан юм. Гэвч 2012 онд судлаачид эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд байна хэмээн тааварласан билээ. Өнгөрсөн жил нүүрсний олборлолт өссөнөөр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьтай тэнцэж өссөн юм. Харин уул уурхайн бус салбарын өсөлт 12.8 хувьтай байна хэмээн шинжээчид таамагласан билээ.