Ц.БАЯР
Эрт урьдын цагт Баруун жас, Суварган жас, Маанийн жас гэсэн гурван том жастай чинээлэг хүрээ байжээ. Нэгэн өглөө хүрээнийхэн төдийгүй хошуу нутаг даяараа давхарлаж барьсан сүм шиг уулс баруунаас зүүн өмнө зүгийг чиглэн алгуурхан нүүдэллэж явааг хараад гайхацгааж гэнэ. Хүрээний лам хувраг, нутгийн зон олон нүүдэллэн яваа тэр үзэсгэлэнт уулыг төрөлх нутагтаа тогтоохоор Гурван тавцан уулаар ширдэг дэвсэж, Алтан мандал уулаар ширээ засч, идээ будааныхаа дээжээр ихэд хүндэтгэн дайлж тогтоон авчээ. Гэтэл уулын хагас нь уурлан цааш нүүж эхэлхэд хүрээний лам хуврагууд уул усны сан судар уншиж, жасыхан тахилгын өргөл өргөж тогтоосон гэнэ. Давхарлаж үерлэн тогтсон тэр уулыг нутгийхан Их-Уул хэмээн нэрлэх болж. Уурлаж нүүсэн хэсэг нь уван цуван тогтож элдэв сонин эрчлээ судалт уул толгод болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд үүссэн ажээ. Домог, түүхэнд мөнхөрсөн Их уул нь одоог хүртэл байгалийн сайхан төрхөө хадгаласаар байна.
Эх сурвалж:www.zms.mn