Д.ОЮУНЧИМЭГ

 

Энэ жил 324.7 мянган га-д үр тариа тарихаар төлөвлөсөн. Үүнээс 313.7 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тарих зорилт тавиад ажиллаж байгаа. Одоогоор нийт 393.5 мянган га газарт тариалалт хийж, 487 мянган тонн үр тариа хураан авч 330 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсэн тухай хэллээ. Урьдчилсан байдлаар 290 мянган га-д үр тариа, 13 мянган га-д төмс, 6.1 мянган га-д хүнсний ногоо тариалж, нийт 370 мянган га-д тариа тарьжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр тариаланчдад хөнгөлөлт үзүүлдэг. Энэ жилийн хувьд шаардагдах үр болон ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай өгчээ.

Ус цаг уурын хүрээлэнгээс энэ жил олон жилийн дунджийг бодвол тавдугаар сард хур тунадас их, зургаа, долдугаар сард олон жилийн дунджаас илүү дулаарна гэж мэдээлсэн. Харин тариалалтын бүс нутгуудад хөрсний угтвар чийгийн хэмжээ уринш болон гуурстай талбайд хангалттай сайн байгаа аж. Энэ оны тариалалтад 6.3 мянган тонн, уринш боловсруулалтад 7.9 мянган тонн, ургац хураалтад зургаан мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоо гарсан байна. Үүний 50 хувийн урьдчилгааг авч, үлдсэн төлбөрийг намар ургац хураалтаас нөхөж авах байдлаар бензин шатахууны хүрэлцээ хангамжийг шийджээ.